2013.10.08

С.Бямбацогт: Эхлээд төсвөө тодотгоё

МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2014 оны төсвийг голчлон хэлэлцжээ. 2013 оны төсвийг МАН-ын бүлэг байгуулагдаагүй, гишүүд Байнгын хороодод хуваарилагдаагүй байх үед олонх дангаараа хэлэлцэж баталсан.

Тийм учраас ирэх жилийн төсвийг бодитой тооцоо судалгаан дээр үндэслэж хэлэлцэх ёстой гэдгийг бүлгийн дэд дарга С.Бямбацогт онцлов. Түүнчлэн цөөнхийн бүлгийн гишүүд эхлээд төсвийн тодотголоо хийе. Дараа нь, ирэх оны төсвөө хэлэлцээд явъя гэсэн байр суурьтай байгааг дуулгасан юм.

Мөн инфляци, үнийн өсөлттэй холбоотойгоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт суулгах ёстой. Тухайлбал, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” гэж хуульчилсан.

Өнгөрсөн есдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэвч оюутны тэтгэлгийг 96 мянган төгрөгт хүргэх талаар төсөвт тусгасан зүйл алга. Иймд оюутны тэтгэлгийг хуульд заасны дагуу нэмэгдүүлж олгох ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд илэрхийлжээ.

Энэ оны төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албаны орон тоо нэмэгдсэн.

Мөн энэ оны төсвийн урсгал зардал 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн албаны орон тоо нэмэгдсэн. Жишээлбэл, бүх аймаг, дүүрэг хоёроос дөрөв, нийслэл дөрөв байснаа зургаан Засаг даргын орлогчтой ажиллаж байна.

Тиймээс төсвийн зардал, орон тооны нэмэгдлийг дагаж төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан эсэхийг шалгах ёстой гэж байв. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 20 мянган төгрөгийн хувь хишиг хүртээх хуулийн төслийг МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ үед ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор энэ төслийг хэлэлцэж батлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд мэдэгдэв.