Ж.Эрдэнэбат: Бид Засгийн газар огцрохыг шаардаагүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.09.23

Ж.Эрдэнэбат: Бид Засгийн газар огцрохыг шаардаагүй

УИХ-ын гишүүн, Ардын намын дэргэдэх “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбатыг “Ярилцах танхим” булан­гийнхаа энэ удаагийн зочноор урьж, цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

-Ардын намын удирд­лагууд сүүлийн үед нэлээд шүүмжлэлд өртөх болсон. Тухайлбал, “Үүрэгт ажлаа хийх­гүй, залуусынхаа үгийг сонсохгүй байна” гэх мэт. Энэ хугацаанд “Ши­нэ­­чилье” нэгдсэн хө­дөл­­гөө­нийхөн намынхаа удирд­лагуудтайгаа хэр холбоотой байсан бэ?

-“Шинэчилье” нэгдсэн хөдөл­гөөнийхөн намын дү­рэм, үзэл баримтлал, үйл ажиллагаанд хийх өөрчлөлтөд намын гишүү­дийн санал бод­лыг тусгахаар ажиллаж байна.

Бидний талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг байх. Тухайлбал, биднийг албан тушаал горьдож байна. Намынхаа удирдлагуудыг царайчилдаг зэргээр хэлж, бичих болж. Үнэнийг хэлэхэд ийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна.

Манай намын одоогийн болон үе үеийн удирдлагууд цаг тухай бүрт нь биднийг хүлээн авч уулзаж, намынхаа төлөө юу хийх вэ, яах вэ гэдэг асуудлаар санал бодлоо солилцож, ойлголцолд хүрсэн. Тийм ч учраас намын Бага хурлын үеэр манай хөдөлгөөний зүгээс тавьсан илтгэлийг хүлээн зөвшөөрч, намын Их хурлыг “Эв нэгдлийн их хурал” нэртэйгээр зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж бодож байгаа.

-“Шинэчилье” хорооныхон Зас­гийн газрыг огцруулах шаард­лага саяхан хүргүүлснийг “Ши­нэчилье” нэгдсэн хөдөл­гөөнийхөн хүргүүлсэн гэж ойлгох хүн цөөнгүй байна. Гэтэл үгүй гэх юм. Тэгэхээр “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн салбар хороотой болсон гэсэн үг үү?

-“Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг байгуулах үед “Шинэчилье” хорооныхон манай нэгдсэн хөдөлгөөний бүрэлдэхүүн нэг хэсэг болж үйл ажиллагаагаа явуулж байсан. “Шинэчилье” хорооныхон үйл ажиллагаагаа тусдаа явуулах саналыг бидэнд тавихад нь хүлээн зөвшөөрсөн.

Түүнээс хойш үйл ажиллагаагаа тусдаа явуулж байгаа. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагыг биднийг тавьсан гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт болно.

-Ямар учраас тусдаа үйл ажиллагаа явуулахаар болсон юм бэ. Та бүхний хооронд үл ойлголцол үүссэн юм уу?

Шинэчилэлийн өргөө

-Үл ойлголцол үүссэн асуудал байхгүй. Намаа шинэчлэхийн тулд олон талаас нь санал, дүгнэлт хийж, хэд, хэдэн талаас нь шүүмжлэх нь илүү үр дүнд хүрэх боломжтой юм болов уу гэж бодсон юм билээ. Бид тэрхүү саналыг нь ч зүйтэй гэж үзсэн.

Нөгөөтэйгүүр, “Шинэчилье” хорооныхон манай нэгдсэн хөдөлгөөнийг байгуулагдахаас өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг утгаараа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-“Шинэчилье” хороонд ямар хүмүүс багтаж байгаа юм бэ?

-“Шинэчилье” хорооны зохи­цуулагчаар Т.Аюурсайхан гэдэг залуу ажиллаж байгаа.

-“Шинэчилье” хорооныхныг Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлсний дараа УИХ дахь Ардын намын бүлгийн зүгээс эдийн засаг хүндэрч байгаа талаар мэдэгдэл гаргасан. Энэ бүхнээс харахад Ардын намынхан сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх бэлтгэлээ хангасан юм шиг. Та юу гэж бодож байна вэ?

-Манай намын бүлгийн зүгээс Засгийн газрын явуулж буй бодлого, үйл ажиллагаанд байнга үнэлэлт, дүгнэлт өгдөг. Асуудал байвал шүүмжилж, болж, бүтэж байгаа зүйлсийг нь сайшаадаг шүү дээ. Харамсалтай нь Ардчилсан намынхан сөрөг хүчний хэлж, ярьж байгаа зүйлсийг дандаа буруу, зөрүү ярьж байна гэдэг өнцгөөс харагдуулж, өөрсдөө ч гэсэн зөвхөн шүүмжилж байна гэдэг үүднээс хүлээж авч байсан.

Тэдний энэ алдаанаас болоод л эдийн засгийн байдал хүндэрсэн гэж харж байна. Гэтэл Ардчилсан намынхан жил гаруй хугацаанд Засгийн эрхийг барьчихаад өнөөдөр эдийн засаг хүндрээд эхлэхээр “Өмнөх Засгийн газрын буруутай үйл ажиллагааны үр дүнгээс болоод өнөөдөр ийм байдалд хүрчихлээ” гээд сууж байх юм. Ер нь би Засгийн газруудын үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг туршлагыг мэднэ л дээ.

Тухайлбал, Засгийн газар эрх аваад  үйл ажиллагаагаа явуулаад 100 хоногтоо багтаан тайлангаа гаргадаг. Гэтэл Ардчилсан намынхан Засгийн эрх аваад хэдэн зуу хоночихоод өмнөх Засгийн газар руугаа алдаагаа чихээд сууж байгаад үнэхээр харамсаж байна. Нөгөөтэйгүүр, их сонин зүйлс яриад байгаа нь инээдтэй санагдаад байгаа юм.

-Тухайлбал?

-Тавантолгойн    ордыг   ашиг­ла­хын тулд өмнөх Засгийн газар “Чалко” компанитай гэрээ байгуулахдаа 350 сая ам.долларын зээл авсан. Одоо тэр өрийг нь төлж чадахгүй байгаа учир өнөөдөр эдийн засаг хүндэрч байна гэж байх жишээтэй. Гэтэл тэр 350 сая ам.долларынх нь 180 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” төлчихсөн.

Одоо үлдэгдэл нь гэж 170 сая ам.доллар байгаа нь үнэн.  Гэхдээ энэ 170 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” компани ирээдүйн ашгаасаа өрөө төлөх юм. Өөрөөр хэлбэл, төлөх эзэнтэй өр гэсэн үг. Өмнөх Засгийн газрыг Ардын намын Засгийн газар гээд би ярьчихъя. Ер нь бол хамтарсан Засгийн газар байсан л даа.

Өөрсдөө хамтарч байсан атлаа Ардын намын Засгийн газар гээд ичих ч үгүй яриад байгаа учир би Ардын намын Засгийн газар гээд нэрлэчихье. Ардын намын Засгийн газар буух эзэнтэй буцах хаягтай өрийг тавьсан. Тэгвэл Ардчилсан намынхан өнөөдөр ямар ч буух эзэн буцах хаяг байхгүй 1.5 тэрбум ам.долларын өр тавьлаа. Бонд гэдэг бол өр шүү дээ.

Өр тавьж байгаа тохиолдолд заавал үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой. Гэтэл Ардчилсан намынхан ямар ч үр дүнгүй төсөл, хөтөлбөрт зарцуулчихаад хяналт тавья, шалгая гэхээр зөвшөөрдөггүй. Гудамжинд тарьсан цэцэгнүүдийг ч бондын мөнгөөр тарьсан гэдэг яриа хүртэл гарчихсан байна шүү дээ.

Өнөөдөр Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцэх хэмжээний өрөнд орчихсон байна гэдэг судалгааг манай намын бүлгийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ дурьдсан. Ийм хэмжээний өрөнд унадаг улс орон гэж байдаг ч юм уу.

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд ээлжит бус чуулганыг зарлан,  Засгийн газрын зүгээс таван ч хуулийн төсөл оруулж ирж байгаа тухай мэдээллийг Ардчилсан намынхны зүгээс хэлж байсан. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдтэй нарийвчлан танилцсан. Үүний дараа “Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн учир алтаа ухъя” гэдэг санааг Засгийн газар гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм болов уу гэдэг бодол төрсөн шүү.  

-Танай хөдөлгөөнийхний зү­гээс намын Их хурлын үеэр удирд­лагууддаа хариуцлага тоо­цох ёстой гэсэн байр суурийг ба­римталж байгаа. “Сөрөг хүчний дуу хоолой дутмаг байгаа” гэж шүүмжлэгдэж буй энэ үед танай намынхан хоорондоо зөрчилтэй байх нь зөв үү. Та юу гэж бодож байна вэ?

-Намын Их хурлаар гишүүд, дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсох нь чухал. Нөгөөтэйгүүр, албан тушаал бууруулах тухай, дарга, цэрэг солих тухай асуудал бол намын Их хурлын төлөөлөгчдийн шийдэх асуудал. Намын шинэчлэлтэй холбогдуулаад хариуцлага алдсан удирдлагууд огцрох ёстой гэсэн асуудлыг бид хөндсөн. Намын дүрэмд ч энэ тухай заалт байдаг юм.

Шинэчлэлийн гишүүд

Намын удирдлагууд солигдоно гэхээр л тухайн намыг хуваагдах гэж байна гэж ойлгож болохгүй байх. Хариуцлага алдсан хүн хариуцлагаа хүлээдэг зарчмыг энэ намд дарга, цэргээс нь эхлээд мөрддөг байх ёстой гэсэн үүднээс л дээрх асуудлыг хөндсөн юм. Тэр утгаараа ч намын удирдлагуудад дүрмийн дагуу хариуцлага хүлээх шаардлага тавьж байсан.

Гэхдээ эцсийн шийдвэрийг намынд Удирдах дээд байгууллага л гаргана. Шийдвэрийг намын Их хурлын гишүүд дагах юм бол бид заавал намын удирдлагуудыг огцруулах шаардлагатай гэж зүтгээд байхгүй шүү дээ.

-Намын Их хурлын тов дөхөөд ирэхээр танай намын хуучин гишүүд намынхаа удирдлагуудыг шүүмжлээд эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Лүндээжанцан нар намаасаа лидер төрхөө больсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн утга бүхий зүйлсийг ярьсан байна билээ. Шинэчлэгчдийг дэмжиж байгаа гэдгээ үүгээрээ илэрхийлэх гэсэн юм болов уу. Та энэ бүхнийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Хувь хүмүүсийн үзэл бодлын талаар би хувьдаа “Ийм байна, тийм байна” гэж ярих нь илүүц байх. Намынхаа талаар ямар бодолтой яваагаа л илэрхийлсэн нь тэр байх.

-УИХ-ын гишүүн асан Ардын намын гишүүд “Ардын нам гэж байхгүй болсон юм биш үү” гэж ам асуух болж. Ардын намынхны явуулж буй үйл ажиллагаа тэр хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байгаагаас энэ бүх асуудал үүсэж байгаа юм болов уу?

-Манай нам чамгүй олон жилийн хугацаанд Засгийн эрхийг барьсан. Засгийн эрхийг барьж байсан намын гишүүд өнөөдөр сөрөг хүчин болчихоор намын үйл ажиллагааг хөндлөнгөөс харж байгаа гишүүдэд тэгж санагдах нь зүйн хэрэг юм болов уу. Тиймээс тэр хүмүүс өнөөдөр сөрөг хүчин болсонтойгоо эвлэрэх ёстой.

Сөрөг хүчин болчихлоо гээд бид өнөөдөр ширээ цохиод л, орилж хашгираад л яваад байлтай биш дээ. Бид өнөөдөр эрх баригч хүчинд бүх тооцоо судалгаагаа гаргаж өгөөд, дүгнэлтээ хийж байгаа юу гэвэл хийж байгаа шүү дээ. Эрх барьж байгаа намын гишүүд нь ч үйл ажиллагаа нь идэвхтэй байдаг нь зүй ёсны тогтолцоо.

Манай намын хувьд ийм байдлаас сул үйл ажиллагаа явуулж байгааг би хувьдаа үгүйсгэхгүй. Ардын намыг үгүй хийх сонирхол бүхий сөрөг хүчин, улс төрийн бусад хүчин байгаа. Тэр хүмүүсийн ярьж, хэлж байгаа бүхнийг шууд утгаар нь тусгаж аваад “Манай нам болохгүй байна. Бүтэхгүй байна” гэж буй намын гишүүд байгаад би харамсаж байна.

-Та сая эрх баригч сөрөг хүчин хоёрын хооронд ялгаа бий гэдгийг хэлсэн. Энэ хоорон дахь ялгаа санхүүжилтийн асуудал дээр илүү мэдрэгддэг гэдгийг улстөрчид хэлдэг. Танай намын зарим гишүүн ч гэсэн энэ үүднээс намын санхүүжилтийн асуудлыг ил болгож, бүгдийг эхнээс нь эхлэх ёстой гэсэн асуудлыг намынхандаа тавьж байгаа юм билээ. Харамсалтай нь танай намын удирдлагууд хүлээж авахгүй байгаа гэсэн. Харин та энэ асуудлыг дэмжиж байгаа юу?

-Намын санхүүжилтийг ил тод болгох нь зөв зүйтэй байгаа юм. Эрх баригч, сөрөг хүчин байх хоёрын хоорон дахь санхүүжилт мэдээж тэнгэр, газар шиг ялгаатай. Эрх баригч байх үед хүн бүр л саймширч, хүн бүр л хандив, дэмжлэг өгнө. Сөрөг хүчин болчихоор энэ нь багасна.

Үүнээс хүн чанарын асуудал л харагдаж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Ардын намыг сөрөг хүчний байр суурин дээр байх үед намаасаа урваж байгаа тохиолдол ч гарч байна. Гэхдээ энэ нь сайн талтай л юм даа. Ардын намынхан гишүүдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг таниад авч байна шүү дээ. Хамтарч ажиллаж байсан байгууллагуудаа ч мэдэж авч байна. Энэ бол нам шинэчлэгдэх нэг алхам. Өөрөөр хэлбэл, нам цэвэрлэгдэж байна гэсэн үг.