Ж.Сүхбаатар: Авлигын эсрэг дуу хоолой болж, түүнийг арилгахын төлөө ажиллана
МАН-ын 27 дугаар Их хурал энэ сарын сүүлээр болно. Их хурлаараа намын дүрэмд томоохон өөрчлөлт оруулахаар болж ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ. Энэ талаар тус ажлын хэсгийн ахлагч, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-МАН-ын 27 дугаар их хурал удахгүй болох гэж байна. Таны хувьд МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Уг хурлын бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Намын Их хурал гэдэг нь МАН-ын дүрэмд зааснаар намын амьдралын аль ч асуудлыг хэлэлцэх эрхтэй. Гэхдээ 27 дугаар Их хурлаар бид намын даргын илтгэл, Хяналтын ерөнхий хорооны тайлан, Намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах, МАН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна Монгол Улсын хөгжлийн стратегитэй холбоотой асуудлаар хөтөлбөр батална.
Үүнээс гадна мэдээж намын зохион байгуулалтын холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Их хурал болохтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлөөс ажлын хэсгүүдийг байгуулсан байгаа.
Тухайлбал, С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан “Бодлоготой хөгжье”, Ц.Мөнх-Оргил даргаар ахлуулсан “Намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах” ажлын хэсэг, миний хувьд намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Үүнээс гадна хэд хэдэн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Манай ажлын хэсгийн хувьд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, төслийг боловсруулах үед 100 гаруй санал авсан. Ингээд 80 гаруй зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй төслийг боловсруулсан.
-Төслийг боловсруулахдаа юуг анхааран ажиллаж байна вэ?
-Үе үеийн Их хурлаар намын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн сацуу намын тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд тулгуурлан намын зохион байгуулалт, үйл ажиллагааг журамласан дүрэмдээ өөрчлөлт оруулж ирсэн.
Бидний баримталсан зарчим нь уламжлалт буюу намын сахилга, хяналтыг хүчтэй болгох, нэгдлийг хангах, намын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой тодорхой зорилтуудаар зохицуулалт оруулж өгсөн. Тухайлбал, өнөөдөр биднийг хамгийн ихээр шүүмжилж байгаа нэг асуудал нь МАН-ын төв удирдлага гишүүдийн хоорондын хэлхээ холбоо хөндийрсөн талаар юм.
Нам олон түмний харилцаа тасарсан. Үүнээс болж шат шатны сонгуульд ялагдал хүлээлээ гэх зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр аливаа зүйлийн хэлхээ холбоо бүхий л төвшинд мэдээллийн солилцоон дээр үндэслэж байдаг. Тиймээс энд дүгнэлт хийж, нам өөрийн мэдээллийн хэлхээ холбоог хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж байгаа.
Нам жирийн гишүүддээ хэрхэн мэдээлэл хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллахаар болсон. Мөн намын анхан шатны хүрээнд гишүүд дэмжигчдийн оролцоог өргөн хүрээтэй болгох хэрэгтэй. Зөвхөн намын үүр гэж явцуурахгүй. Дээр нь МАН нийгэмдээ үйлчилдэг, нийгмийн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд бүтээлч санаачилга гаргадаг байх ёстой.
Тухайлбал, намын бага хурал, Удирдах зөвлөл хуралдлаа гэхээр хүмүүс юу сонирхдог гэхээр энэ нам ямар хүнийг ажил албан тушаалд томилохоор болов, гэдгийг. Эсвэл намын дотоод амьдралын талаар юу ярив гэх мэт мэдээлэх төдий яригдсан зүйлийг сонирхдог.
Тиймээс үүнийг өөрчилж, МАН-ын бага хурал жил бүр улс орны нийгэм эдийн засгийн амьдрал, иргэдийн эрх ашигтай холбоотой бодлогын том хэлэлцүүлгийг бага хурлаараа дагнан хийж, түүндээ зөвлөмжөө гаргах, үүний тулд намын Удирдах зөвлөл бодлого гаргадаг байгууллага, үүний дэргэд бодлогын хороод ажиллуулах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, одоогийн байнгын хороодыг арай боловсронгуй болгоно гэсэн үг.
-Бүтцийг боловсронгуй болгохоос гадна намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах тогтолцоо руу орох зүйлийг яриад байгаа шүү дээ?
-Тухайлбал, Үндэсний хөгжил шинэтгэлийн үндэсний хороо, Байгаль, орчин хөдөөгийн хөгжил, Залуучууд гэр бүл, эрүүл мэндийн хорооноос гадна хамгийн чухал нь намын дүрэмд тусгаж байгаа Авлигын эсрэг хуулийн засаглалын асуудлаар бодлогын хороог байгуулахаар болсон. Ингэхээр авлига, ёс зүйн асуудал дээр хүртэл манай намын ёс зүйн зөвлөл ажиллаж, соён гэгээрүүлэх ажлыг хийх юм.
Мөн нам хүчтэй, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулах, тунгалаг байх нэг чухал асуудал нь санхүүжилт. Тиймээс намын санхүүжилтийн механизмыг оновчтой болгохын тулд аймаг, нийслэлийн намын хороод намын санхүүжилтээ хариуцан зохион байгуулах үүргийг хүлээлгэнэ.
Дээрээс нь намын төв аппаратны урсгал зардлыг санхүүжүүлдэг төсвийн удирдлагатай тогтолцоон дээр тусад нь намын санхүүгийн асуудал дээр яаж хөрөнгө мөнгөө хэрхэн бүрүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хэрхэн хангах энэ асуудлыг хариуцсан Санхүүжилтийн хороог удирдах зөвлөлийн дэргэд байгуулна. Энэ нь цаашид намын санхүүжилтийн ил тод байдлыг тайлагнах тогтолцоо руу орно.
-Намын гишүүдийн хариуцлага Их хурлын гол хэлэлцэх асуудал гэдгийг танай намын гишүүд ярьж байгаа?
-Намын даргын олон түмэнд илгээсэн ил захидалд намын ажил үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх энэ чадамжид нийцүүлж, намын тодорхой байгууллагын бүрэлдэхүүний тоог цөөлөх асуудлыг авч үзэх цаашлаад намын гишүүд нам сөрөг хүчин байгаа үед, ялангуяа бүрэлдэхүүний данхар бүтцийг авч үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан.
Бид хариуцлагаар нь ротаци хийдэг буюу Бага хурлын гишүүд ажил үүргээ хэрхэн биелүүлж, гүйцэтгэж байгаагаар нь сольж, өөрчилж болдог тогтолцоог оруулахаар болсон.
Учир нь хариуцлага эзэнтэй байх ёстой. Үүний тулд хяналтын ерөнхий хороо, намын Удирдах зөвлөл, намын бага хурлын гишүүдийн тоог одоо байгаагаас нь тодорхой тоогоор цөөлөх үүднээс энэ зарчмыг оруулж өгсөн. Мөн намын хөдөлгөгч хүч, хамгийн чухал хэсэг нь намын Бага хурлын гишүүд.
Энэ гишүүдийн оролцоо, сонгуульт гишүүний төлж байгаа хураамжийг бүрдүүлж байгаа нь туйлын хангалтгүй асуудал яригдсан. Тиймээс намын Бага хурлын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс хэд хэдэн нөхцөл тавьж байгаа. Тодруулбал, дөрвөн улирал дараалан гишүүний хураамжаа төлөхгүй байвал бага хурлын гишүүнээс чөлөөлдөг болно.
Үүнээс гадна намаас даалгасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол чөлөөлөх, дээрээс нь харьяалагдах аймаг нийслэлийн намын хороо эргүүлэн татах асуудлыг Удирдах зөвлөлд тавьж түүнийг хүлээн авч, зөвшөөрсөн бол тухайн хүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлдөг байхаар болсон.
Манай намын хувьд 90 гаруй жилийн үүх түүхтэй нам учраас бид хариуцлагаар нь ротаци хийдэг буюу Бага хурлын гишүүд ажил үүргээ хэрхэн биелүүлж, гүйцэтгэж байгаагаар нь сольж, өөрчилж болдог тогтолцоог оруулахаар болсон.
Үүнээс гадна бидний нийтээр анхаарч байгаа асуудал нь намын сахилга хяналтын асуудал. Тиймээс Хяналтын ерөнхий хороо болон хяналтын байгууллагын бие даасан байдлыг сайжруулж, хэвийн ажиллах нөхцөл баталгаа талаас тодорхой заалт оруулж өгч байгаа.
-Тэгэхээр намын Их хурлаар зарим хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм байна гэж ойлгож болох уу?
-Манай намын зарим нөхдүүд намын гишүүнээр ажиллаж байгаа гэсэн атал намын хамт олны итгэл хүлээлгэсэн үйл ажиллагааг хөсөрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, өөр намынхантай үгсэн нийлж, намын гишүүдийн гаргасан тодорхой шийдлүүдийг үгүйсгэх байдлаар зарим газар албан тушаалын томилгоог буруу зөрүү хийснээр ганд намын бус иргэдийн итгэлийг алдагдуулсан байдлуудыг гаргаж байсан.
Тиймээс үүнийг өөрчлөхөөр тусгасан байгаа. Бүхэлд нь базаад хэлэхэд намын удирдлага зохион байгуулалт, намын санхүүжилт, хүний нөөц, гишүүнчлэл, намын хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгааны асуудлыг дүрмээрээ зохицуулахаар болсон. Мэдээж хамгийн их ярьсан зүйл нь хариуцлага. Тэгэхээр энэ дүрэмд сонгуулийн үр дүнгээр намын удирдлага хариуцлага хүлээх тухай асуудлыг хамтын, хувийн хариуцлага талаас нь заагласан.
Нэг үгээр хэлбэл сонгууль өнгөрсний дараа МАН дангаар болон эвсэн Засгийн газар эмхлэн байгуулах боломжгүй болбол намын удирдлага огцрох хүсэлтээ намын Их хуралд тавьдаг. Үүнээс гадна хариуцлага өндөржүүлэх үүднээс сөрөг хүчин байгаа үед намын даргын тодорхой эрх мэдлийг нэмэгдүүлэх юм.
Гэхдээ нэгэнт тогтсон одоогийн эрх мэдлийн хяналт тэнцэл дээр үндэслэсэн тогтолцоог эвдэхгүйгээр хийнэ. Өөрөөр хэлбэл, нам цөөнх болж Засгийн газрыг эвсэж юм уу, дангаар байгуулах боломжгүй болсон нөхцөлд намын дарга нь Удирдах зөвлөлийн хурлаа илүү даргалдаг байх тухай тусгасан.
Одоо бол аль ч тохиолдолд намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр бусад үе буюу нам олонхи болон Засгийн газрыг эвсэж байгуулсан үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөө толгойлдог одоогийн тогтолцоо нь зөв гэж үзсэн зэрэг олон өөрчлөлтийг дурьдаж болно.
-МАН боловсон хүчний дутагдалд орсон, лидергүй боллоо гэх зүйл яригдсаар байгаа. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн жил Ардын нам УИХ-ын сонгуулийн үр дүнгээр цөөнх болсон энэ цагаас эхлээд л нөхрийн чанар танигдана гэдэг шиг бидний итгэл хүлээлгэж байсан нөхөд ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа нь тод харагдах болсон.
МАН нийгэмдээ үйлчилдэг, нийгмийн хариуцлагатай улс төрийн хүчний хувьд бүтээлч санаачилга гаргадаг байх ёстой.
Нэг үгээр хэлбэл, бид өөрөө өөрсдийгөө олж харж байна гэсэн үг. Тэгэхээр намд үүссэн нэг дутагдал нь хүний нөөцийн бодлогын асуудал болон сургалт сурталчилгааны асуудлыг өндөр төвшинд гаргах цаг болжээ.
Зарим талаар манай намын цөөн боловч зарим нөхөд намын болон иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, нэгэнт гарсан сонгуулийн үр дүнг гуйвуулах гутаах ажил явж байна. Тиймээс улс төрийн нам хатуу чанд сахилгатай байж, бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Энэ үүднээс ч дүрмийн заалтыг оруулж байгаа.
-МАН-ын гишүүд харьцангуй ихээр авлигын хэрэгт холбогддог. Авлигын эсрэг хороо энэ асуудлыг ямар байдлаар анхаарч ажиллах бол?
-Энэ удаагийн Их хурал хоёр том зорилт дээр анхаарал хандуулна. Нэг нь Монгол Улсын хөгжил дэвшил. Нөгөө нь нам хэрхэн хүчирхэг байж энэ зорилтыг хангах вэ гэдэг асуудал. Тэгэхээр хөгжил дэвшил хүчирхэг нам гэсэн энэ хоёр үндсэн асуудал яригдана гэж ойлгох хэрэгтэй. Үүний гол суурь нь тухайн нам, улс орон өөрөө авлигагүй, авлигаас ангижирсан байж энэ зорилгоо гүйцэлдүүлнэ.
Манай намын хувьд олон жил Засгийн эрх барьсан учраас тэр хэмжээгээр сайн, муу зүйлд холбогддог. Авлига гэдэг нь нэг намын асуудал биш. Энэ нь төрийн эрх мэдлийг дагаж бий болдог зүйл. Үүнтэй холбоотойгоор зориуд сонгуулийн үед энэ асуудлыг гаргасан асуудал байгаа. Гэхдээ бид нэг дүгнэлтэд хүрсэн.
МАН өөрийгөө толинд харж байгаа энэ үед бидэнд алдаа дутагдал байсан. Тийм учраас нам өөрөө эрүүл саруул байх гол нөхцөл нь бол авлигын эсрэг дуу хоолой байхаас гадна нам өөрөө авлигын эсрэг тодорхой механизмаар ажилладаг байх ёстой юм байна гэдэг шийдвэрт хүрсэн.