Д.Туяацэцэг: Ганцхан компаний жишээгээр хүний эрхийн байдлыг харж болно
Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Туяацэцэг
2013.09.21

Д.Туяацэцэг: Ганцхан компаний жишээгээр хүний эрхийн байдлыг харж болно

  Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Туяацэцэгтэй ярилцлаа.

-Байгаль орчноо хамгаална гэдэг нь нэг талаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж буй хэрэг. Энэ тэмцэлд танай холбоо хэрхэн оролцсон бэ. Тодорхой жишээ хэлнэ үү?

Бид байгаль орчны асуудалтай холбоотойгоор уул уурхайн салбарын хүрээнд арваад хэргийг шүүхээр шийдүүлсэн. Нааштай шийдэгдсэн нь Дорноговийн Шандын нөхөн сэргээлтийг хийхээр болсон.

Хөвсгөлд олгосон фосфоритын ордын лицензүүдийг цуглуулах шийдвэр гаргасан. Туул голд гольфын талбай байгуулахыг зогсоосон. Эдгээр хэргүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, стратегийн өмгөөлөл хийж байгаа.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайгаас болж эрхээ зөрчүүлсэн иргэд болчимгүй алхамж хийх болсон. Та үүнтэй санал нийлэх үү. Хэрхэн эрхээ хамгаалах нь хамгийн зөв арга вэ?

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулагсад дэндүү зэрлэг балмадаар хүний эрхийг зөрчих болсон. Эрх ашиг нь зөрчигдсөн иргэд боловсрол байхгүй учраас компаний техник хэрэгслийг эвдэх, талбай руу нь дайрах зэргээг тэмцэж эрхээ хамгаалдаг. Бүр машины зам хааж хэвтсэн тохиолдол ч бий. Гэтэл энэ  бүгд нь эргээд өөрсдийг нь компаний зууш болгоход хүргэдэг. Компаний өмчид халдсан хэргээр иргэдийн эсрэг зарга үүсгэн шүүхийг өөрийн талд ажиллуулж байна.

Төр нь хүнээ хамгаалах хэрэгтэй. Эрхийг нь сэргээлгэх ёстой. Эрхээ сэргээлгэх талаар гомдол гаргах ёстойгоо иргэд мэдэхгүй байгаа нь хамгийн харамсалтай.

Хүний эрх, эрүүл мэнд хохирохоос гадны байгаль орчин маш их сүйдэж байна. Мэргэжлийн хуульчид шинжилгээ хийхээр байгаль орчинд учирсан хохирлыг тооцох боломжтой байдаг. Гэтэл үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх, сэтгэл санааныг хохирлыг, алдар хүнд, эдийн бус хохирлыг тооцож, нэмэмжилж чадахгүй байгаа юм. Энэ их олон жишээн дээр ажиглагдсан. Жишээ нь Алтай хүдэр компани 168,3 км замаар хүдрийн баяжмалаа гаргаж байгаа. Уг нь анх зам тавихдаа хар зам /асфалт/ гэж байсан ч одоо шороон замаар л тээж байна. 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл тавиагүй хариуцлагагүй компани. Энэ талаар нь шаардлага тавьсан хүнийг эрүүгийн хэрэгт татаж байгаа.

Тухайлбал Алтай хүдэрт очоод нас барсан гадны хүний тухай мэдээллийг Өдрийн сонинд нийтэлсний төлөө тус сониноос 9 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Үүнээс гадны Алтай хүдрийг сөрөг өнгө аясаар бичсэн ньюс сайтыг шүүхэд өгсөн. Гэх зэргээр мөнгөтэй, эрх мэдэлтэй тал нь эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалах гэсний төлөө хохироод байна.

Аз болж шүүхээс нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзсэн. Ганцхан компаний жишээнээс монгол хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг харж болно.

Эрхээ хамгаалах баталгаа алга. Ингэхээр хүн шантарч, айж залхана. Төр нь хүний эрхийн зохицуулалтыг шийдэх ёстой. Төр хамгаалахгүй байна.

-Уул уурхайн бизнес эрхлэгчид хүний эрхийг зөрчиж байгаа хэрнээ юунд найдаж шүүхээр далайлгаж байгаа юм бол?

Мөнгө, эрх мэдэл байгаа цагт хууль хүчнийхнийг худалдаж, авилгалаар амьдарч байна.

Иргэдийг эрхээ хамгаалж чадахгүй, мэдэхгүй байгааг нь далимдуулж байна. Хэрвээ иргэд өөрсдөө эрхээ хамгаалж чаддаг чадамжтай болчихвол дээрэлхүүлээд байхгүй.

Цэвэр ундны усаар хүртээмжтэй хангуулах эрх, бэлчээрээ өмчлөх эрх гээд олон эрх зөрчигдөж байгаа бол эрхийг сэргээлгэх ёстой.

Гэхдээ манай улс эдийн засаг нийгмийн тэргүүлэх салбарыг уул уурхай гэж үзэж байгаа юм бол хүнээ нэгдүгээрт тавих ёстой.

Түүнээс биш уурхайн баялгийн дараа хүнийг тавих ёсгүй. Хэрвээ ингэвэл уул уурхай байгаль орчны тэнцвэр алдагдана.

-Нэг талаар иргэд эрхээ мэдэхгүй буйг далимдуулж байгаа гэлээ. Олон төрийн бус байгууллага иргэдийг чадавхижуулах зорилготой байдаг шүү дээ. Тэд маань юу хийж байна вэ?

Манай улс  цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Мэдээлэл, мэдлэгжүүлэх процесс их удаан явагддаг. Тиймээс юуны түрүүнд мөнгө хүчтэй гэсэн ойлголтыг халах ёстой.

-Эрхээ сэргээлэх талаар сүүлийн үед ярих болсон. Манай улсад эрх сэргээх талаар ямар жишээ байдаг вэ?

Ус уух, хүртээмжтэй байх эрх, бэлчээрээ өмчлөх эрх гээд олон эрх зөрчигдөж байгаа бол эрхийг сэргээлгэх ёстой.

Үнэхээр хохирсон нь нотолгоотой байх ёстой. Хонгор сумын иргэд хариуцлагагүй компаниудын буруугаас болж олон нэр хоч зүүсэн. Цацраг идэвхит бодисын гэм хор нь хэдэн арван жилийн турш үргэлжилнэ.

Тиймээс манай улс эрх сэргээх зарчим руу ормоор байна. Хүний хамгийн гол эрхийг уул уурхай бүдүүлгээр зөрчиж байгаа энэ үед эрсдлээ урьдчилан харж, гомдол шийдвэрлэх механизмыг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.  Бүгдийг зоосны нүхээр харж болохгүй.