2013.09.21

Ц.Отгонтунгалаг: Үйлдвэрлэлийн осол ерөөсөө буураагүй

МҮЭ-ийн хөдөлмөр нийгмийн бодлогын дарга Ц.Отгонтунгалагтай уул уурхайн салбарт ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн талаар ярилцав.

-Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг руугаа хэт хошуурснаас үүдээд хүний эрхийн асуудлыг хамгийн сүүлд тавих боллоо. Үүнд танай байгууллагын зүгээс энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

Уул уурхайн салбарт хүний эрх, хөдөлмөрлөх эрх, нутгийн иргэдийн амьдрах суух эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлаар хангуулах эрх зөрчигдөж бйна. Эд бүгдээрэ зөрчил. Аль ч улс оронд иргэд ажилчид ямар эрхтэй юм бэ, эрх нь зөрчигдөж байгаа байдлыг ойлгох хэрэгтэй. Хүмүүс хэр их мэдлэгтэй, өөрийнхөө төлөө дуугарч чадаж байна тэр оронд төр засаг, үүрэг хүлээгч нараас арга хэмжээ авах тал дээр их анхаардаг.

Хүний эрхийн хүрээнд тодорхой асуудал гарч зөрчигдсөн тохиолдолд эрхийг нөхөн сэргээх тодорхой хэмжээний эд материалын болон хохирол учирсан бол маргаан шийдвэрлэх тогтолцоо ажиллах ёстой. Энэ тогтолцоогоор хүний эрхийн хэрэгжилтийг дэмжинэ. Чухамхүү энэ хоёрыг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд маш олон эрхийг заасан. Тиймээс эрхээ эдлэх баталгааг төр хийх хэрэгтэй.

-Олны анхаарлын төвд байдаг уул уурхайн компаниуд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр сайн байдаг. Гэтэл бусад жижиг компаниудад олон цагаар хэтрүүлэн, норм зөрчүүлэн ажиллуулах тохиолдол их байдаг. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн шаардлага бол тухайн байгууллага том жижгээс үл хамааруулан нэг стандарт тавигддаг.

Шаардлага нөхцөл хангагдахгүй байгаа нь түгээмэл байна. Үйлдвэрлэлийн осол уул уурхайн салбарт ерөөсөө буураагүй. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн үндсэн зорилго нь хоёр үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт ослын нөхцөл байдал үүсвэл хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэг дээр анхаарах ёстой.