Я.Наранцэцэг: "Харгиа" цэвэрлэх үйлдвэрийг хаасан нь хамгийн том бэрхшээл
БИ ЖИ ЭЙЧ ХХК-ын захирал Я.Наранцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
- Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүний хувьд тулгамдаж байгаа асуудал бэрхшээл юу байна?
Манайх савхин хувцас үйлдвэрлэдэг компани. Тулгамдсан асуудал их байгаа. Уг нь засгийн газраас арьс ширний салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэх бодлого барьж байгаа. Гэвч ямар ч ажил хийгдэхгүй, их удаан байна. Өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдаж байгаа асуудал бол боловсруулах үйлдвэр тэр дундаа "Харгиа" цэвэрлэх үйлдвэрийг хаасан нь хамгийн том бэрхшээл болж байна. Арьс ширний үйлдвэрлэл нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг онцлогтой салбар.
6 - 7 сарын үеэр түүхий эдийн үнэ хямдарч үйлдвэрүүд түүхий эдээ аван боловсруулах үйлдвэрт өгч, цаашлаад бүтээгдэхүүнээ хийдэг. Гэтэл яг ажлын өрнөл үеэр Монголдоо ганц байдаг "Харгиа" цэвэрлэх үйлдвэрийг хаачихсан нь үйлдвэрийн ажил зогсоход хүргээд байна. Хаасан шалтгаан нь бохироо дутуу цэвэрлэдгээс болсон гэсэн.
Мөн "Харгиа" цэвэрлэх үйлдвэрийг төрийн өмчид шилжүүлж “Ус сувгийн удирдах газар” руу шилжүүлэн ажил хүлээн авч байна хэмээн нилээн удлаа. Одоогоор хэн гэдэг хүн цэвэрлэх үйлдвэрийг хариуцах, хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй байна.
- "Харгиа" цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахгүй бол өөр боловсруулах үйлдвэр байхгүй юу?
"Харгиа" цэвэрлэх үйлдвэр нь усаа хэрэглээд, боловсруулаад төв цэвэрлэх үйлдвэр рүү шахдаг.
Өөр ямар ч арга байхгүй. "Харгиа" цэвэрлэх үйлдвэр нь усаа хэрэглээд, боловсруулаад төв цэвэрлэх үйлдвэр рүү шахдаг. Энэ процесс байхгүй болохоор үйлдвэрт боловсруулалт хийж чадахгүй зогсонги байдалд байна.
Манай компанийн хувьд бэлэн савхин хувцас үйлдвэрлэдэг цөөхөн компанийн нэг болохоор улсаас зарласан савхин хувцасны тендерт оролцоод хэдэн байгууллагын гэрээ хүлээн авсан. Гэрээний хугацаа дуусах дөхөөд байхад бид ажлаа хийж чадахгүй хүндрэл үүсээд байна.
- Асуудлыг шийдэх гарц юу байна?
Харгиа цэвэрлэх байгууламжийг мэргэжлийн “Ус сувгийн удирдах газар” авсан нь зөв алхам. Гэхдээ төрийн байгууллага их төвөгтэй нь нэг зүйл эхлүүлэх гэж бөөн асуудал үүсгээд сунжраад цаг алдаад байх юм. Хурдан шийдвэрлээд өгвөл бид ажлаа эхлэхэд бэлэн байна. Мөн Арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан түүхий эд ховорддог үеэр шинэчлэх ажлаа хийдэг байх хэрэгтэй.
Харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна. Нэг талаасаа арьс ширний үйлдвэрийг дэмжинэ гээд, нөгөө талаасаа асуудал үүсгээд байх юм. Манайх 1997 онд байгуулагдсан жижиг үйлдвэр хэдий ч улсаас дэмжлэг хүсэхгүй болж л байна. гэхдээ төрөөс гаргаж байгаа янз бүрийн шийдвэр нь үйлдвэрлэлээ хэвийн явуулахад нөлөөлж, хүндрэл үүсгээд байна. Монголд үйлдвэрлэл эрхлэх хэцүү, олон талын дарамт хүнд нөхцөлд байдаг. Манай арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид их л бухимдалтай байна даа.