Жижиг дунд үйлдвэрлэл-Ирээдүйн улсын хөгжил
Улс орны хөгжил аж үйлдвэрээс эхлэлтэй. Үүний тулд иргэн бүрийн оролцоо чухал. Монгол улсад бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуйн нэгжийн 65 мянган аж ахуйн нэгж нь жижиг дунд үйлдвэр байна. Хүн бүр өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болсон энэ цаг үед төр засгийн дэмжлэг туслалцаа амь тариа шиг хэрэгтэй.
Улс орны эдийн засаг аж үйлдвэрийн хөгжлийг нуруундаа үүрч явах ёстой жижиг дунд бизнес эрхлэгчдэд очих төрийн дэмжлэг туслалцаа хэрхэн хэрэгжиж байгааг харуулахыг зорилоо.
Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх даалгавартайгаар байгуулагдсан Хөдөлмөрийн яам жижиг дунд үйлдвэрийн асуудлыг хариуцан ажиллаад бүтэн жилийг үджээ.
Хөдөлмөрийн сайдын хариуцан ажилладаг энэ салбарт өөрчлөлт шинэчлэлт чамлахааргүй хийгдэж жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг хангаж өгөхийн тулд сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэсэн хоёр сангаар дамжуулан иргэдэд зээл тусламж хүрч байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эзлэх байр суурийг бэхжүүлэн ажлын байр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан:
Сум хөгжүүлэх сангаас жил бүр 24 тэрбум төгрөг хуваарилагддаг. Өнгөрсөн оны хувьд сонгууль гээд оройтож, орон нутгийн сонгуулийн дараа 12 сарын дундуур хуваарилсан. Дараагийнх нь эх үүсвэр дөрвөн сарын дараа хуваарилагдсан байгаа.
Монгол улсад бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуйн нэгжийн 65 мянган аж ахуйн нэгж нь жижиг дунд үйлдвэр.
Манай орны хувьд орон нутагт ч, нийслэлд ч улирлын онцлогтой бүтээн байгуулалтын ажил явдаг учир үйлдвэрлэл үйлчилгээгээ эртхэн эхлээсэй гэдэг үүднээс оны эхэнд эх үүсвэрээ хуваарилсан.
Харамсалтай нь нэг талдаа хуучин дүрэм, журмууд саад болж, нөгөө талдаа тэр дүрмийг өөрийнхөөрөө тайлбарлах эсвэл ойлгохгүй байх асуудал хөдөө орон нутгийн удирдлагын түвшинд гарч байна гэлээ.
Жижиг бизнес эрхлэхээр зорьж буй хэнд ч барьцаа хөрөнгө хангалттай бус байх нь мэдээж. Харин өнгөрсөн жилийн хоёр сараас эхлэн зээлийн батлан даалтын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутмаг, хүссэн зээлээ авч чадахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүсэгчдэд 60 хувь хүртэлх мөнгөнийх нь баталгаа гаргаж өгөх зорилготой төрийн байгууллага юм.
Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахад барьцаа хөрөнгө дутагдаж байна гэсэн асуудлыг ярьж эхэлсэн учраас өмнөх УИХ-аар хэлэлцээд өнгөрсөн оны хоёр сард зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдан, сан нь байгуулагдаад, үйлчилгээгээ ард иргэдэд хүргэхээр хэвлэл мэдээллээр сурталчилж буй энэ үед иргэд олноор хандах хэрэгтэй гэсэн юм.