2013.09.26

З.Баянсэлэнгэ: Би ядуу болохоор гэр хороололд амьдраагүй

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ гэр хороололд хоёр давхар хувийн хаус бариулж дуусаад, шинэ байшингийнхаа нээлтэнд эрхэм гишүүдийг урьж, урилга тарааж эхэлсэн тухай мэдээлэл цахим сайтуудаар гараад буй. Тиймээс энэхүү мэдээллийн үнэн худлыг нягтлахаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.  

Таныг хоёр давхар хаус бариад, гишүүдэд урилга тарааж эхэлсэн тухай сонслоо. Шинэ байшингийн найр хэзээ вэ?

Найр наадам хийх гэж байгаа зүйл алга. Байшингаа барьж дуусгаагүй байна. Одоо амьдарч байгаа хашаан дотроо байшин барьж байгаа нь үнэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хаус ч биш, энгийн нэг давхар өвлийн байшин.

Энгийн өвлийн байшин яагаад хаус болж яригдаад, дан байшин давхар болж яригдаад байгаа юм бол?

Яахав дээ намайг байр савгүй болохоор бичих юм аа олж ядаад л ингэж бичсэн юм байгаа биз. Манайх хашаан дотроо хоёр өвлийн байшинтай. Түүний нэг болох аавынхаа байшинг нураагаад суурин дээр нь шинэ байшин барьж байгаа юм. Намайг хашаандаа байшин барьж байгаа гэдгийг манай УИХ-ын гишүүд мэднэ.

Гэхдээ би шинэ байшингийн найр хийнэ гэж зар тараасан зүйл байхгүй. Зарим хэвлэлүүд намайг шинэ байрны найр хийж зад найрлаад, бэлэг сэлт авсан байна гэж бичсэн байна гэсэн. Тийм зүйл болоогүй гэдгийг хэлье. Би өмнө нь хашаандаа байшин барих төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлж байсан.

Гол нь байшин барих цаг зав олдохгүй, ар талдаа анхаарал хандуулж чадахгүй яваад байсан. Харин энэ зун шинэ байшин эхлүүлсэн ч одоог хүртэл барьж дуусаагүй л байна. Болж өгвөл ирэх 11 сардаа багтаан барьж дуусгаад, орчих юмсан гэсэн бодолтой байна.

Байшингаа бариад дуусчихвал шинэ байшингийн найр хийх үү?

Байшингаа бариад дуусчихвал ядаж өөрийнхөө ах дүү нарыг оруулах л байх. Гэхдээ одоогоор айхтар төлөвлөсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүдээс та ганцаараа гэр хороололд амьдардаг. Үүндээ эмзэглэдэг үү?

Юунд нь эмзэглэх билээ дээ. Хүн ээж ааваа сонгож төрдөггүй, эх орноо сонгож төрдөггүй, эдлэх зүйлээ сонгож төрдөггүй. Тэгэхээр би өөрийгөө байх ёстой газраа байгаа л гэж боддог. Ядуу болохоор гэр хороололд амьдарч байгаа юм биш. Өнөөгийн төрийн өндөрлөгт байгаа олигархи, баячууд болоод тэдний эцэг, эх тодорхой цаг хугацаанд гэр хороололд амьдарч л байсан байх.

Миний хувьд гэр хороололд амьдардагтаа эмзэглэдэггүй. Харин ч ард түмнийхээ дунд, тэднийхээ санаа бодлыг сонсоод явж байгаа маань сайхан санагддаг. УИХ-ын гишүүд дотор гэр хорооллоос, ард түмэн дундаас УИХ-ын гишүүн гарвал арай л амьдралд дөхөм, шийдвэр гаргах түвшинд санал бодлоо солилцоод явах үр дүнтэй юм болов уу гэж боддог.

Цаашид гэр хороололд биш орон сууцанд амьдрах уу?

Одоогоор байранд орно гэсэн төлөвлөгөө байхгүй байна. Ээж, аав маань өндөр настай учраас би тэднийхээ хажууд байж, харж хандах ёстой. Ээж, аавынхаа дэргэд байгаа ганц хүн нь би. Ээж, аав маань гэр хороололдоо амьдрах дуртай. Би тэр хоёрынхоо дэргэд байх дуртай. Миний үүрэг байна.

Тийм болохоор одоогоор байранд оръё гэсэн төлөвлөгөө алга. Мэдээж хүү маань том болж байгаа учраас тодорхой цаг хугацааны дараа өрх тусгаарлах хэрэг гарах байх гэж бодож байна.

Одоо хувийн асуудлаас тань хөндийрөөд нам, улстөрийн асуудал руу хазайя. МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямархуу байгаа вэ? Хоёр ч удаа хагалгаанд орсон гэж сонссон?

гишүүн З.Баянсэлэнгэ

Н.Энхбаяр даргын биеийн байдал үргэлжлүүлэн нарийн мэргэжлийн оношлогоо, шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн мэдээлэл байгаа. Монголд байхдаа эмчлүүлэх цаг хугацаа их алдсантай холбоотойгоор биеийн байдал нь төдийлөн сайн биш, нөхөн сэргээх хугацаа шаардлагатай байгаа.

Хоёр удаа хагалгаанд орсон. Улам үргэлжлүүлээд нарийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн мэдээлэлтэй байна.

Танай намын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Э.Эрдэнэжамъян өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах гэж байгаа гэж сонссон. Үнэн үү?

Би хувьдаа Э.Эрдэнэжамъянд энэ үндэслэлээр ял шийтгэл онооно гэвэл учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ бүхнээс болоод Э.Эрдэнэжамъян ажлаа өгөөд байх шаардлагагүй. Тэр ч байтугай гэмт үйлдэл нь тогтоогдчихсон хүмүүс хүртэл ажлаа хийгээд л явж байна. Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад Э.Эрдэнэжамъян ажлаа өгөх ямар ч үндэслэл байхгүй гэж бодож байна.

Надад болоод нам дээр Э.Эрдэнэжамъян ажлаа өгөх тухай зүйл яригдаагүй, сонсогдоогүй. Миний бодлоор Э.Эрдэнэжамъян Интерпол руу и-мэйл хаягаараа харьцсан байгаа юм. Гэтэл дан ганц Э.Эрдэнэжамъян биш, жирийн иргэн хэн ч байсан Интерполд хандах бүрэн боломжтой. Хаягаар нь ороод өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой.

Манай МАХН-ын гишүүд болоод УИХ-ын гишүүд Интерпол руу хандаж байсан. Тэр бүгд буруутгагдвал бүгд л ял шийтгэл хүлээх байлгүй. Тухайн иргэний өгсөн мэдээллийг үнэн, бодит эсэхийг Интерполын байгууллага өөрсдийн хууль, ном дүрмийн хүрээнд хянан шалгаад, арга хэмжээгээ авна.

Түүнээс биш Э.Эрдэнэжамъян ганц и-мэйл бичсэнээр бүх асуудал шийдэгдээд, мөрдөн байцаалтанд саад учруулсан гэх үндэслэл байхгүй. Ганцхан хүний бичсэн и-мэйлийг үндэслээд мөрдөн байцаалт зогсчихдог, саад учирчихдаг зүйл байхгүй. Миний хувьд энэ асуудлыг Э.Эрдэнэжамъянд ял оноож, буруутгах гэсэн зүйл байна гэж ажиглаж байгаа.

МАХН гэсэн нэртэй холбоотой хүн бүхэн л хэлмэгдэх, ял шийтгэл авах, хариуцлага хүлээх үүд хаалга нь нээдчихсэн юм болов уу гэж бодож байна. Хэн ч, юунд ч сэжиглэгдээд ял шийтгэл авчих айдас хүйдэстэй үе байна.

Та дарамт шахалтанд байгаа юм биш биз?

Одоогоор тийм зүйл байхгүй. Би өөрийнхөө тийм зүйлийг даван туулаад гараад ирсэн. Намайг прокурор зодсон гэж ял шийтгэл хүлээлгэх гээд, үйлдээгүй хэргийг үйлдсэн болгоод гэм буруутан болгох гэж үзсэн. Харин би түүнийг даван туулаад гарсан.

Сүүлийн үед ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

Гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг Засгийн газарт өргөн барьсан байгаа. Мөн цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа.

Одоо сэтгэцийн эмгэгтэй хүүхдээ асран хамгаалж байгаа асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарыг халамжийн хуульд хамруулах зохицуулалтыг хийсэн хуулийн төсөл өргөн барих гэж байна. Дээр нь Хүний эрхийн байнгын хороотой байх ёстой, хүний эрхийн асуудал дэд хорооны хэмжээнд шийдэгдэх ёсгүй, хүний эрх зөрчигдөж байгаа асуудлууд Байнгын хороогоор дамжих ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барьж байгаа.

Та Өршөөлийн тухай хууль санаачлагчдын нэг. Өршөөлийн хуулийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх үү?

Өршөөлийн хуулиа ээлжит чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Өршөөлийн тухай хуулийн төсөл батлагдвал анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нийгэмд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн тохиолдолд хэргийг нь хэрэгсэхгүй болгох юм. Мөн энэ хуулийн төсөлд 3000 гаруй хүн хамрагдах боломжтой байгаа.

Цаашид манайх шорон бариад байх юм уу, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст шууд ял шийтгэл оногдуулаад шоронгоо нэмээд байх юм уу, эсвэл урьдчилан сэргийлж нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх боломж нөхцлөөр нь хангаад, шорон барих хөрөнгөөрөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой гэдэг үүднээс ажиллаж байна.