Хорхог, боодгонд дургүй сайд хоолны жор зохиох хоббитой
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны Сайд С.Эрдэнэ
2013.09.12

Хорхог, боодгонд дургүй сайд хоолны жор зохиох хоббитой

“Далай олны хүндэтгэлийг данайтал дааж яваа хүний нэг нь С.Эрдэнэ” хэмээн Ардын уран зохиолч Т.Галсан гуай өгүүлсэн удаатай. Түүнийг Баянгол дүүргийн Засаг дарга байсан, тэндээс гурван удаа сонгогдсон төрийн түшээ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд гэдгээр нь хүмүүс андахгүй. Сонгууль дөхөхөөр үзэгддэг, бусад үед нь хий үзэгдэл мэт алга болдог УИХ-ын зарим гишүүнийг бодвол С.Эрдэнэ сонгогч олонтойгоо байнга уулзаж, долоо хоногт дор хаяж нэг удаа дүүргээ эргэдэг тухай оршин суугчид ярьж байсан. Харахад дуу цөөтэй хүн шиг хэрнээ ам халахаараа их яриа гэх юм билээ. Түүний нэг өдрийг өнгөрсөн мягмар гаригт сурвалжиллаа.

Өмнөх өдөр нь сайдтай 09.00 цагт уулзахаар товлосон юм. Биднийг очиход тэрбээр аль хэдийнэ ирчихсэн өрөөндөө сууж байв. Ер нь 08.00 цаг гэхэд ажилдаа яс ирдэг гэж яамныхан ярьж байсныг сонсов. Эл өдөр сайд иргэдийг хүлээн авч уулздаг учраас Сайдын ажлын албаны өрөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Иргэд уулзахаар дугаарлана, хажуугаар нь газрын дарга нар, бас бус ажлаар яваа хүмүүс хаалга онголзуулан, туслах нь тун завгүй харагдсан.

С.Эрдэнэ сайд долоо хоног бүрийн мягмар гаригт олон нийтээс санал, хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авдаг. Түүнийг сайдаар томилогдсоноос нь хойш нэг жилийн хугацаанд зөвхөн С.Эрдэнэ сайдад хаягласан 650 гаруй өргөдөл, хүсэлт иржээ. Иргэн бүрийн санал, өргөдлийг сайд өөрөө уншиж танилцан хариуг нь сарын дотор өгдөг аж.

10.00 цаг

Ирсэн иргэдийн олонх нь өндөр настнууд байв. Төрөө, төрийн түшээдээ хүндэтгэдэг монгол заншлаар өвгөд, хөгшид өнгөтэй өөдтэйгөө өмсөж, зарим нь одон медалиа зүүжээ. Иргэд сайдтай уулзахын тулд өмнөх өдөр нь бүртгүүлээд, дугаар авчихдаг аж. Иргэдийнхээ санаа бодлыг анхааралтай сонсож, өргөдөл гомдлыг нь даруй шийдвэрлэхийг хичээж байгааг нь харахад энэ ажил бас л тэвчээр шаарддаг юм билээ. Бүтэн өдөр суудлаасаа ч ховхрохгүй иргэдийн үгийг сонсож суух нь жирийн бидэнд бол хүсээд байх ажил биш бололтой.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн

Сайдтай уулзсан тав дах иргэн

Энэ өдөр сайдтай уулзсан тав дахь хүн байлаа. Би хоёр охинтойгоо амьдардаг. Манай гэр бүлийн хүн 2002 онд автын ослоор өөд болсон. Тэр үед хүүхдүүд маань нэг, хоёрдугаар ангид байсан. Би архи дарс хэрэглэдэггүй, энэ хоёрыгоо хүн болгох гэж л явна. Манай хоёр охин оюутан. Нэг нь тэжээгчээ алдсаны 140 мянган төгрөг авдаг. Ирэх арваннэгдүгээр сард хугацаа нь дуусаж байгаа юм. Халамжийн мөнгөө аваад сургалтын төлбөрт нь нэмэрлэдэг байсан. Би ХӨСҮТ-д ажилладаг.

Зээлээр саяхан нэг байр авсан. Сард 300 мянган төгрөг төлдөг. Миний цалин хаанаа ч хүрэхгүй юм. Өөр дэмжлэг туслалцаа юу байдаг бол гэж явна. Энэ муу хоёр өнчин охиноо сургууль соёлыг нь төгсгөчих юмсан. Даанч миний чадал хүрэхгүй нь. Том охин маань “Отгонтэнгэр” дээд сургуульд олон улсын эрхзүйчээр, бага нь банк санхүүгийн мэргэжлээр сурдаг. Хоёулаа гуравдугаар дамжааных. Хоёр хүүхэд оюутан, би зээлтэй. Иймэрхүү амьдралтай хүмүүст зориулсан халамжийн өөр үйлчилгээ бий юү.

Сайд “Уг нь хоёулаа ирээдүйтэй мэргэжлээр сурч байгаа юм байна. Хуулиараа бол 18 нас хүрэхээр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсоох ёстой л доо. (Туслахаа дуудан “Халамжийн ажилтнаас хэн байна, Гэрэлтуяаг дууд” гэв ). Би халамжийн ажилтандаа үүрэг өгье. Өөр төрлийн халамж туслалцаа юу байна гэдгийг судлаад танд албан ёсоор хариу хэлье.

(Туслахаа дахин дуудан “Хурдлаач ээ, Гэрэлтуяа яав, хүн хүлээлгээд байх юм” хэмээв) Халамжийн ажилтан орж ирлээ. “Энэ хүнтэй уулзаад өргөдлийнх нь дагуу судалж үзээд, халамж тэтгэмжийг нь үргэлжлүүлэх боломж юу байна, нийгмийн халамжийн өөр төрөлд хамруулах боломжтой эсэхийг нягтлаад хариу өг. Надад танилцуулаарай” хэмээн үүрэг өгөв. Яг иймэрхүү шалтгаантай хэд хэдэн хүн орж ирэв.

Сайд дүүрэгтээ оршин суудаг хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзах үеэр сонгогч түмэнтэйгээ

Эл өдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож асан учир энэ асуудлаар хандсан иргэн олон байлаа. Хэлмэгдсэн ээж аав, өвөө, эмээгийнхээ асуудлыг дахин шалгуулах, янз бүрийн дэмжлэг тусламж тогтоолгох хүсэлтээ өгөв. Ер нь бол энэ асуудлаар сайдад байнга ханддаг гэсэн. Сайдад хаягласан өргөдөл хүсэлтийн дийлэнхийг нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал эзэлдэг байна. Заримдаа бүр хаа хамаагүй өөр салбарын асуудлаар ч орж ирдэг тухай сайд хэлэв.

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн янз бүрийн технологи, сургалтын гарын авлага, материал хийсэн, дэмжээч, эсвэл хөдөө, аж ахуйн техник, төхөөрөмж барьчихсан орж ирдэг аж. Зарим нь хаана хандахаа мэддэггүй ч юм уу, өчнөөн цаг заваа гарздаж ирчихээд биелшгүй зүйл ярьж суудаг аж. Мөн орон сууц, гэр хүссэн хүн ч их ханддаг байна. “Ер нь манай яаманд хүн дундарна гэж байдаггүй. Энгийн өдрүүдэд ч ялгаагүй иргэд байнга холхино. Мягмар гаригт бол дор хаяж 40 хүнтэй уулзана” хэмээв.

Сайд дүүрэгтээ оршин суудаг хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзах үеэр сонгогч түмэнтэйгээ

Зарим өндөр настан “Сайдтай хоёулхнаа уулзмаар байна, аминчлан ярих юм байна” хэмээн биднийг хамт байлгахаас татгалзсан. Жаргал, зовлонгоо ярьж, уйлж дуулах үе ч гардаг учир сайд ч үүнийг нь ойлгож хүлээж авдаг байна. Үдийн өмнө л гэхэд сайд 20 гаруй иргэн хүлээж авлаа.

13.00 цаг

Төрийн гурван өндөрлөг тэргүүтэй салбарын сайд, УИХ-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин С.Эрдэнийн талаар ийн ярьсан. “С.Эрдэнэ сайдтай парламентад хоёр дахиа сууж байна. Хүнийх нь хувьд авах юм их бий. Иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй, тэдэнд юу дутууг мэддэг. УИХ-ын гишүүд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ С.Эрдэнэ сайн биелүүлдэг гэж би хувьдаа дүгнэдэг. Аливаа хууль тогтоомжид түүний өгсөн санал, асуусан асуулт нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан байдаг.

Сайд болсноосоо хойш олон асуудал шийдлээ. Зах зээлийн нийгмийн үед нийгмийн даатгалаа төлөөгүй иргэдийн асуудлыг шийднэ гэж олон жил яриад бүтээгүй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд шүү дээ. Би хүртэл Байнгын хорооны дарга байхдаа хийж чадаагүй ажлыг С.Эрдэнэ сайд болонгуутаа шийдсэн. Иргэний эр зориг, иргэдээ гэсэн зүтгэлтэй нь холбоотой юм болов уу даа. Ааш занг нь сайн хэлж мэдэхгүй юм. УИХ-ын гишүүдэд уурлах, инээх үе гаралгүй яах вэ. Ямар ч байсан хүнлэг, хүнд тусархуу л хүн дээ” гэв.

14.00 цаг

Сайд дүүрэгтээ оршин суудаг хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзах үеэр нэгэн өндөр настан түүнд захиа өгөв

Сайд дүүрэгтээ оршин суудаг хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзах байсан ч чухал ажил гараад жаахан хоцорч ирэв. Баянгол дүүрэгт хэлмэгдсэн 86 хүн байдаг аж. Тэднээс дөрөв нь амьд сэрүүн байна. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн дүүргийн хурлын танхимд цувж ирсээр 15.00 цагт арга хэмжээ эхэллээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Д.Дэлгэрбат болон дүүргийн удирдлагууд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав. Жил бүрийн энэ өдөр дүүргээс нь тэднийг хүлээн авч уулзан, гарын бэлэг гардуулдаг гэнэ. Сайд ч мөн энэ арга хэмжээнд байнга оролцдог тухай дүүргийн удирдлагууд ярив.

Сайд дүүрэгтээ оршин суудаг хэлмэгдэгсэдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзах үеэр нэгэн өндөр настан түүнд захиа өгөв

15.20 цаг

Тэрбээр хоцорсондоо иргэдээс хүлцэл өчин “Энэ өдөр Монгол Улс даяар хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Энэхүү эмгэнэлт явдалд хэчнээн харуусан гашуудаад ч тэр олон хүн босоод ирэхгүй. Энэ хар өдөр дахин бидэнд тохиохгүй байх гэж найдаж байна. Хэлмэгдэгсдийнхээ ар гэр, тэдэн рүү чиглэсэн олон ажил хийх болно. Эхнээс нь орон байрных нь асуудлыг шийдлээ.

Цаашлаад үр хүүхэд, ач зээ нарыг нь төрийн зүгээс дэмжиж тусална гэдгээ илэрхийлж байна” гэлээ. Мөн тэрбээр ахмадуудад чиглэсэн бодлогыг арай өөр өнцгөөс нь харж, тэтгэвэрт суусан л бол хүүхэд асрагч, дэлгүүрт ачигч, гэрт цэвэрлэгч болдог тогтолцоог хална. Ахмадын хөгжлийн төвийг нийслэл төдийгүй хөдөө орон нутагт байгуулах тухайгаа ярилаа. Хэлмэгдсэн дөрвөн хүнд хувийн зүгээс мөнгөн тусламж үзүүлсэн.

Дүүргийн ахмадууд С.Эрдэнэ сайдад ам сайтай байдаг юм билээ. Түүний зарласан хурал цуглаанд танхим дүүрэн хүн ирдэг аж. “Дээр үед манайхыг Октябрийн район гэдэг байлаа. Засаг захиргааны нэгж нь хүртэл харь үг байсан. Түүнийг нутгийнх нь нэрээр Баянгол гэж нэрийдсэнээс хойш олон хүн манай дүүргийг удирдаж явсан. Тэдний нэг нь С.Эрдэнэ.

Тэрбээр дүүргийнхээ бодлогыг төрийн хэмжээнд авч үзэхийн тулд дөрвөн удаа сонгуульд өрсөлдсөн. Унаж байсан ч олон түмэн намчирхлын өвчнөөс ангижирч, бидний эрх ашгийг хамгаалж чадах хүнийг сонгосон. Манай дарга тойргийнхоо ард иргэдтэй байнга уулзаж, санаа бодлыг нь сонсож асуудлыг нь чадах чинээгээрээ шийддэг. Тиймдээ ч манай хэдэн настан буурлууд нарлаад, шатар тоглохдоо даргаа магтаж суудаг” хэмээн тус дүүргийн ахмадууд ярив.

С.Эрдэнэ сайд  иргэдтэй хийсэн уулзалтын үеэр

Баянгол дүүрэгт хэлмэгдсэн гэх дөрвөн хүн байдгийг дээр дурдсан. Тэдний дунд Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Г.Жамъян, Ардын уран зохиолч Т.Галсан гуай бий. Г.Жамъян “С.Эрдэнэ сайдыг сайн мэднэ. Аавтай нь хамт нэг байгууллагад ажилладаг байлаа. Аав нь их шударга, хүний төлөө санаа тавьдаг хүн байсан. Тиймээс би ааваар нь С.Эрдэнийг дүгнэдэг. Би өмнөх, өнөөгийн ч төр засгийнханд нэлээд шүүмжлэлтэй хоолны жор зохиох хоббитой ханддаг хүн. Гэхдээ энэ хүнд шүүмжлэлтэй хандаж зүрхэлдэггүй юм.

Учир нь сонгогдсон тойрогтоо төдийгүй улсдаа их юм хийж яваа. Ард түмнийхээ халамж, асаргааны талд олон хууль санаачилсан. Хөгшин биднийг байнга амралт, сувилалд явуулдаг. Иргэдтэйгээ байнга уулздаг. Ер нь Эрдэнэ шиг дүүргээсээ салдаггүй гишүүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд” гэв. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг ресторанд оруулснаар энэ арга хэмжээ 15.30 цагт өндөрлөлөө. Сайдыг энэ үйл ажиллагаанд үг хэлээд явчих байх гэсэн чинь цаг гаруй саатав. Дүүргийн удирдлагуудтай 30 минут орчим хуралдаж, ажил байдалтай нь танилцсан.

Дүүргийнхэн сайдыг “Дарга аа” гэж дууддаг юм билээ. Нэг мэдэхэд цагийн зүү 16.30-ийг зааж, сайд Засгийн газрын хуралдаанд оролцохоор яарлаа. Бидний хэн маань ч үдийн хоолоо умартсан байв. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга сайдад гурилтай шөл захиалав. Өнөөдөр УИХ-ын дарга тэргүүтэй зарим салбарын сайд Өмнөговь аймагт болох бүсийн уулзалтад оролцохоор мордоно. С.Эрдэнэ ч тийш явах юм. “Миний нэг өдөр яах вэ дээ, өглөө гэрээсээ гардаг л юм. Нэг л мэдэхэд орой болчихсон байдаг. Заримдаа цай, хоолоо ч идэж амждаггүй. Эрт харилаа гэхэд 21.00, ажил ихтэй үедээ шөнө дунд хүргэнэ шүү дээ.

Сүүлийн 20 жил Нийгмийн хамгааллын яамны салбарын түвшинд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал орхигджээ. Энэ жил бид 40 айлыг орон сууцанд оруулна.

Намайг яаман дээр байж байвал манайхан тарахгүй хүлээж л байна” хэмээх нь энгийн хэрнээ ажил хэрэгч нэгэн болох нь илт. Тэрбээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг салбарынхаа 5000 орчим ажилтны ядаж 30 хувийнх нь нийгмийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. “Манай яамны ажил их, өрөө тасалгаа нь хүрэлцэхгүй, нэг өрөөнд 3-4 хүн байдаг. Бодлого боловсруулан ажиллаж байгаа хүмүүс арай өөр орчинд ажиллах ёстой. Иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх гэж ажилладаг хүмүүсийн өөрсдийнх нь нийгмийн асуудал хүнд байж болохгүй.

Сүүлийн 20 жил Нийгмийн хамгааллын яамны салбарын түвшинд ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудал орхигджээ. Энэ жил бид 40 айлыг орон сууцанд оруулна. Мэдээж яам, агентлагийн хүмүүсээсээ хурлаар оруулаад сонгож байна. Мөн зургаан аймаг хоёр дүүргээс 130-аад ажилтан албан хаагчийг орон сууцтай болгож, хөнгөлөлттэй зээлд хамруулна.

Тухайн аймгийн Засаг дарга нартай яриад барилга барих газрыг нь шийдсэн. Яамны түвшинд эхний ээлжинд нийгмийн хамгааллын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хөтөлбөр боловсруулсан. Эхний үе шатанд эдгээр ажлыг хийнэ. Бүрэн эрхийнхээ хугацаанд салбарын 1700 орчим албан хаагчийн нийгмийн асуудлыг шийднэ” хэмээн ярих нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй нь харагдаж байв.

С.Эрдэнэ сайд яамныхаа урд 11 давхар өргөтгөл бариулж байгаа юм билээ. Энэ объектод цахим архивын Цахим мэдээллийн төв байгуулах юм байна. Тус салбарт иргэдийн архив, материал их байдаг. Зарим аймагт хоёр, гурван өрөө дүүрэн цаасан архив хадгалдаг, сүүлдээ тэр нь багтахаа больсон тул сайд цахим мэдээллийн сан бий болгож, энэ асуудлыг нэг тийш болгох бололтой.

Хувь хүнтэй холбоотой архивын материалыг дор хаяж 70 жил хадгалах ёстой байдаг аж. Яамны өргөтгөл ашиглалтад орсноор нийслэл, хөдөө орон нутгаас цаасан архивыг татаж төвлөрүүлээд, эндээ цахим хэлбэрт шилжүүлэх юм байна. “Цаас ухан цагаа гарздаж, харшилтай болохоо больё” гээд ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас биднийг дэмжиж байгаа” гэсэн.

Тэрбээр сайд болоод анх удаа хүн амын бүлгүүд рүү чиглэсэн үндэсний таван чуулган зохион байгуулсан.Үр дүнг нь үндэслэн Хүн амын цогц бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ирэх сарын эхээр Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барина гэв.

Их хуралд сууснаасаа хойш амралт, чөлөөт цаг гэдэг үг түүний үгийн сангаас хасагдсан гэнэ. Чөлөөт цаг гаруут орон нутагт, эсвэл сонгогдсон дүүрэгтээ ажилладаг аж. Хагас, бүтэн сайн өдрийн аль нэгд нь дүүрэг дээрээ очно. Сайдын үндсэн хобби нь дугуй унах. Залуу байхдаа дугуйн спортоор арваад жил хичээллэжээ.

Одоо бол хаа нэгтээ л унадаг гэсэн. Түүнд хэр баргийн хүнд байдаггүй BMW маркийн унадаг дугуй бий. Бас хөлбөмбөг, сагс тоглох дуртай. Долоо хоногт 2-3 удаа бассейнд сэлдэг байсан ч ажлын шаардлагаар нэгээс хэтрэхээ байжээ. Тэрбээр өөрийгөө сайн тогооч хэмээн тодорхойлсон. Өөрөө жор зохиож, хоол хийнэ, загас их сайхан шардаг аж. “Залуу байхдаа бууз, хуушуур гэдэг л байлаа. Нас ахихаар шөлтэй хоолонд дуртай болчихдог юм байна.

Хуурганаас будаатай хуурганд л дуртай. Хорхог, боодгонд дургүй. Хорхог гэхээр нэр нь хүртэл нэг л буудаггүй. Яамныхан сайдыг ажил дээрээ байгаа үедээ байнга банштай цай, эсвэл гурилтай шөл л иддэг гэсэн. Хөдөө гадаа томилолтоор явахдаа заавал гурилтай шөл, байхуу цай ууна гэж зөрүүдэлдэг аж. “Томилолтоор явахдаа наргианч шогч зантай хэрнээ ажил дээрээ ирэхээрээ нэг л сүрдмээр байдаг” хэмээн тодорхойлсон.