“Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн” зохион байгууллаа.
2013.09.10

Агаарын бохирдлыг бууруулахад хэсгийн ахлагч нартай хамтарна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдэд бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан  орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан,

Цэвэр агаарын сангийн захирал Г.Баярсайхан, Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд болон гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг долоон дүүргийн 880 хэсгийн ахлагч нар оролцсон бөгөөд 2013-2014 оны халаалтын улиралд бүрэн шаталттай зуухыг хөнгөлөлттэй үнээр хэрхэн борлуулах талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

“Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн”-д гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нар оролцжээ.

Өмнө нь бүрэн шаталттай зуух аваагүй, хороондоо бүртгэлтэй иргэдийг зөв мэдээллээр хангаж, хөнгөлөлтөд хамруулахын тулд хороодын хэсгийн ахлагч нарын үүрэг чухал.  Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнөөр бүрэн шаталттай зуухыг иргэд хэрхэн, хаанаас, хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ жил 45 000 өрхөд БГД, БЗД, СБД, ХУД, ЧД-т байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа юм.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга хороодын хэсгийн ахлагч нарт хандаж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж буй бүрэн шаталттай зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил удахгүй эхэлнэ.

Энэ ажилд та бүхний оролцоо ихээхэн чухал учраас чин сэтгэлээсээ хандаж, идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байна” гэж онцлон дурдлаа.