Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна
Агаарын бохирдол
2013.08.21

Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн даваа гарагт боллоо. Өнөөдрийн байдлаар гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45 мянган ширхэг зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Өнгөрсөн өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34 мянган тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байснаас 8000 тонн түлш нийлүүлжээ.

Улаанбаатарын зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш. Гэвч түүхий нүүрснээс хоёроос гурав дахин үнэтэй. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй.

Улаанбаатарын зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш.

ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгааг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан хэлэв.

Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг. Зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7.6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна.

Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболдын танилцуулснаар Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангана.