Шадар сайд Д.Тэрбишдагва “Нарантуул” захад ажиллаа
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан шатсан газруудаар биечлэн явж танилцлаа.
Одоогийн байдлаар гал гарсан дээрхи газрыг бүрэн хамгаалалтад авсан бөгөөд галын шалтгааныг тогтоохоор, хэргийн газарт үзлэг, шинжилгээ хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Гал унтраахад Онцгой байдлын албаны нийт зургаан гал унтраах ангийн 125 албан хаагч ажилласан аж.
Шадар сайд түрээслэгчдэд хандан хэлэхдээ хуулийн байгууллагынхан болон галын шинжээчдийн нэгдсэн дүгнэлт гарсны дараа гал юунаас гарсан нь тодорхой болно. Тийм учраас аль болох богино хугацаанд асуудлыг яаралтай шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдлээ.
Нарантуул” ОУХТ-ийн барилга нь 1999 онд баригдсан
Дашрамд мэдээлэхэд олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ худалдааны байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт хийх удирдамжийг Монгол Улсын Шадар сайд энэ оны 2 дугаар сард батлан нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан байна.
Энэхүү шалгалтаар “Нарантуул” ОУХТ-ийн барилга нь 1999 онд баригдсан төмөр бетон каркас тулгуур баганатай, дээврийн хийц гурван хэсэг хагас дугуй хэлбэртэй, ханын өрлөг нь хөнгөн блок, гадна талаараа сендвич төмөр ханатай, тэнхлэгийн урт 127 м, өргөн нь 69 м байсан аж. Тус худалдааны төвд нийт 300 гаруй түрээслэгч, 98 павилон, 28 цайны газар ажилладаг байжээ.
Шалгалтын явцад урьд илрүүлсэн зөрчлүүдийн биелэлт 80 хувьтай, заавал биелүүлэх албан шаардлагын биелэлт хангалтгүй, зөрчил дутагдлыг арилгааагүй, өгсөн үүргийг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.