Цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээг хаана өгөх вэ?
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт элсэлтийн зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжид бүртгэлийн үеэр хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн шинжилгээний бичиг, төлбөр хураамжийг авахгүй байхыг тусгасан байна. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхлээд гурав хонож байна. Эхний хэдэн өдөр хуучин явж байсан хүүхдүүдээ бүртгэнэ. Харин энэ сарын 26-наас эхлэн шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэнэ гэж байгаа. Эцэг, эхчүүд ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ?
- Энэ жилийн хувьд, наймдугаар сарын 19- 23-ны хооронд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг бүртгэнэ.
Асуувал хариулъя харин энэ сарын 26-28-ны хооронд шинээр элсэгчдийг бүртгэнэ. Шинэ, хуучин элсэгчдийг ийнхүү ялгаж байгаа нь хамран сурах тойргийг тодорхой болох гэснийх юм. Өөрөөр хэлбэл, хамран сурах тойрог гэдэг нь шинээр элсэх хүүхдүүдэд хамаатай буюу тойргийн бус ч урьд нь цэцэрлэгтээ явж байсан хүүхдүүд тэндээ үргэлжлүүлэн явж болно гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, цээж зурагтай нь ирэхэд болно.
-Жил бүрийн өдийд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхлэх үеэр дүүргийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахаа больдог. Учир нь, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээг өгөх гэсэн эцэг, эхчүүд есдүгээр сарын 1-н хүртэл ингэж дугаарладаг. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
- Энэ жил бид эцэг, эхчүүдэд аль болох хүндрэл үүсгэхгүй байх үүднээс ажлаа зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн. Тийм болохоор бүртгэл хийгдэж дууссаны дараа буюу энэ сарын 28-31-ны хооронд эрүүл мэндийн шинжилгээг бид нэгдсэн журмаар зохион байгуулах тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, тухайн цэцэрлэг болон тухайн дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулна.
Хэрэв энэ хугацаанд таны хүүхэд шинжилгээнд хамрагдаж чадахгүй бол хичээлийн шинэ жил эхлэхэд буюу цэцэрлэгт орох өдрөө эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан бичгийг аваад ирж болно. Тэгэхгүй бол зарим эцэг, эх хүүхдийнхээ шинжилгээг өгнө гэж гадуур баахан ажил болгож гүйчихээд хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй хоцрох тохиолдол байдаг. Тиймээс ийм зохицуулалтыг хийж байна.