ТЭЦ- V станцын ТЭЗҮ-д өөрчлөлт оруулна
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, дулааны V цахилгаан станц барих газар сонголтын талаар БОНХЯ, Эрчим хүчний яамны мэдээллийг сонссон юм.
Тэдний өгсөн мэдээллээр дээрх цахилгаан станцын байршлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгожээ. 2005 онд анх ТЭЦ-lll-ийн хашаан дотор уг станцыг барихаар болсон байсан ч зарим шалтгааны улмаас өөрчлөх шаардлага гарсан аж. Тухайлбал, ТЭЦ-lll хашаан доторх газар давчуугийн дээр зарим тооцоо нь зөрүүтэй гарч, 14 аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлүүлэх асуудал тулгарчээ.
Энэ ажилд 50 гаруй тэрбум төгрөг шаардлагатайгаас гадна хотын төв хэсгээр хоёр сая тонн нүүрс тээвэрлэх болсон аж. Үүнийг нэвтрүүлэх чадвар хэцүү зэргийг харгалзан үзэж зүүн талд газар сонгосон байна. Мөн Улаанбаатарын баруун талд дулааны томоохон эх үүсвэрүүд төвлөрсөн байдаг учир энэ станцыг зүүн талд барих нь хамгийн зөв гэж мэргэжилтнүүд үзжээ. Ингээд дахин шинээр газар сонгох асуудал үүсч, хоёр гурван газрыг судалж үзэхэд Хонхор орчмын газар нийслэлээс 24-25 км-ийн зайтай. Харин ТЭЦ l\/-ээс хотын зүүн зах хүртэл 22 км гэнэ. Тэгэхээр Хонхорт дулааны станц барьчихвал зүүн зах хүртэл 25 км шугам татна гэсэн үг. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн дулааны шугам хөлдөх, бусад байгалийн хүчин зүйл нөлөөлж болзошгүй учир "Ургах наран" хорооллын ойролцоо төмөр замын урд талд "Чулуутын ам" гэдэг газрыг сонгосон байна.
"Чулуутын ам"-нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ордог учир станц барих боломжгүй
Гэтэл энэ газарт Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд ордог учир станц барих боломжгүй гэсэн хариуг БОНХЯ өгчээ. Эрчим хүчний яамны ажлын хэсэг БОНХЯ-тай хоёр удаа зөвшилцсөний дүнд төмөр замын хойд талд "Хөлийн гол"-ын хөндийд 43 га газарт станц барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байна. Энэ газрыг Эрчим хүчний яамны нэр дээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан аж.
Одоо тус яам газраа нэр дээрээ шилжүүлэхийн тулд кадастрын зураглалыг "Геомастер" компаниар хийлгэж байгаа гэсэн. Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж байгаа аж. Харин байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргуулахын тулд ТЭЗҮ-д бага зэрэг өөрчлөлт оруулах нь. Тухайлбал, ус, хөрс, геологи геодезийн судалгаа хийнэ. Судалгааг ТЭЦ-\/ станц барих тендерт шалгарч үлдсэн хоёр консерциумын гүйцэтгэгчээр шалгарсан компани нь хийх юм байна. Үүний дараа тэд БОНХЯ-аар батлуулах гэнэ.
Шинээр сонгогдсон байршил хэд хэдэн давуу талтай аж. Нэгдүгээрт, нүүрсний хангамжийн асуудлыг Засгийн газар хүлээнэ. Өөрөөр хэлбэл, төмөр замтай ойр учир Туул зөрлөгөөс 1.5 км төмөр зам тавьж улмаар нүүрс татах боломжтой. Мөн усны асуудлыг шийдэхээр хэд хэдэн хувилбарыг судалж байгаа гэнэ. Тухайлбал, саарал усыг үйлдвэрт дахин ашиглах боломжийг судалж буй аж. Нүүрсний үнсийг барилгын материалд ашиглах тооцоо судалгааг ч хийсэн гэнэ. Харин энэ талаар БОНХ-ийн дэд сайд'Б.Тулга "Газрын байршилтай холбоотой шийдвэр гарсан. ТЭЗҮ хийх үеэр "Хөлийн гол"-ын гольдролыг өөрчлөх байх. ТЭЗҮ нь гэрээг хэрэгжүүлэгч байгууллагууд боловсруулсны дараа манай яам хянаж, дүгнэлт гаргах юм" гэв.
Станцын янданг 250 метр өндөрт барихаар төлөвлөсөн. Тоосонцор 99.9 хувийн шүүлтүүртэй байх аж.
Нийслэлийн салхины урсгал зүүнээс баруун руу 100 метр өндөр байдаг гэх судалгаа бий. Тиймээс энэ станцын янданг 250 метр өндөрт барихаар төлөвлөжээ. Мөн станцаас гарч буй тоосонцор 99.9 хувийн шүүлтүүртэй байх аж. Ингээд гишүүд сонирхсон асуултаа асуусан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон ТЭЗҮ нь хараахан гараагүй байгаа юм байна. Концессын гэрээ ч хийгээгүй гэлээ. Эдгээр зүйл хэдий хугацаанд бэлэн болох вэ, усны нөөц баталгаатай юу" хэмээн лавлахад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Дэлгэрцогт "Газрын асуудал шийдэгдсэн учир кадастрын зургийн дагуу ажил явна. ТЭЗҮ-д зохих хэмжээний өөрчлөлт орно.
Үүнд 3-4 сарын хугацаа шаардана. Гэрээ хэлэлцээрүүдэд Эдийн засгийн хөгжлийн яам манай яамны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг байнга хуралдаж байгаа. Усны нөөцийн судалгаагаар хоногт 276.600 шоо метр ус хэрэглэх тооцоо байна. Энэ нь нийслэлчүүдийн одоо хэрэглэж буй ундны устай дүйцэж байгаа. Тиймээс шинэ үйлдвэр барихгүй бол усны нөөц хүрэлцэхгүй гэх дүгнэлтийг БОНХЯ хийсэн. Эсвэл усны нөөцийг Улаанбаатарын гадна Туул голын сав газраас татаж оруулж ирэх, үгүй бол Тэрэлжийн тэнд усан сан байгуулж шийдэх зэрэг хувилбар судалж байгаа" гэв.
Харин Я.Содбаатар үе үеийн парламент Засгийн газрын үед цахилгаан станц барих байршлыг өөрчилдөг. Анх 2004 онд уг станцын газрын сонгох эсэхэд олон улсын шинжээчид ажиллаж, багагүй хөрөнгө мөнгө зарцуулж байсан. Одоо дахиад газар сонгож байна, төрийн ажлыг амбицаар хийж болохгүй хэмээн шүүмжлэхэд Су.Батболд гишүүн ч түүнтэй санал нэг байв. Энэ мэдээллийг сонссоны дараа тус Байнгын хороо Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох байсан ч салбарын сайд нь Австрали улсад хуралд оролцож байгаа учир долоо хоногоор хойшлуулахаар боллоо.