Г.Баярсайхан: Бид Засгийн газрын шахалтаар хууль батлахгүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
-Та өнгөрсөн долоо хоногт Байнгын хорооныхоо хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан. Харин та хувь гишүүний хувьд хэр зэрэг үр бүтээлтэй ажиллав?
-Өөртөө дүн тавих нь хаашаа ч юм бэ дээ. Байнгын хорооны дарга гэдэг утгаараа гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа. Хамгийн сүүлд л гэхэд Л.Энх-Амгалан С.Баярцогт, Н.Батцэрэг Л.Цог. Ж.Эрдэнэбат зэрэг гишүүдийн өргөн барьсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулсан.
Ингэснээр ойг хамгаалах заалтыг улам тодорхой, оновчтой болгосон. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өргөн барьсан Ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийн хэлэлцэх эсэхийг шийдээд дэмжсэн. Намрын чуулганаар үргэлжлүүлээд хэлэлцэнэ.
Түүнчлэн Газрын тухай багц хуулийн төслийн хүрээнд таван ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгүүд 16 удаа хуралдаж, маш олон санал гарсан. Энэ саналуудыг хуулийн төсөлдөө тусгаж улам чамбайруулна. Намрын чуулганаар таван хуулийн төслөөс бүрдсэн Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэн батлуулна.
-Тэгэхээр намрын чуулганаар танай Байнгын хороо нэлээд ачаалалтай ажиллах нь ээ.
-Тийм ээ. Нэлээд ачаалалтай ажиллах төлөвтэй байна.
-УИХ Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл болон засгийн үйл ажиллагаатай холбоотой төслүүдийг ногоон гэрлээр хэлэлцэн батлаад, гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй дарж байна гэсэн шүүмжлэл гардаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газрын төслүүдийг ногоон гэрлээр батлаад, гишүүдийн төслүүдэд хойрго хандсан зүйл байхгүй. Манай Байнгын хороо Засгийн газрынх ч бай, хувь гишүүнийх ч бай хуулийн төслүүдийг ялгалгүй хэлэлцдэг.
Газрын тухай хууль
Хамгийн гол нь аливаа хуулийн төсөлд хэн нэгний ашиг сонирхол шингээгүй, улс орны эрх ашигт нийцсэн байх ёстой. Гишүүдийн өргөн барьсан Газрын тухай багц хуулийн төслийг Засгийн газар хурдхан шиг батлуулчих сонирхолтой байгаа. Гэхдээ бид Засгийн газрын шахалтаар хууль батлахгүй. Яаралгүйгээр маш няхуур хэлэлцэх шаардлагатай. Энэ ч үүднээсээ таван ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгүүд хаврын чуулганы хугацаанд олон удаа хуралдсанаас гадна ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн мэргэдийг оролцуулан олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ бүх хэлэлцүүлгийн явцад Засгийн газар Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан байснаа эргүүлэн татсан.
-Засгийн газар ямар шалтгаанаар Газрыг албадан чөлөөлөхтухай хуулийн төслөө эргүүлэнтатсанюмбэ. Газрынтухайбагцхуулийн төслийн заалтуудтайдавхацсан заалттай байсан гэсэн үг үү?
-Газар албадан чөлөөлөх гэдэг нь хүний эрх, өмчид халдана гэж сонсогдоод байгаа биз. Газар чөлөөлүүлнэ гэдэг нь тухайн иргэнийг хохиролгүй болгоно л гэсэн үг шүү дээ. Газраа чөлөөлсөн иргэн сэтгэл ханамжийн баталгаатай үлдсэн байх ёстой. Гэхдээ иргэд газраа чөлөөлөхгүй гэж хэт их мөнгө нэхэх зэргээр төрийнхөө ажлыг гацааж болохгүй.
Газрын тухай багц хуулийн төсөлд газрын харилцаатай холбоотой бүх зохицуулалтыг оруулна. Нийтийн эрх ашигт хамааралтай цахилгааны шугам, цахилгаан станц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг дэд бүтцийн барилга байгууламж барих газрыг иргэд хурдан хугацаанд чөлөөлөөд өгчихдөг байх хэрэгтэй. Үүний тулд газар чөлөөлөх хууль нь тодорхой байх ёстой.
Одоо бол мөнгө төлөөд газрыг нь чөлөөлүүлнэ. Үгүй бол хүчээр чөлөөлүүлнэ гэсэн ойлголт яваад байна. Г азар чөлөөлүүлэх асуудал ганцхан манай улсад байгаа юм биш. Дэлхийн бүх улс орон хуучин барилга байшингаа нурааж шинийг барих, иргэдээсээ газрыг нь авч нийтийн зориулалттай барилга байгууламж барих ажил хийж байна. Ингэхдээ нэг зарчим баримталдаг.
Юу гэхээр, тухайн газарт оршин суугаа иргэдийн 70 хувь нь засаг захиргаанаасаа тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тэр газрыг бүхэлд нь чөлөөлдөг. Манайд ч гэсэн энэ зарчмаар явах ёстой гэсэн бодолтой байна.
-Газар чөлөөлөх асуудлын маргаанаас гадна газрын нэрийг өөрчлөхтэй холбоотой маргаан гардаг боллоо. Тухайлбал, Сүхбаатарын талбайг Чингисийн гэж нэрлэсэн нь маргаан дагууллаа. Та энэ шийдвэрийг зөв гэж үзэж байгаа юу?
-Чингис хааны талбай гэж нэрлэснийг би хувьдаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл, Чингис хаан бол зөвхөн Монголын түүхэнд биш дэлхийн түүхэнд бичигдсэн хүн. Чингис хааныг өөрийн гэж зарлаж байгаа үндэстэн, улс орнууд бий. Эдгээр улс, үндэстэн төв талбайгаа Чингис хааны нэрээр нэрлэх асуудал нээлттэй. Тиймээс бид ийм зүйл болохоос өмнө улсынхаа нийслэлийн төв талбайг Чингис хаанаараа нэрлэсэн нь зөв.
Сүхбаатар жанжныг би түүхэн хүн гэж хүндэтгэж явдаг. Энэ хүн бол яах аргагүй Монгол Улс тусгаар тогтнолоо олоход хүчин зүтгэж, амь бие, зүрх сэтгэлээ харамгүй зориулсан хүн. Түүний нэрээр нэрлэсэн төрийн одон медаль, аймаг байдаг. Энэ утгаараа төв талбайнхаа нэрийг өөрчиллөө гээд Сүхбаатар жанжныг үгүйсгэж байгаа юм биш. Зарим хүн энэ асуудлыг улс төрийн өнцгөөс тайлбарлаад байна лээ.
Сүхбаатаргүйгээр 1990 оны ардчилсан хувьсгалыг төсөөлж болохгүй гэж. Тэгвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалгүйгээр 1921 оны ардын хувьсгалыг төсөөлөхийн аргагүй. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч нь Богд хаан байсан.
Тиймээс бид Богд хаанд бас хөшөө босгох ёстой. Хэдийгээр Түвд хүн байсан ч гэсэн Монголын тусгаар тогтнолыг хамгийн хүнд цагт сэргээн мандуулсан хүн. Сүхбаатарын талбай заавал байх ёстой гэж үзэж байгаа юм бол Богд хааны талбай, хөшөөг ч нэг газар байгуулах хэрэгтэй.
-Хамгийн гол нь нийслэлийн ИТХ-ын арван тэргүүлэгч хуралдаад долоон хүний саналаар төв талбайн нэрийг өөрчилсөнд зарим иргэн дургүйцэж байх шиг байна. Шууд ардчилал, иргэдийн оролцоо гэж ярьдаг хэрнээ ингэж цөөхөн хүн шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна шүү дээ.
-Монгол Улсын иргэдийн олонхоос гадна дэлхий даяар оршин суугаа Монгол үндэстнүүд Монгол Улс нийслэлийнхээ төв талбайг Чингис хааны талбай гэж нэрлээсэй гэж хүсч байсан учраас энэ шийдвэрийг цөөхөн хүн эсэргүүцэж байгаа гэж бодож байна.