Орон сууцны зээлд 3800 иргэн хамрагджээ
Долоо хоног бүрийн даваа гарагт шинэчлэлийн Засгийн газраас монгол орны өнцөг булан бүрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийдэг уламжлалтай болсон билээ. Энэ удаагийн ээлжит хуралд сайд нар хариуцсан салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явцыг танилцуулсан юм.
Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд тавьж буй 267 км төмөр замын ажил 26.9 хувьтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос дөрвөн хувиар ахисан үзүүлэлт гэнэ. Энэ жил зургаан аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор болсон.
Уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн замыг энэ сарын сүүлээр улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Одоо тус замын тэмдэг тэмдэглэгээг хийж буй гэсэн. Мөн Дорноговь, Дундговь аймгийн замыг ирэх найм, есдүгээр сард ашиглалтад оруулах аж.
Хөвсгөл аймгийн замын ажил зогсч, тендерт шалгарсан БНСУ-ын компанийн гэрээг цуцлахаар болоод байсан ч тус компанийн удирдлагууд энэ ондоо багтааж замаа ашиглалтад оруулна хэмээн учирласан тул хоцорсон ажлаа нөхөж хийхэд 20 гаруй хоногийн хугацаа өгчээ. Тэд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэвэл гэрээг нь цаашид сунгах юм байна.
Амгалан дулааны станцыг барих газрыг чөлөөлөхөд 16 тэрбум төгрөг шаардлагатай.
Нийслэлийн 33 хэсэгт дөрвөн замын уулзвар хийх "Гудамж" төслийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа. Салбарын сайд нь ажлын явцынхаа талаар "Өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхийн болон АПУ-гийн хойд талын замыг дөрвөн замын уулзвар болголоо.
Өнөөдрийн байдлаар дөрвөн хэсэгт замын уулзвар хийхээр ажиллаж байна. Үүнээс гадна нэмж хоёр газрыг дөрвөн замын уулзвартай болгоно" гэв. Нийслэлд дулааны эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учир цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, зарим газарт шинээр станц барихаар болоод байгаа. Харин
М.Сономпил: ТЭЦ lll цахилгаан станцын гэрээг эцэслэн шийдвэрлэсэн.
Амгалангийн дулааны станцыг барихад газар чөлөөлөх асуудал багагүй маргаан дагуулж буй. Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил "ТЭЦ lll цахилгаан станцын гэрээг эцэслэн шийдвэрлэсэн. Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд тус станцыг 50 мгВ-аар өргөтгөнө. Харин Амгалан дулааны станцыг барих газрыг чөлөөлөхөд 16 тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг жилийн найман хувийн хүүтэй орон сууцны / эдийн засгийн өсөлтөөс хамааран +1, -1 хэлбэлзэнэ/ зээлд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар банкны зээлээр орон сууцтай болсон 13 орчим мянган иргэн найман хувь руу шилжсэн байна.
Түүнчлэн шинээр 3800 гаруй иргэн байрны зээлд хамрагдсан аж. Орон сууцны 155 компани барилга угсралтын ажил хийж байгаагаас "Жигүүр гранд", "Эко констракшн" үнээ үндэслэлгүй нэмсэн учир хөнгөлөлттэй зээлээс хасах талаар ярилцаж байгаа гэнэ.
Тэд орон сууцны ам.метр тутамдаа 300-гаас дээш мянган төгрөгөөр үнээ нэмсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн "Тухайн компани орон сууцныхаа нэг ам.метр талбайг 300 мянга дотор нэмбэл хэвийн гэж үздэг.
Э.Бат-Үүл: Хүй долоон худгийн замын ажил дууссан.
Харин түүнээс дээш төгрөгөөр нэмбэл үнэ хөөрөгдсөн гэсэн үг” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Барилгын материалын үнийг бууруулж, хөнгөлөлттэй зээл өгч байхад орон сууцны үнэ нэмэгдэх ёсгүй. 300 мянган төгрөг гэж та юу яриад байна" хэмээн бухимдав.
Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын хувьд өнгөрсөн жилээс хийж эхэлсэн 22-ын товчооны замын ажил дуусч байгаа аж. Энэ тухай хотын мээр Э.Бат-Үүл "Хүй долоон худгийн замын ажил дууссан. Сэлбийн хос гүүрний хойд талынх нь гүүр маргааш /өнөөдөр/ нээгдэнэ. Офицеруудын ордон хүртэлх замын хучилтыг дууссан" хэмээн Ерөнхий сайдад ажлаа тайлагнасан юм.