"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт боллоо.
2013.07.09

Хурдны замын шавыг наадмын дараа тавина

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын 59 км-ийн газар шорооны ажил хийгдсэн нь нийт ажлын  26,93 хувь юм.  Энэ нь  өнгөрсөн долоо хоногийнхоос 4 хувиар өссөн үзүүлэлт гэж  Зам, тээврийн сайд  А.Гансүх долоо хоног тутам нээлттэй болдог Засгийн газрын бүтээн байгуулалтын цагаар хэллээ.  

Сайд цааш нь Улаанбаатар-Баянхонгорын замын ажил дуусч, тэмдэг тэмдэглэгээ хийсний дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.  Дорноговь аймгийн Сайншандын зам 9 дүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орно. Дундговь аймгийн зам 10 дугаар сарын нэгэнд дуусч, бусад нь 11 сард багтаж хүлээлгэн өгнө.  

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхийн болон АПУ ХК-ийн арын уулзварыг ашиглалтад оруулсан тухай мэдээлээд “Хурдны зам” төслийн ажлын  шавыг наадмын дараа тавина гэлээ.  

15 мянга гаруй хүн орон сууцны урт хугацааны зээлд хамрагдаад байна.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 15 мянга гаруй хүн орон сууцны урт хугацааны зээлэнд хамрагдаад байгаа тухай мэдээллээ. Иргэдийн орон сууцны зээлд хамрагдах нөхцөл сайжирснаас “Жигүүр гранд”, “Экоконстракшн” зэрэг зарим компани орон сууцны үнээ нэмжээ. 

Ерөнхий сайд  Засгийн газраас орон сууцны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд үнэ өсөх ямар ч нөхцөл байхгүй гээд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл өгч, дэд бүтцийн асуудлыг засгийн газар хариуцаж, иргэдэд зээлд хамрагдах боломж олгож байгаа ийм нөхцөлд байрны үнээ нэмж байгаа компаниудтай ярилцаж, худалдан авагчдыг хохироохгүй байх талаар санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо.