Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.07.08

ЖДҮ-ийн төслийг 27.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ бүтээн байгуулалтын хүрээнд хийж байгаа ажлаа танилцуулав.

Авто замд Дунд хугацааны бондын 580 сая ам.долларын санхүүжилтээс Улаанбаатар, орон нутгийн авто замын салбарт буюу зам барилгын ажил, хяналтын зөвлөх үйлчилгээ, зураг төслийн үйлчилгээний төслүүдэд 229.7 тэрбум төгрөг олгосон байна.

Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох бусад зам, барилгын ажлын хувьд гүйцэтгэгч компаниуд шалгарсан газар шороо, хөрсний ажлууд хийгдэж байна.

Дарь эхийн уулзварын шинэчлэл

Чойр-Сайншанд чиглэлд нийт 310 км урт, 93.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зам барилгын ажлаас 176.4 км замын ажил 77.1 хувийн гүйцэтгэлтэй, 133.5 км замын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дуусаад байна. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж дуусаад долоодугаар сард ашиглалтанд ороход бэлэн болсон.

"Гудамж" төсөлд Нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг шинэчлэн засварлах, босоо, хөндлөн чиглэлд хурдны зам барих зорилготой энэхүү төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулсан ба Хүй долоон худгийн барилгын ажлыг долоодугаар сарын 5-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг төсөлд Хөгжлийн банкнаас 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов.

Төмөр замд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын барилгын ажил 2013-2015 онд, нийт 540 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байна.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг тавдугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар барилга угсралтын талбайд нийт 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна.

Эрчим хүчний дэд бүтцэд Дулааны IV цахилгаан станцыг 100 мВт хүчин чадлаар нэмэгдүүлэх турбин суурилуулна. Ингэснээр 680 мВт цахилгаан, 1225 Гкал дулааны хүчин чадалтай болно. 2014 онд ашиглалтад орно.

Дулааны 3-р цахилгаан станцын 136 мВт цахилгаан, 485 Гкал дулааны хүчин чадлыг 50 мВт, 100 Гкал-аар тус тус нэмэгдүүлэх турбин суурилуулна. 2013 оны зургаадугаар сард ажил эхэлж, 2013 онд багтаан ашиглалтад оруулна.

Дунд хугацааны бондын санхүүжилтээс Ховдын цэвэрлэх байгууламж болон Баянголын амны дулаан хангамжийн IV ээлжийн барилгад зориулан нийт 750 сая төгрөгийн санхүүжилтийг олгов.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, арилжааны банкуудтай хамтран нийт 32 жижиг, дунд үйлдвэрийн төсөлд 27.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Барилгын материалын үйлдвэрлэлд Улирал харгалзахгүйгээр жилд 250 м.кв төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах ба уг төслийн үр дүнд барилгын материалын өртөг буурах ач холбогдолтой. Одоо тоног төхөөрөмж худалдан авах гэрээг Германы үйлдвэрлэгчтэй байгуулахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжиснээр жилд 5000 айлын орон сууц үйлдвэрлэх боломжтой юм.