Д.Ганбат: Төрөөс явуулж байгаа зарим бодлого тооцоо судалгаа муутайгаас иргэдэд хүнд тусдаг
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.07.26

Д.Ганбат: Төрөөс явуулж байгаа зарим бодлого тооцоо судалгаа муутайгаас иргэдэд хүнд тусдаг

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа

-УИХ хаврын чуулган завсарласан хугацаанд та ямар ажил хийж байна вэ. Саяхан тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тойрогтоо ажиллаад ирсэн. Хаврын чуулган завсарласны дараа Тайвань улс руу томилолтоор яваад ирлээ. Тус улсын жижиг дунд үйлдвэрлэлтэй танилцсан. Мөн тэнд Монгол Улсын түүхтэй холбоотой чухал баримт бичгүүд их байдаг юм байна.

Тухайлбал, “Монголын нууц товчоо” эх хувиараа хадгалагдаж байна лээ. Мөрдөх албаны тухай хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж байна. Удахгүй тойрогтоо очиж ажиллана. Манай аймагт “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сум уг төсөлд хамрагдсан.

Одоогоор тэнд ажил нь 30 гаруй хувьтай явж байгаа. Ирэх есдүгээр сард төслийн хүрээнд хийж байгаа ажлаа хүлээлгэж өгөх байх. Өмнө нь тухайн сум, багийг хөгжүүлэх зорилгоор төсөвт нэг сургууль, цэцэрлэг барих төсөв суулгадаг байсан бол одоо Канад технологиор богино хугацаанд “Шинэ сум”-ыг барих юм.

Энэ нь сүүлийн жилүүдэд орхигдоод байсан сум орон нутгийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутаг маань эзэнтэй болж, залуус очиж ажиллахын зэрэгцээ иргэд нь төрийн үйлчилгээгээ цогцоор авдаг болно. Хот руу чиглэсэн их нүүдэл ч багасна. Үүнийг дагаад орон нутгийн залуус ажилтай, орлоготой болж байна. 

-БНХАУ-аас манай улсад албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчид Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй уулзлаа. Уул­залтаар ямар үр дүнд хүрэв?

-Өмнөд хөршийн худал­даа­ны салбарыг хариуцаж ажилладаг их хуралд суудаг хүмүүстэй уулзлаа. Монгол-БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн байдал сүүлийн жилүүдэд ямар байгаа талаар ярилцахын сацуу төсөв, эдийн засгийн талаар Монголоос явуулж байгаа бодлогын талаар тэд асууж сонирхсон. Тухайлбал, худалдааны талаар Эдийн засгийн байнгын хороо ямар бодолтой байдаг зэрэг асуудлаар санал солилцлоо.

-Х.Баттулга гишүүний хамт Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна лээ. Ямар заалтыг нь өөрчлөх юм бэ?

Аудит

-Төсвийн тухай хуульд Баянхонгор-Арвайхээр чиг­лэлийн замын нэр буруу орсон байна лээ. Энэ буруу ойлголтыг залруулах үүднээс уг хуульд өөрчлөлт оруулахаар хаврын чуулган завсарлахын өмнө хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан.

Өөрөөр хэлбэл, Нарийнтээл- Баянхонгор гэж өөрчлөх юм. Төсвийн тухай хуульд дүрэм журмынх нь дагуу нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол замын ажил гүйцэтгэж байгаа компаниуд санхүүжилтээ авч чадахгүйд хүрнэ. Тиймээс энэ зүйлийг өөрчлөхөөс өөр аргагүй байсан.

-Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд орон нутагт бие төлөөлөгчгүй байх ёстой гэж та байр сууриа илэрхийлсэн байна лээ.

-Одоогийн парламент намын жагсаалтаар орж ирсэн болон тойргоос сонгогдсон гишүүдээс бүрдсэн. Тойрогтой гишүүд орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан сонгогчдынхоо санал бодлыг сонсож байх ёстой. Ажлын шаардлагаас шалтгаалан тэр бүр тойрогтоо ажиллаж чадахгүй үед бие төлөөлөгчийн оролцоо асар их хэрэгтэй.

Харин тойроггүй гишүүд орон нутагт бие төлөөлөгчтэй байх нь зохимжгүй. Тэд хаана, хэнээс санал хүсэлт авна гэж төлөөлөгч суулгах гээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс тэдний төлөөлөгчдийг тойрогтой гишүүдэд харьяалуулж өгөх нь зүйтэй. Ийм санал гаргасан гишүүдийг би дэмжиж байгаа.

Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдэд зөвлөх, туслах хоёр байна шүү дээ. Энэ орон тоо хангалттай. Улсын хэмжээнд хийх ёстой чухал ажлууд бий. Хууль санаачлах, батлах гэх мэтэд жагсаалтаар сонгогдсон гишүүд ажиллах ёстой. Түүнээс биш хамааралгүй газар бие төлөөлөгч суулгаад байх нь хэнд ч сонин биш.

Төсвийн мөнгийг энэ мэт зүйлд үрэлгэн зарцуулж байхаар асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн нь дээр. Монгол Улсын Их хурал 48 тойрогтой. Тэр тойргуудад сонгогдсон гишүүн ажиллаж байна. Энэ гишүүдийн бие төлөөлөгчийг нэмэх нь харьцангуй үр дүнтэй ажил юм.

-Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн нь сайшаалтай ч байрны үнэ өдөр ирэх тусам өссөөр байна. Үүнийг дагаад бусад эд материалын үнэ нэмэгдэж байгаа нь төсвийн орлого тасраад байгаа энэ үед ихээхэн сөрөг нөлөө дагуулж байна гэж зарим мэргэжилтэн үзэж байна билээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Найман хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлсэн нь нүдээ олсон ажил мөн байсан. Ажилтай, орлоготой хүн л зээлд хамрагдах нь. Орон сууцны үнэ нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдож байгаа юм. Нийслэлчүүдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцтай болох хөшүүргийг бий болгосон учраас иргэд хошуурч байгаа байх.

Ажил хийж байгаа юм чинь буруу зөрүү зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газраас явуулж байгаа хамгийн зөв бодлого нь орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл гэж би үзэж байгаа. Одоо гагцхүү сайжруулах, үнэ нэмэгдээд байгаа шалтгааныг тодруулж, эрэлт нийлүүлэлтийг хэрхэн тэнцвэржүүлэхэд анхаарах ёстой.

Харин эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь хоёр талтай. Бид цахилгаанаа хэмнэж сурах ёстойг харуулж байгаа бол нөгөөтэйгүүр монголчуудын амьжиргааны төвшин ямар байгаа билээ. Энэ бүхнийг сайн тооцоолох шаардлагатай. Төрөөс явуулж байгаа зарим бодлого тооцоо судалгаа муутайгаас нийгмийн эмзэг бүлгийн өрхөд хүнд тусч байгаа нь үнэн.

-Нийслэлийн төв талбайг Чингисийн талбай болгон нэрийг нь өөрчилж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Сөрөг хүчнийхэн ч байр сууриа хүчтэй илэрхийлж байгаа. Энэ асуудлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Утга агуулгынхаа хувьд зөв шийдвэр байсан. “Чингис” хааныхаа нэрийг архин дээр өгдөг биш Монголчуудын бахархал болсон зүйлд өгдөг байх ёстой.

Тэгэхгүй бол “Чингис” хааныг маань Казакстанчуудаас эхлээд булаалдах улс орон их гарч ирэх шинжтэй. Нэрийг нь сольсныг буруу зүйл гэж үзэхгүй байна. Харин үүнийгээ сайн тайлбарлах ёстой. Архин дээр тавиад байхад ямар ч хэл ам хийхгүй хэр нь төв талбайнхаа нэрийг сольсны төлөө шүүмжилж байдаг.

Тиймээс “Чингис” хааны нэрийг зөв зүйлд тавьж, түүнийгээ хуульчлаад явсан нь дээр. Сүхбаатарын талбайг хууль дүрэмд орсон гэж яриад байгаа. Хэрэв тийм байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Нэр усыг нь сольдог байгууллага ард түмнийхээ санал бодлыг сонсоод солиод явахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ эцсийн дүндээ Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох нь чухал биш. Бидэнд энэ байтугай шийдэх үй түмэн ажил байна.

-Хилийн боомтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт та ажилласан. Энэ хуулийг чуулганаар ямар шалтгааны улмаас баталсангүй вэ?

-Хилийн боомтын удирд­лага нь хаана байвал зүгээр вэ гэдэг дээр намын бүлгүүдийн хооронд үл ойлголцох байдал гарч, үзэл бодол нийлэхгүй байгаа. Үүнээс болж хуулийн төслийг хойшлуулсан.

-Та Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хүний эрхтэй холбоотой ямар асуудлуудыг шийд­вэрлэсэн бэ?

-Хурдан морь унадаг хүүхдүүдийн асуудалд ан­хаарал хандуулах ёстой. Өвөл, зунгүй уралдаан болж байна. Ядаж л өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй баймаар байна. Энэ уралдаан хүүхдүүдийн нус нулимсан дээр тогтдог болчих вий дээ. Гэр бүлийн өнчрөл хагацал дээр тогтдог найр наадам байж болохгүй л дээ.

Бүх талыг нь бодолцон даатгалын системд шилжихгүй бол өнөөгийн цаг үед таарахгүй болж эхэллээ. Хүүхдийн амиар дэнчин тавьж наадам хийх нь төдийлэн зохимжтой биш. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Монголын морин спорт уяачдын холбоо, хүүхдийн эрхийн байгууллагууд ажиллах шаардлагатай байгаа.

УИХ-аар хүний эрхтэй холбоотой XII илтгэлийг авч хэлэлцлээ. Хуульзүйн байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тогтоол гаргаж өгсөн. Манай улс цаашид цаазын ялгүй орон болно гэж зарлаад байгаа. Мөн ирэх жилүүдэд Хүний эрхийн болон ХЭҮК-ын хуулиудад өөрчлөлт оруулна.

Саяхан ХЭҮК-ын төлөөлөгчийг бүх аймаг, орон нутагт суулгахаар хуульчилж өглөө. Ингэснээр орон нутагт хүний эрхийн байдал өмнөхөөсөө илүү сайжрах юм. Өмнө нь хүний эрхийн байгууллагын төлөөлөл орон нутагт очиж ажиллахад хүн хүч хүрэлцдэггүй байсан. Хүний эрх ардчиллын нэг хэсэг. Энэ талаар өдөр бүр ярьж байх ёстой.