Д.Батцогт: Засгийн газар нь УИХ-аасаа том болчихлоо
УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-Үндсэн хуулийг өөрчлөх санаачилга энэ парламентын эхнээс л гарсан. УИХ-ын дарга ч энэ асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа. Та эцэг хуулийг өөрчлөх талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Энэ удаагийн парламент өөрөө их онцлогтой. Түүхэндээ хамгийн олон намын төлөөлөл УИХ-д орж ирлээ. Таван нам, гурван бие даагч сонгогдсон шүү дээ. Намуудын хүчний харьцаа ч ойролцоо. Ийм бүтэцтэй парламентын үед Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, бодлогын томоохон асуудлаа шийдэх ёстой л гэж харж байна даа.
-Тэгвэл ямар өөрчлөлт оруулбал зохистой вэ?
-1992 онд баталсан Үндсэн хууль бол Монгол оронд ардчиллыг баттай тогтоох, зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй орох нөхцөлийг хангаж өгсөн. Гэхдээ амьдралын шаардлагаар өөрчлөх зүйлүүд байна. Монгол Улс зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуйгаасаа хараат эдийн засагтай орноос үйлдвэржсэн орон болох ёстой.
Өөрөөр хэлбэл, олон тулгуурт эдийн засагтай болж, хөгжлийн шинэ эринг эхлүүлэх шаардлага байна. Түүхэн цаг үе нь ч тохиож байна. Ер нь бол аливаа хууль тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлж явах ёстой шүү дээ. Энэ үүднээс л Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг зоригтой оруулах ёстой гэж боддог.
Яг ямар өөрчлөлт вэ гэвэл УИХ дээр ярьж л шийднэ. Тиймээс ч УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Одоо тэнд ямархуу ажлууд хийгдсэн талаар мэдэх юм алга.
-Таны хувийн бодол...
-Үндсэн хуульдаа бид өөрчлөлт оруулаад төрийн зарим тогтолцоогоо эргэж харах шаардлага байна. Нөгөөтэйгүүр, орон нутагт улстөржсөн, намчирхсан, талцсан байдал газар авч байгаа.
Монгол Улсын Үндсэн хууль
Монголчууд биднийг талцуулж, хэрэлдүүлдэг энэ юмыг зохицуулах үүднээс Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг гаргах хэрэгтэй байна. Үүнтэй уялдаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм.
Тодруулбал, сум, орон нутагт нам байгуулахыг хуулиар хориглох шаардлага бий. Тэгж байж бид энэ намчирхлыг арилгаж чадна. Сумын Засаг даргыг ард иргэдээсээ шууд сонгодог тогтолцоотой болно гэвэл Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болж байгаа шүү дээ.
Энэ мэт олон шалтгааны улмаас Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болоод байгаа юм. Тогтолцооны хувьд өөрчлөлт хийхгүй бол нэг л урагшлахгүй, гацаад, талцаад байна даа. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчлөх л хэрэгтэй.
-Танай “Шударга ёс” эвслийн гишүүдийн хувьд Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтаас энэ өөрчлөлтөө эхлэх ёстой гээд байна лээ. Та эвслийнхэнтэйгээ байр суурь нэг байгаа юу?
-Адилхан байлгүй яахав. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг засах ёстой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийнхаа гол амин сүнс болсон долоон заалтыг аваад хаячихаар эцэг хуулийн хямрал гэдэг юм тодорхой хэмжээнд яваад байсан юм. Бид одоо Үндсэн хуульдаа дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол ядаж тэр долоогоо сэргээх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүд нь Засгийн газраа бараг бүхэлдээ бүрдүүлж буй энэ гажигийг засах ёстой гэж байна. Энэ парламент Үндсэн хуульд хүрэхгүйгээр цэгцэлж чадах нь уу?
-Үнэхээр хийх ёстой ажил. УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүд байгаа нь буруу. Гэвч засахгүй байгаа болохоор л УИХ-аа Засгийн газар нь удирдаад байгаа юм. Зүй нь УИХ дээр хуулиа баталдаг, Засгийн газраа шахаж ажиллуулдаг байх ёстой шүү дээ.
Засгийн газар нь ч УИХ-аа сонсч ажилладаг байх ёстой юм. Тиймээс өөрчлөлт хийх хэрэгтэй. Харин энэ удаагийн парламентад үйлчлэх эсэх нь эргэлзээтэй. 2016 оны сонгуулийн дараагаас үйлчлэхээр хийж болно шүү дээ. Ингэвэл улс төр бүхэлдээ өөрчлөгдөнө.
Сайд хийх сонирхолтой хүмүүс ч УИХ-д нэр дэвшихээ болино. УИХ-д болохоор хууль батлах, энэ чиглэлээрээ тууштай ажиллах хүмүүс орж ирэг. Энэ нь өөрөө мэргэжлийн парламент бүрдэхэд чухал нөлөөтэй.
-Одоо ер нь УИХ нь “том” байна уу, Засгийн газар нь “том” байна уу?
Улсын их хурал
-УИХ бол мэдээж “том” гэж явдаг ч бодит байдал дээр өөр. Ядаж л УИХ-ын гишүүд нь ямар өрөө тасалгаанд сууж, ямар унаа тэрэг хэрэглэдэг билээ. Засгийн газрын яамны зүгээр нэг дарга л ямар өрөө тасалгаанд сууж, ямар машин тэрэг унадаг билээ.
Энэ бол наад захын л жишээ. Тухайлбал, би хувьдаа хаяа дуудлагын салж унах гэж байгаа машин л унадаг. Бодит байдал дээр ямар байгааг харуулах нэг л жишээ. Ер нь бол УИХ-ын гишүүд нь сайд болчихоор бусдаасаа үг сонсохдоо муу юм байна.
Адилхан нэг гишүүн нь шаардлага тавихаар хэцүү бололтой. Ажиглаж байхад гишүүн бус сайдууд харьцангуй өөр юм. Яамны ажилдаа зарцуулж байгаа цаг зав нь ч илүү юм билээ. УИХ-ын гишүүдийг сонсч ажиллах нь ч өөр.
-Энэ парламентын хувьд засаг л унахгүй бол уг гажиг засагдахгүй нь ээ. Уг нь гажигаа өөрсдөөсөө эхэлж халах ёстой биз дээ?
-Уг нь өөрсдөөсөө хийх хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ удаад хэрэгжүүлнэ гэвэл засаг л унаж таарах нь. Засаг унана гэдэг дахиад бөөн хямрал руу орж байгаа гэсэн үг. Засгийн газар байгуулагдах гэж хэр удах билээ. Нөгөө хүмүүс нь ажлаа аваад бас юунаас эхлэх билээ гээд л. Энэ мэт эрсдэл байна л даа. Бас улс төрийн намуудын парламент дахь суудал ойролцоо учраас түвэгтэй.
Засгийн газар дангаараа байгуулах хэмжээний суудал авсан нам байхгүй нь ийм түвэгтэй байдал үүсгэж байгаа юм. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах гэж л өнөөдрийн энэ байдлыг үүсгэсэн юм шүү дээ. Цаашдаа бол хууль гаргаад л аль болох зааглаж, цэгцлэх хэрэгтэй. Тэгвэл байдал яваандаа дээрдэнэ.
-Улс төрийн хямрал гаргахгүй байх нь чухал л байх. Гэхдээ нөгөө талд нь хяналт гэж зүйл байхгүй болж байгаатай та санал нийлэх үү?
-Хянавал хянана шүү дээ. Би хувьдаа яг хяналтгүй, сөрөг хүчингүй болсон үедээ энэ авлига, хээл хахууль цэцэглэжээ гэж үздэг. Хэзээ гэхээр, 2000-2004 оны хооронд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгэхэд цэцэглэсэн. Дараа нь 2008-2012 оны хооронд буюу МАНАН-гийн Засгийн газрын үед шүү дээ.
Би хувьдаа яг хяналтгүй, сөрөг хүчингүй болсон үедээ энэ авлига, хээл хахууль цэцэглэжээ гэж үздэг.
Парламентад суудалтай хоёрхон нам нь хоорондоо хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд УИХ нь сөрөг хүчингүй болчихсон. Одоо олонхийг бүрдүүлж байгаа эвслийн буюу шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа боловч нөгөө талд нь хорин хэдэн гишүүнтэй том сөрөг хүчин байна. Сөрөг хүчин хяналт тавина шүү дээ.
Сайн ажиллаж чадвал хяналт тавих бүрэн бололцоотой. Ер нь бол зөвхөн сөрөг хүчин гэлтгүй УИХ-ын гишүүд шаардлагаа тавиад, хуулийн хэрэгжилтийг асуух боломжтой. Энэ бол УИХ-ын бүрэн эрх шүү дээ. Тэгэхээр ажиллах л хэрэгтэй. Эцэст нь нэг зүйл хэлчихье.
Манайхан чинь их л удаан сонгуульддаг улс болчихлоо. УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө сонгууль нь эхэлчихдэг. Тэгээд УИХ-ын сонгууль дуусангуут орон нутгийнх залгадаг. Тэрний дараа Ерөнхийлөгчийн сонгууль нь залгадаг. Энэ бүхнийг өөрчлөх ёстой юм.
Тэгэхгүй бол УИХ, Засгийн газарт улстөржихгүйгээр ажиллах хоёрхон жилийн хугацаа байна. Ийм байдлаар цаашид явах уу гэдгээ нэг мөр болгох хэрэгтэй. Зарим сонгуулийг нэг дор явуулах ч юм уу өөрчлөлтүүд хийх хэрэгтэй дээ. Энэ бүх өөрчлөлтийг мэдээж үндэсний хэмжээний зөвшилцлөөр шийдэх ёстой.