Г.Баярсайхан: Ногоон хөгжлийн бодлогын "Үндсэн хууль"-тай болох нь чухал
УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Байнгын хороодын дарга нар хийсэн ажлаа тайлагнадаг. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд мөн л ажлаа тайлагнасан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь амралтаа авчихсан байгаа. Харин таны хувьд ажилласаар байх шив?
-Би амралтаа авах арай болоогүй байгаа. Саяхан Тайвань руу ажлаар яваад ирсэн. Өнөөдөр /өчигдөр/ Байнгын хорооны ажлаа тайлагналаа. Ирэх сарын 5-наас амарч, гэр бүлтэйгээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөчихсөн байгаа.
-Тайвань улсад хийсэн айлчлалынхаа талаар сонирхуулаач?
-УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат нартай хамт яваад ирсэн. Тайвань улсын Байгаль орчны дэд сайдтай хийсэн уулзалт маш амжилттай болсон. Уулзалтын үеэр «Зөвхөн үйлдвэрлэл хөгжсөнөөр улс хөгжинө гэсэн ойлголт байдаггүй. Орчин нь эрүүл байснаар иргэд нь амар амгалан байдаг. Үүгээр улсын хөгжлийг тодорхойлдог үе ирсэн.
Тиймээс бид ч арлаа ногоон болгохоор хөгжлөө тодорхойлсон» хэмээж байна. Мөн манай УИХ-аас хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай ярилцахад бидний ногоон хөгжлийн талаарх саналыг дэмжиж, зөв зүйтэй санал байна, хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийлж байна лээ.
-Туршлага болгочих хамгийн энгийн хэрнээ хэрэгтэй зүйл нь юу байв?
-Тайванийн Тайпей хотын хогийн асуудлаа бүрэн шийдсэн нь ихээхэн сонирхол татлаа. Бүр тусдаа «Хог хаягдлын тухай хууль»-тай юм билээ. Эрх зүйн орчныг нь бий болгосноор хог боловсруулах үйлдвэрүүдээ байгуулсан талаар ярьсан.
Тайвань улс
Зөвхөн Тайпейд хогны 600 гаруй машин үйлчилж, үйлдвэрүүддээ хүргэдэг юм билээ. Тэнд нь хогоо боловсруулж, дулаан, цахилгаан ялгаруулж, халуун хүйтэн усны асуудлаа ч шийдсэн байх юм. Иргэд, өрхүүд нь хогоо сертификат бүхий ангилсан уутанд ялгаж хийгээд сурчихсан байна.
Тиймээс манай улсад ч гэсэн хог хаягдлын тухай хууль байх шаардлагатай юм байна гэдгийг анхааралдаа авсан. Бусад байнгын хороодод өөр орнуудын туршлагыг судалсан талаарх мэдээллүүд бий. Тэгэхээр яаравчлах нь чухал. Хэдийгээр химийн хог хаягдлын тухай хууль бий ч ахуйн хаягдлын талаар яарах нь чухал юм.
Түүнчлэн дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн асуудалд ч манай улстай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тиймээс бид энэ тухайд салбар хариуцсан сайд нарт дуулгаж, санал солилцох болно. Мөн Үндэсний түүхийн музей болон номын сангаар нь зочиллоо.
-Ажлынхаа зэрэгцээ соёлын өвтэй нь танилцсан байх нь ээ?
-Монголчууд бид агуу түүхтэй ард түмэн. Тэрхүү түүхтэй холбоотой дурсгал, баримт бичгүүд Тайванийн Үндэсний номын санд хадгалагдаж байна. Тэдгээртэй анх удаа монголчууд танилцсан нь бид байлаа.
Монголын нууц товчооны анхны хятад бичвэр, 20 боть ном байна. Бас л бахархаж байлаа. Мөн Монголын түүхтэй холбоотой баримтуудын электрон хувилбар бүхий 20 гаруй цомог өгснийг бид харьяа шинжлэх ухааны байгууллагуудад нь хүлээлгэн өгнө.
-Таны байнгын хорооны ажлын тайланг сонсоод чамгүй ажил хийжээ гэж бодлоо?
-Байнгын хорооны хамт олны хувьд багагүй ажил амжуулсан гэж бодож байгаа. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд 22 асуудал хэлэлцсэний тав нь хууль, тогтоолын төсөл, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл ес байна.
Мөн шийдвэрийн төслүүд, түүнийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга гэх зэргээр чамгүй ажил амжуулсан байна. Хамгийн гол нь Л.Энх-Амгалан нарын гишүүдийн өргөн барьсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- аар хэлэлцүүлэн батлууллаа.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалт, сайдуудын мэдээллийг сонсох, хамарсан салбаруудын асуудлуудтай холбоотой хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж, зарим шаардлагатай тогтоолыг гаргасан.
-Таны хариуцаж буй Байнгын хороог бусадтай нь харьцуулахад өргөн цар хүрээг хамарч, олон яамтай хамтарч ажилладаг. Байнгын хорооны даргын хувьд хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа нь аль яам бэ?
-Би хувьдаа УИХ-ын хамгийн чухал байнгын хороодын нэг нь манайх гэж боддог юм. Яагаад гэвэл улсын хөгжлийн түвшинд нэлээд ач холбогдолтой оролцдог. Мэдээж манай байнгын хороо олон яамтай хамтарч, уялдаа холбоотой ажилладаг.
Бид УИХ-аас гаргасан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгохын тулд түлхүү анхаарч байгаа. Тиймээс зарим асуудлыг байнгын хороондоо татан авч холбогдох, сайд, яамдад нь үүрэг өгч, хэрэгжилтийг шалгаж байгаа. Эндээс харахад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хувьд ихэнх ажил нь цаг агаараас шалтгаалдаг.
Манай улсын хөгжлийн бас нэгэн тулгуур бол хөдөө аж ахуйн салбар.
Хэрвээ гадны нөлөө буюу цаг агаар гайгүй байвал Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас явуулж буй арга хэмжээ, хэрэгжүүлж. буй ажлыг би онц сайн гэж хэлмээр байна. Манай улсын хөгжлийн бас нэгэн тулгуур бол хөдөө аж ахуйн салбар.
Энэ салбарыг дэмжих бодлогыг бид тодорхой хэмжээгээр ахиулсаар ирсэн. Газар тариаланг дэмжих алхмуудыг хийлээ, тариаланчдыг дэмжихээр хөнгөлөлттэй зээл олгож, улаан буудайг нь худалдан авах зэргээр ахиц гаргаж байна. Малчдын тухайд авч хэрэгжүүлж буй бодлого бол олны нүдэнд ил харагдаж байдаг учраас энд нурших нь илүүц байх.
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хувьд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны шууд хяналтад байдаг. Тиймдээ ч тэдэнтэй хамтарч хамгийн сүүлд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцлээ.
Хэдийгээр бид өдгөө Үндсэн хуультай ч дахиад ногоон хөгжлийн бодлогын “Үндсэн хууль”-тай болох ёстой. Тухайлбал, уул уурхайн яам юм. Энэ салбарын тэсрэлттэй үед байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах асуудал хурцаар яригдаж байна.
Өөрөөр хэлбэл, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг салбар яам хариуцаж, бидэнд мэдээлэл өгөх жишээтэй. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт гэх мэтээр хамтарч байна.
-Гэхдээ уул уурхайн яамны ажил хариуцах ёстой бичил уурхайн асуудал байнга хэл ам дагуулдаг шүү дээ?
-Яамны зүгээс тодорхой болгох асуудал бий. Мөн манай байнгын хорооны зүгээс ч ирэх намрын чуулганы үеэр ямар хэлбэрээр, яаж хөгжүүлэх вэ гэх зэргээр нэлээд анхаарна гэсэн байр суурьтай байгаа. Орон нутгийн удирдлагуудтай уулзаж байхад ихэнхдээ буруутгадаг.
Гадны нөлөө буюу цаг агаар гайгүй байвал Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас явуулж буй арга хэмжээ, хэрэгжүүлж буй ажлыг би онц сайн гэж хэлмээр байна.
Бичил уурхай эрхлэгчид нөхөн сэргээсэн талбай руу орчихоод байгаа юм. Гэхдээ үүнийгээ дандаа буруутгахын оронд «ногоон алт» буюу иргэдээ газар тариалан эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зэрэгт нь дэмжлэг үзүүлж, ажлын байр бий болговол илүү үр дүнтэй ажил болох байх. Иргэд ажлын байртай бол бичил уурхай руу хошуурахгүй шүү дээ.
-Газар албадан чөлөөлөх тухай хууль гэдэг нь үндсэндээ үнэгүй өмчлүүлсэн газраа булааж авах гэдэгтэй утга нэг мэт санагдаад байх юм. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг одоогийн байдлаар би хувь гишүүнийхээ байр суурийг л хэлэх байна. Хамгийн гол нь иргэдийг хохироож болохгүй. Төр нэгэнт өгсөн. Гэхдээ буцаан авах нэн шаардлагатай бол хүний эрхийг дээдэлж, иргэний өмчийн үнэлэмжийг буулгалгүйгээр, харамгүй өгөх ёстой.
-Зарим нь иргэн тухайн үнэлэмжийг хүлээн зөвшөөрөхөд нөгөө хэсэг нь чамладаг үзэгдэл гардаг. Энэ тохиолдолд яаж зохицуулах юм бэ. Урьд нь Дамбадаржаа орчимд зам тавих үеэр ганцхан айл үлдээд чамгүй удсан даа?
-Дэлхийн жишгийг харах ёстой, туршлагыг нь судлах хэрэгтэй. Тухайлбал, ганцхан иргэн үлдчихээд улс орны хэмжээний стратегийн объект, сургууль, цэцэрлэг гэх мэт нийтийн эрх ашгийн хүрээний бүтээн байгуулалтад нөлөөлөөд суугаад байж болохгүй.
Олон улсад бол тухайн тойрог, хэсэгт амьдарч буй айл, иргэдийн 70-аас дээш хувийн саналыг дагадаг журамтай юм билээ. Өөрөөр хэлбэл, олонхоор асуудлыг шийддэг зарчмаар л явдаг. Тэгэхээр энэ тухай дээрх хуульд тусгах нь зүйтэй гэж бодож байгаа.