УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.07.24

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 22 асуудал хэлэлцжээ

УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тайлангийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганы тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 55.8 хувийн дундаж ирцтэйгээр 11 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцсэнээс хууль тогтоолын төсөл тав, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл есийг хэлэлцүүлсэн байна.

Дээр дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдэд нийт зургаан санал, дүгнэлт, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулга нэгийг шийдвэрлүүлжээ. Мөн Байнгын хорооноос нийт 56 албан бичиг явуулж тайлангийн хугацаанд 11 тогтоол гаргасан бөгөөд ажлын хэсэг нийт 16 удаа хуралджээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумдад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур, Шаамар сумдад газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хүнсний захууд, мал нядалгааны газрууд, мах боловсруулах үйлдвэр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцсан байна.

БОХХАА-н байнгын хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шалгалтаар ажилласан орон нутагт үйлдвэрийн дотоодын лабораторид шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, тестүүдийн хангалт, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хүнсний үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээ хийх мэргэжлийн байгууллага байхгүй байгааг тогтоожээ.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит антибиотикийн үлдэгдэл тодорхойлох, хор судлалын шинжилгээ, хүнд металлын шинжилгээ хийж багаж тоног төхөөрөмж, эм урвалж, зориулалтын байртай байх шаардлагатай гэж үзсэн байна.

Түүнчлэн энэ хугацаанд Байнгын хорооны даргад иргэд, байгууллагаас 42 албан бичиг, гурван өргөдөл, гомдол ирүүлсний хариуг бэлтгэж холбогдох байгууллага, иргэдэд явуулж, Байнгын хорооноос нийт 86 хуудас бүхий 45 албан бичиг явуулжээ.