Хүнсний үйлдвэрүүдэд мэргэжлийн байгууллагын зүгээс тогтмол хяналт шалгалт хийдэг
“Оргил Хүнс” ХХК-ийн захирал Н.Батзаяа
2013.06.25

Хүнсний үйлдвэрүүдэд мэргэжлийн байгууллагын зүгээс тогтмол хяналт шалгалт хийдэг

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар  “Оргил Хүнс” ХХК-ийн захирал Н.Батзаяатай ярилцлаа.

-Эхлээд компаниа товчхон танилцуулахгүй юу?

Манай компани 2009 онд Витафит группын хөрөнгө оруулалтаар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдсан. Хоногт 45 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор ачаалалтай үедээ өдөрт 20 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

Сүүн бүтээгдэхүүн хэзээ хамгийн эрэлттэй байдаг вэ?

Дэлхий нийтэд фермийн аж ахуй хөгжсөн учир сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өвөл зунгүй жигд байдаг. Харин манай улсад фермийн аж ахуй төдийлөн сайн хөгжөөгүй учир ихэнх үйлдвэр малчдаас сүүгээ авдаг.

Зун, намрын цагт сүү цагаан идээ элбэг, бараг илүүдэлтэй бол өвөл, хаврын улиралд буурч сүүний нийлүүлэлт ховорддог. Энэ ховордсон үедээ эрэлт ихэсдэг.

-Ямар түүхий эдээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

Манай компани гол түүхий эд болох сүүгээ өнгөрсөн 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл Шинэ Зеланд улсын Фонтерра компанийн хатаамал сүүг импортлон хэрэглэж байсан.

Гоё тараг

Харин өнгөрсөн 2012 оны дөрвөн сараас эхлэн Витафит группын хөрөнгө оруулалтаар “Атар чандгана сүү” автоматчлагдсан саалийн фермийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт багт байгуулсан.

Үнээний өвөлжилтийн дулаан байртай, автомат саалтуураар тоноглогдсон, угаалгын CIP системтэй, ариун цэврийн өндөр шаардлага хангасан фермийнхээ сүүг авч ашиглаж байгаа. Одоогоор ГОЁ таргийг дөрвөн төрлөөр савлан үйлдвэрлэдэг.

Цаашдаа өөр технологоор үйлдвэрлэлээ сайжруулан олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Тээвэрлэлтээ яаж шийдэж байгаа вэ? Хэнтий аймаг бас ч үгүй зайтай шүү дээ?

300 км холоос тээвэрлэх хүндрэлтэй л дээ гэхдээ зориулалтын тусгаарлагчтай хөргөлтийн танкаар тоноглогдсон автомашинаар тасралтгүй зөөж байгаа болохоор чанарт ямар нэгэн өөрчлөлт гардаггүй.

Зардал өндөр байдаг ч тээврийн зардал гэж 1 литр сүү тутамд 50 төгрөг л нэмэгддэг. Манай компанийн өөрийн харилцан хамааралтай ферм болохоор нэгнээ дэмжин өвөл зунгүй зах зээлийн үнээс өндөр тогтмол нэг үнээр нийлүүлэх гэрээтэй.

-Хэдэн төгрөгөөр сүүгээ авдаг бэ?

Өвөл зунгүй 700 төгрөгөөр худалдаж авч байгаад сая 6 сарын 1-с фермийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээний үнээ харилцан тохиролцож нэмсэн.

-Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл хэр байна?

Зуны цагт бол сүү элбэг байдаг. Гэхдээ сүүгээ нөөцлөөд өвөл сүүгээр тасрахгүйн тулд хуурай сүү боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна.

Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл их эрсдэлтэй салбар. Тулгамдаж байгаа асуудал зөндөө л байдаг. Манай компаний хувьд өөрийн гэсэн фермтэй өвөл зунгүй саальтай учир түүхий эд хүлээн авах, боловсруулахад асуудал харьцангуй бага.

Харин тулгарч байгаа нэг асуудал нь байгууллагын нэр төрд халдах гэсэн оролдлогууд сүүлийн үед гарах боллоо. Сүүлийн үед Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв ТББ-ийн нэрээр Б.Цэрэн гэдэг хүн байгууллагын нэр хүндэд халдаж, хэрэглэгчдэд буруу ташаа ойлголт төрүүлэхээр үндэслэлгүй зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарааж байгаа явдалд бид харамсаж байна.

Сүү борлуулалтын түвшин 2011 он

Төрийн бус байгууллага нь илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй ч уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй.

Энэ ажлаа огт хийлгүйгээр зөвхөн нэг компанийн нэр хүндийг хэрэглэгчдийн дунд унагаах гэсэн оролдлого байнга хийж байгаа нь бидэнд цаанаасаа захиалагч, санхүүжүүлэгчтэй, увайгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн хардлага төрөхөд хүргэж байна.

Манай компани нь хүн амын эрүүл мэндэд голлох хүнс үйлдвэрлэж байгаагийн хувьд бүтээгдэхүүнээ байнга дотоодын лаборатори болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагад шинжлүүлэн хэрэглэгчийн эрүүл мэнд, стандартын шаардлагад бүрэн нийцэж байгаа гэдгийг тогтоолгон баталгаажуулж байдаг.

Тэр хүний яриад бичээд байгаа шиг зүйл огт байхгүй гэдгийг баттайгаар хэлэх байна. Хэн нэг хувь хүн, ТББ ямар нэг бүтээгдэхүүнийг зориудаар муутган шинжлүүлэх бололцоотой тул Мэргэжлийн хяналтын лабораторид бүтээгдэхүүний дээжийг хүлээн авахдаа мэргэжлийн байцаагчийн дээж авсан протокол тэмдэглэлийг үндэслэн авдаг журамтай гэтэл энэ хүн дэлгүүрээс  манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад өгсөн байдаг.

Ер нь хүнсний үйлдвэрүүдэд мэргэжлийн байгууллагын зүгээс тогтмол хяналт шалгалт хийдэг. Сүүлийн үед гадуур тараад байгаа мэдээлэлтэй холбоотойгоор манай үйлдвэрийг бүр ч их шалгаж байгаа. Тэр болгонд бид шалгуулдгаараа шалгуулаад л явж байна.

Сая Монголын хүнсчдийн холбооны зүгээс сүүний чиглэлийн мэргэжлийн доктор, профессоруудыг оролцуулан шинэ гарсан хууль дүрэм, стандартыг хэрэглэгчдэд таниулах, хуулинд стандартын талаар хэрхэн тусгагдсан тухай мэдээлэл өгөх, мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дотоодын үйлдвэрлэгчийн нэр хүндэд халдаж байгааг эсэргүүцэн дотоодын үйлдвэрлэгчдийнхээ эрхийг хамгаалан хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлэл өгсөн.

Энэ хурлын үеэр дотоодын сүү боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн болон импортын исэг сүүн бүтээгдэхүүний чанарыг харьцуулан судлах зорилгоор мэргэжлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж, дүнг нэгтгэн албан ёсоор мэдээллэхээр болсныг бид дэмжиж байгаа.

-Сүү боловсруулах салбарт тулгамдаж байгаа түүхий эдийн нийлүүлэлтийн талаархи бэрхшээл, түүнээс гарах санал юу байна?

Монгол улс мал аж ахуйн орон хэрнээ импортоор сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр оруулж ирдэг. Учир нь дотоодын сүү бэлтгэж байгаа болон тээвэрлэж байгаа байдал нь эрүүл ахуйн чанарын шаардлага хангадаггүй, зориулалтын цэвэрлэгээ хийдэггүй нь гол тулгарч байгаа асуудал юм.

Миний хувьд фермийн аж ахуйг дэмжиж, явуулын сүү авдаг цэгүүдийг нэмж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь үйлдвэрлэгчдэд чанартай сүү авах боломжийг бүрдүүлнэ. Мөн зундаа элбэг болдог сүүг хадгалахын тулд хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал сүүний хэрэгцээг хангаж чадах юм гэж бодож байна.

Төрөөс сүүнд урамшуулал олгох талаар яригдаж байсан. Энэ маш бүрхэг санагдсан. Төрөөс гар аргаар хийдэг сүүгээ саалийн ферм болгоод ариун цэврийг хангах үүднээс төрөөс дэмжих гэж байгаа гэтэл малчид саасан сүүнийхээ хэмжээгээр мөнгө авна гэж ойлгоод байна.

Тиймээс төрөөс тодорхой болгож өгөх шаардлагатай. Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнд урамшуулал гэдэг ч юмуу олон талын нарийн тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодож байна.

- Гар аргаар сүү үйлдвэрлэж нийлүүлдэг малчдыг дэмжих боломж юу байна?

Төрөөс дэмжин дундын явуулын бага оврын сүү хүлээн авах цэгүүд нээж малчид үнээгээ авчирч саалгаад баталгаатай сүү гаргаж ирээд, тэр сүүг нь ахиу үнээр үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломж байгаа. Иймэрхүү авсаархан зохицуулалт хийх нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлж нөгөө талдаа малчидаа ч дэмжинэ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Эцэст нь нэмж хэлэх зүйл байна уу?

Манай компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгодог. Хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүнийг л сонгодог. Иймд манай бүтээгдэхүүнийг эргэлзэх зүйлгүйгээр хэрэглэж байгаа хэрэглэгчдээ талархаж байгаагаа хэлмээр байна. Цаашид бид та бүхэндээ шинэ технологиор улам олон төрлийн шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барих болно.