7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европ руу экспортолно
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.07.19

7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европ руу экспортолно

Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохиосон Ардчилсан орнуудын нийгэмлэгийн хурлын үеэр Монгол Улс Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Үүний дагуу хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны боломжийг судлахаар Европын холбооны Хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Дачиан Чолош тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд өчигдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга холбогдох албаны хүмүүстэй хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны явц болон шинээр хэлэлцэх ажлуудыг танилцуулсан.

Манай улсын талаас Европын холбооны гишүүн орнуудтай амжилттай хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд, санхүүжилт техник технологийн тал дээр хамтарч ажиллах сонирхол түлхүү байгааг танилцуулсан.

Хүнсний органик монгол брэндийг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн олон мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа хадгалж, хамгаалахын зэрэгцээ хүнсний органик монгол брэндийг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж уг ажлын хүрээнд евро стандартыг нутагшуулахад хамтарч ажиллах санал тавилаа.

Европын Холбооны төлөөлөгчид уг саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд нөгөө талаар Монгол Улсын бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах боломж байгааг илэрхийлэв.

Үүний зэрэгцээ зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд стандарт чухал гэдгийг онцолсон бөгөөд евро стандартыг Монгол Улсад нутагшуулахад судалгааны баг бүрдүүлэн бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Ирэх есдүгээр сард зохион байгуулах зөвлөлдөх уулзалтын үеэр ажлын бодит үр дүнтэй уулзахыг хүсч дурсгалын зүйл солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Энэхүү хамтын хэлэлцээрийн талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас тодрууллаа.

Х.Баттулга: Нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийг нутагшуулна

Өнгөрсөн хоёр гурван жил Европын холбоотой хамтарч ажиллаж байна. Тодруулбал арьс шир боловсруулах, нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийг нутагшуулах зэрэг бодит ажил дээр хамтарч ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Европын холбооны Азийг хариуцсан элчин сайд нь айлчилсан. Харин өчигдөр Хөдөө аж ахуйн сайд нь айлчилж байна. Ирэх есдүгээр сард Европын холбоо болон Монгол Улсын хооронд зөвлөлдөх уулзалт болох бөгөөд бид энэхүү уулзалтын үеэр тодорхой хэд хэдэн санал тавихаар болсон.

Ирэх есдүгээр сард Европын холбоо болон Монгол Улсын хооронд зөвлөлдөх уулзалт болно.

Тухайлбал монголд эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн нутагшуулах мөн эрчимжсэн мал аж ахуй хэт хөгжсөн Европын холбооны улсууд манай улсаас туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа. Өнөөдрийн уулзалтаар Монгол орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох мөн технологийн стандартыг оруулж ирэх талаар түлхүү ярилцлаа.

Манай улс Европын холбооны тарифын хөнгөлөлтийн системийн хүрээнд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэв гэсэн шошготойгоор татваргүй экспортлох боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэв гэсэн нэг ч бүтээгдэхүүн стандартын дагуу үйлдвэрлэж чадаагүй байна. Тиймээс энэ чиглэлийг хөгжүүлэх тал дээр анхаарахаар ярилцлаа.