“Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол хүний ажил эрхлэлтийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, нийгэмд нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр хүний нөөцийн найдвартай даацыг бий болгоход Монгол Улсын Засгийн газраас олон ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн жишээ нь «Ажилтай, орлоготой монгол залуу» хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Монголын залуучуудын холбооны төв байрны өмнө талбайд болж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат нарын албаны хүмүүс хүрэлцэн иржээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд «Цагийн ажил», «Ажлын гараа», «Сумын залуус» гэсэн гурван төслийг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд «Цагийн ажил», «Ажлын гараа», «Сумын залуус» гэсэн гурван төслийг хэрэгжүүлнэ.
«Цагийн ажил» төслийн хүрээнд зуны амралтаар цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуусыг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу ажлын байраар хангах ажлыг өрнүүлэх гэж байна.
«Ажлын гараа» төслөөр 21 аймагт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж жишиг өвөлжөө барих, авто болон төмөр замын ажил, барилга байгууламж, хадлан, тариа хураах зэрэг ажил хийлгэх аж.
Харин «Сумын залуус» төслийн хүрээнд эмч, англи хэл, математик -мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага гэсэн дөрвөн чиглэлээр суралцдаг нийт 1324 оюутныг зуны хоёр сарын хугацаатайгаар 21 аймгийн 331 суманд ажиллуулахаар болжээ.
«Сумын залуус» төслийн хүрээнд дөрвөн чиглэлээр суралцдаг 1324 оюутныг зуны хоёр сар 21 аймгийн 331 суманд ажиллуулна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр тухайн дөрвөн мэргэжлийн оюутнууд илгээлт, үйл ажиллагааны удирдамж, үнэмлэх, туг гэх мэт зүйлсээ хүлээн авлаа. Энэ үеэр ЭМШУИС-ийн оюутан Ж.Баяржаргалаас хаана ямар чиглэлээр ажиллахаар болсон талаар тодруулахад «Увс аймгийн Зүүнговь суманд эрүүл мэндийн чиглэлээр ажиллахаар болсон.
Зуны амралтаараа цалинтай ажил хийж, амралтаа үр дүнтэй өнгөрөөж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн мэдлэгээр дутмаг байх нь бий. Энэ талаар сургалт сурталчилгааг түлхүү явуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ гэсэн зорилготой байгаа» гэсэн юм. Энэ мэт оюутнууд өөрсдийн сурч буй мэргэжилдээ тулгуурлан орон нутгийг зорин ажиллах юм байна.