Ө.Цогзолмаа: “Цагийн ажил” төсөлд хамрагдсанаар 500 мянган төгрөгөөс дээш цалин авна
Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ талаар Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ө.Цогзолмаатай ярилцсан юм.
-“Цагийн ажил” төслийн гол зорилгын талаар оюутан залууст танилцуулахгүй юу?
-Цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуусыг аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэхээр “Цагийн ажил” төсөлд оролцохыг урьж байна. Энэхүү төслийн гол зорилго нь оюутан, залуусыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх. Ингэхдээ цалинтайгаар хийлгэх нь энэхүү төслийн гол зорилго юм. Нөгөөтэйгүүр, гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуусыг эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх боломжоор бүрдүүлэх гэж болно. “Цагийн ажил” төслөөс гадна “Ажлын гараа”, “Сумын залуучууд” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. “Ажлын гараа” төсөл нь оюутан, залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах. Улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан, залууст хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Харин “Сумын залуучууд” төсөл нь оюутан, залуучуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх гэсэн гурван төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
-“Цагийн ажил” төсөлд хамрагдахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бэ?
-Одоогоор энэхүү төсөлд янз бүрийн шаардлага тавьсан зүйл байхгүй байна. Цагийн ажил хийх оюутан, залуус өөрсдийн сурч байгаа мэргэжлийн дагуу ажиллахад л болно. Ингэснээр ажлын дадлага хуримтлуулж цаашид тэр ажилдаа үндсэн ажилтан нь болох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Сүүлийн үед эдийн засаг, нийгэм хөгжихийн хэрээр хөдөлмөрийн насны хүн ам өсөж байна. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо шинэчлэлт хийх шаардлагатай болж байгаа юм. Үүний нэг шинэчлэл нь цагийн ажил юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг шинэ хэв шинжийг оруулж ирэх шаардлагатай болж байна
-Энэхүү төсөлд хамрагдсан оюутанд нэг сард хэчнээн төгрөгийн цалин өгөхөөр тооцоолсон бэ?
Оюутнуудыг 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллуулаад ирэхээр залуус ажиллах сонирхолтой, амьдрал дээр гараад ажиллаж сурсан байна.
- Нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжуулна гэсэн гэрээ хэлэлцээрийг ажил олгогчтой байгуулна. Оюутнуудыг 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллуулаад ирэхээр залуус ажиллах сонирхолтой, амьдрал дээр гараад ажиллаж сурсан, мэдсэнээ үнэлүүлж, дүгнүүлж, өөрөө өөрийгөө үнэлж цэгнэж сурах боломжтой болох юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дагуу бол нэг цагийн ажлыг 834 төгрөгөөр үнэлдэг. Харин дунджаар нь аваад үзвэл 3600 орчим төгрөг байдаг. Оюутнууд ч энэ л дагуу ажиллах байх. Үүний шалтгаан нь салбар бүрт ажлын цагийн хөлсийг өөр өөрөөр тооцоолдогт байгаа. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарт нэг цагийн хөлсийг 1600 төгрөгөөр тооцож байхад нэг бизнесийн салбарт хамгийн ихээр буюу 6500 төгрөгөөр тооцож байна. Харин уул уурхай салбарт 4300 төгрөг байна. Тиймээс суманд ажиллах оюутнуудын нэг сарын цалин 200 мянган төгрөг ч байх магадлалтай гэсэн үг.
-“Цагийн ажил” төслийн дагуу оуютнуудыг хэчнээн төрлийн ажлын байраар хангаж байгаа вэ?
-“Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч хамгийн эрэлттэй байгаа төмөр зам, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбарт ажиллах юм. Мөн 21 аймгийн нэг сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлээр сурч байгаа дөрвөн оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах зэргээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Харин эмэгтэй оюутнуудын хувьд үйлчилгээний салбарын ажлын байрны захиалга түлхүү байгаа. Мөн цагийн ажлыг цаашид хэрэгжүүлж эхэлбэл нийгмийн даатгал төлүүлэх шаардлагыг ажил олгогчдод тавих юм.
-Тус төсөлд хичнээн төгрөгийг төсөвлөсөн байгаа вэ?
-Төсөлд зориулж 600 гаруй сая төгрөг зарцуулна гэж тооцоолж байгаа. Одоогоор санхүүжилтыг эцэслэж батлаагүй байна. Түүнчлэн оюутнуудын цагийн ажилд авах байгууллагуудын саналыг залуучуудын хөдөлмөрийн төв биржэд ирсэн байгаа гэсэн мэдээлэл байгаа. “Цагийн ажил” төсөлд бүртгүүлэх оюутан залуус Монголын залуучуудын холбооны төв байрны 201 тоотод очиж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар холбогдож авч болно.