Я.Санжмятав: Энэ жилдээ багтаан 50 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан
Шинэчлэлийн засгийн газар 150 мянган ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн. Харин энэ жилдээ багтаан 50 мянган ажилтан бий болгох зорилт тавин харьяа яам ажиллаж байна.
Монгол улсын засгийн газар хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийг хагас жилийн хугацаанд мэргэшил эзэмшүүлэн уул уурхай, зам тээвэр, хөдөө аж ахуй гэх мэт боловсон хүчин нэн шаардлагатай салбарт ажиллуулах эхлэлээ тавьсан.
Өнөөдрийн байдлаар дээрх салбарт ажиллахаар дадлагажиж байгаа 6500 гаруй суралцагч сар бүр 190400 төгрөгийн тэтгэмж авдаг. Харин эзэмшсэн мэргэжилтэй ч ажилгүй байгаа иргэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг онлайнаар түгээх үйлчилгээ буюу E биржээр дамжуулан ажилтай болох боломжтой гэдгийг салбарын сайд хэлсэн.
Хөдөлмөрийн сайд, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллана
Ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн цаг, мөнгийг хэмнэх зорилготой мэдээллийн 200 төвийг 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн 134 хороонд байршуулсан байна.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
Энэ жилийн 11 сар гэхэд эхний 50 мянган ажилтан бэлтгэх зорилт тавьсан. Удахгүй 15 мянган хүүхэд төгсөнө. Эдгээр залуусыг компаниуд, хувийн хэвшил, төрийн байгууллагад ажлын байраар зуучилна. Бүтээмж өндөр байвал ирэх жил мэргэжилтэй ажилтан бэлдэх чиглэлд онцгой анхаарна.
Өнөөдрийн байдлаар ажил идэвхитэй хайж байгаа 33 мянган иргэн бий. Гэвч мэргэжилгүйгээс олонх нь гологддог байна. Захиалгаас харж байхад 25-30 хувь нь дээд боловсролтой ажилтан авна гэдэг бол, 65-70 хувь нь мэргэжилтэй ажилтан хэрэгтэй гэсэн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учир дэд бүтцийн салбарт 100 мянган мэргэжилтэй ажилтан шаардлагатай байгаа юм. Үүнээс харахад мэргэжилтэй ажилтан хөдөлмөрийн салбарт эрэлттэй байгаа гэж ойлгож болно.
Их дээд сургууль төгссөн залуусын 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй өөрөөр хэлбэл 4 жил төлбөр төлж цаг хугацаа алддаг байна. Тиймээс үүний оронд улс оронд хэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин болох сонголтыг олон залуус хийж байгааг салбарын сайд мэдээллээ.