Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал талархал илэрхийлэв
Энэ зургадугаар сарын 1-5-нд Монгол Улсад Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Уг өдрийг Монгол Улс ажил хэрэгч, амжилттай тэмдэглэсэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штэйнер талархал илэрхийлэн ил захидал илгээлээ.
Монголд тэмдэглэсэн Дэлхийн байгаль орчны өдрийн холбогдолтой видео бичлэгүүдийг дэлхийн сая сая хүнд үзүүлж толилуулсан бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжлэх юм байна. Энэ оны “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн цахим хуудсыг есөн хэлээр хөтөлсний нэг нь монгол хэл байсныг ил захидалд онцолсон байна.
Ил захидалд:
“Эрхэм Ерөнхийлөгч өө, Танд болон Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд “Дэлхийн байгаль орчны өдөр2013”-ыг амжилттай зохион байгуулсанд гүн талархал илэрхийлэн мэндчилье.
Таван өдрийн турш зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ танай орны ногоон хөгжлийн үзэл баримтлалтай агуулга, зорилго нийцсэн хуралдаан уулзалтаар дүүрэн төдийгүй Олон улсын хүүхдийн баярын өдөрлөг, марафон гүйлтийн тэмцээн зэрэг сонирхолтой үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.
Эрхэм Ерөнхийлөгч Таны “Дэлхийн байгаль орчны өдөр”-т үзүүлсэн хувийн болон төр засгийн түвшинд үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийлье...
Бид “Дэлхийн байгаль орчны өдөр” хөтөлбөрийг бие даан хариуцан зохион байгуулсан олон яамд, тэр дундаа Байгаль орчин, ногоон хөгжил, Соёл, спорт аялал жуулчлал, Гадаад харилцаа, Уул уурхай, Эрчим хүчний яамтай хамтран ажилласандаа баяртай байна. Эрхэм Ерөнхийлөгч Таны “Дэлхийн байгаль орчны өдөр”-т үзүүлсэн хувийн болон төр засгийн түвшинд үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийлье.
Танай сайхан оронд зочлохдоо Хустайн нурууны байгалийн үзэсгэлэнт газар дахь тахь нутагшуулах үйлстэй танилцаж, нэгэн тахийг онцлон нэр өгч, малчин иргэдтэй уулзах боломж тохиосон нь онцлууштай үйл явдал байв.
Энэ удаагийн “Дэлхийн байгаль орчны өдөр” олон улсын хэмжээнд амжилттай тэмдэглэгдэн өнгөрсөн бөгөөд тус арга хэмжээний глобал сүлжээ, цахим хаяг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн шугамаар олон мянган арга хэмжээ дэлхий даяар зохион байгуулагдлаа. Энэ оны “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн цахим хуудсыг есөн хэлээр хөтөлсний нэг нь монгол хэл байсан бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон хэл дээр хөтлөгдсөн цахим талбар боллоо.
“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн холбогдолтой видео бичлэгүүдийг сая сая хүнд үзүүлж толилуулсан ба тэдгээрийг Нью-Йоркийн Таймс скүэр, Лондонгийн Пикадилли, Милан, Лондон, Барселон, Алма-Атагийн “Лайв виндөүз” сувгуудаар дамжуулан үргэлжлүүлэн толилуулах болно. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ДБОӨ болон Монгол Улсын талаар дэлхий нийтэд мэдээ мэдээлэл, онцлох нэвтрүүлгүүд толилуулсан билээ.
“Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл”-д энэхүү цаг үед бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна.
Эдгээр ажлуудаар дамжуулан Монголын ногоон хөгжилд шилжих үйл явц, түүний төлөө танай орны гаргаж буй идэвхи зүтгэлийг дэлхийн олон нийтэд хүргэнэ гэдэгт итгэж байна.
Бид Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тус үйл ажиллагааг зохион байгуулахад үзүүлсэн дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.
НҮБ-ын Байгаль орны хөтөлбөр “Ногоон эдийн засгийн төлөөх үйл ажиллагааны түншлэл”-д Монгол Улстай хамтран ажиллах болсноор Монгол Улс тогтвортой хөгжлийн ирээдүйд замнаж буй энэхүү цаг үед бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна.
Та болон танай хамт олонд Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай зохион байгуулсанд дахин талархал илэрхийлье.
Гүнээ хүндэтгэсэн:
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штэйнер” гэжээ.