Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдоржийг Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан гадаадын орнуудаас баяр хүргэсэн мэндчилгээ ирж байна.
НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга, ноён Вук Еремич дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
НҮБ-ын гишүүнд элсээд хагас зуу илүү жил болж буй Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 орны дундаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдгаараа тэргүүлдэг. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэрээр онцолсон байна. Монгол Улсад Төрийн тэргүүний сонгууль ардчилсан байдлаар, шударга, шуурхай болж амжилттай өндөрлөсөнд НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга, ноён Вук Еремич мөн талархаж байгаагаа илэрхийлжээ.