Ц.Элбэгдорж: Иргэдтэйгээ тулж, байгаль орчинтойгоо ойрхон байдлаар улс орноо хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгснийхөө дараа гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд товч ярилцлага өгөв. Францын үндэсний олон нийтийн телевиз, Англи, АНУ, ОХУ, БНХАУ, Японы сэтгүүлчид түүнтэй товч ярилцсан юм.
Ройтерс “Экономист” сэтгүүл:
-Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улс ямар амжилтад хүрэв. Уул уурхайн баялгийг хэрхэн зохистой ашиглах вэ?
-Та бүхний амгаланг айлтгая. Монгол Улсад 1989 оны хүйтэн өвлөөс эхлэн шинэ ардчилсан чөлөөт нийгмээр хуучин нийгмийг солих үйл ажиллагаа өрнөсөн. Энэ үйл явдлаас хойш өнгөрсөн 24 жилд бидний хувьд олсон ололт асар их байгаа юм. Олон улсын хувьд Монгол Улсын нэр хүнд асар их дээшилсэн. Монгол Улс хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх талаараа их ажил хийж байна.
Баялгийн үр шимийг хэрхэн үр ашигтайгаар ард түмэндээ хүртээх вэ гэдэг тал дээр Монголоос гадна олон улс орны туршлага бий. Үүнийг маш идэвхтэй судалж байгаа. Бидэнд хамгийн ойрхон нь Норвегийн туршлага байна. Норвегийн Үндэсний баялгийн сантай төстэй тийм санг Монголд байгуулах нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Бидний бас нэг хэрэгжүүлэх гэж байгаа бодлого бол Монгол Улсад үүссэн хувийн хэвшил голдуу нэг хүний юм уу, нэг хэсэг гэр бүлийн өмчлөлд байдаг. Үүнийг олон нийтийн болгох чиглэлд бид хууль тогтоомжоо идэвхтэй өөрчилнө. Ингэснээр монголчууд хамтдаа баялгаа бүтээдэг, хамтдаа бий болгосон баялгаасаа монголчууд үр шимийг нь хүртдэг ийм бололцоо бий болох юм.
-Монголчууд байгаль дэлхийгээ маш их хайрлаж зан үйл үйлддэг. Би бодохдоо монгол хүн, газар дэлхийн хооронд ямар нэг ариун нандин холбоо байдаг гэж итгэж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өглөө.
-Монголчууд хүүхдээсээ урьтаж газар дэлхийгээ, ус мөрнөө өмөөрдөг сайхан заншилтай улс. Энэ заншил олон зуунаар бий болсон. Бүр анхны эзэнт гүрэн бий болж байх үеэс л энэ заншил үргэлжилсэн байдаг. Монголын анхны эзэнт гүрэн байсан үеэс Монголын хууль тогтоомжид байгаль орчноо хамгаалахтай холбоотой заалтууд орсон байдаг. Монголын Их засаг гэж 800 гаруй жилийн өмнө гарсан хуульд байгаль орчинтой холбоотой заалтууд бий. Хэрэв байгальд халтай үйл ажиллагаа явуулах, ус гол бохирдуулах юм бол авах арга хэмжээ нь их хатуу байхаар заасан байдаг. Байгальтайгаа харилцаж амьдрах нь монголчуудын амьдралын маш их өвөрмөц хэв заншлын нэг байгаа юм. Монгол Улс цаашдаа олон улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр гаргах арга хэмжээнд хамгийн түрүүнд идэвхтэй оролцож байх болно.
Яагаад гэвэл Монголд агаарын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт хурдацтай явж байна. Цөлжилт, уул уурхайтай холбоотой хүндрэлүүд байна. Тийм учраас иргэдтэйгээ тулж, байгаль орчинтойгоо ойрхон байдлаар улс орноо хөгжүүлэх нь бидний хамгийн гол чиглэл юм. Энэ чиглэлээр Монгол Улс амжилт олно гэдэгт итгэж байна.
ОХУ-ын сэтгүүлч:
-Орос, Монголын харилцааны төлвийн талаар юу хэлэх вэ?
-Орос, Монголын харилцаа бол эртний уламжлалт харилцаа юм. Цаашдаа бид дэд бүтэц, эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хоёр чиглэл хамгийн гол нь гэж бодож байна.
-Монгол Улсад гарч байгаа эерэг өөрчлөлтүүдээс нэрлэнэ үү?
-Монгол Улс сүүлийн жилүүдэд амжилт ихтэй байна. 2011 онд Монголын эдийн засаг дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг болсон. 2012 онд Монгол Улс авлига огцом буурсан орон болсон. Өмнөх онтой харьцуулахад авлигын индекс 26 орноор буураад байна. Одоо Монголд их бүтээн байгуулалт эхэлж байна гэлээ.
Мөн Монголд оруулах гадаадын хөрөнгө оруулалт, Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулах тухай асуудлыг хөндөн ярилаа.
Хятадын сэтгүүлчийн асуултад хариулахдаа” Монгол, Хятад хоёр орон уламжлалт сайн харилцаатай. Ирэх жилүүдэд дэд бүтэц, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллана. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа. Тэр айлчлалын үеэр хоёр орны харилцаанд илүү хөгжил дэвшил гарна гэж найдаж байгаа” гэв.