2013.06.13

Канадад зорчих иргэдэд 10 жилийн хугацаатай виз олгоно

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхокийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Гоулдхоук Канад улсад зорчих Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд арван жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд дөрвөн жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгож байхаар Канад улсын Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдэж, холбогдох албан бичгийг гардуулав.

Канад нь парламентын засаглалтай холбооны тогтолцоо, ардчиллын хүчтэй уламжлал бүхий парламентийн ардчилсан улс юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар анхаарч байгааг онцлоод энэхүү зорилтод нийцсэн шийдвэрийг Канадын талаас гаргасанд талархал илэрхийллээ. Г.Гоулдхоук Монголоос Канад улсад зорчигчдын тоо жилээс жилд өсч, тэдгээрээс суралцах зорилгоор яваа иргэдийн тоо нэмэгдэж байгаад баяртай байгаагаа хэллээ. Мөн монгол иргэдэд урт хугацааны олон удаагийн виз олгохоор болсон нь ирээдүйд хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болоход чиглэсэн чухал алхам гэдгийг онцолсон юм.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Грегори Гоулдхок дээрх шийдвэрийг Гадаад харилцааны сайд Л.Болдод танилцуулснаар хэрэгжих юм байна.