Бүрэн эрхийнхээ хугацаанд ОХУ-д визгүй зорчих асуудлыг шийднэ
Гадаад харилцааны сайд Л.Болдоос гадаадад визгүй зорчих асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад оролцох үеэр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хоёр оронд харилцан визгүй зорчих асуудлыг хөндсөн гэсэн. Тодорхой шийдэлд хүрсэн үү?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаадын, улс орнуудад визгүй зорчих асуудалтай холбоотой маш тодорхой заалт байгаа. Үүнтэй уялдуулан гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аль болох олон оронд зорчдог болох талаар арга хэмжээ авч байна. Ялангуяа анхаарлын төвд мэдээж хэрэг хойд хоёр хөрш, Солонгос, Япон зэрэг гуравдагч хөрш орнууд багтаж байгаа.
ОХУ-ын Гадаад харилцааны сайдтай уулзах үеэр энэ асуудал хөндөгдсөн. Гэхдээ яг тодорхой шийдэлд хүрээгүй болохоор энэ талаар ярихад эрт байна.
Ер нь ОХУ-тай харилцан визгүй зорчих асуудал маш олон жил яригдаж байгаа. Энэ асуудал бидний анхаарлын төвд байгаа, тодорхой ахиц ч гарч байна. Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ОХУ-д визгүй зорчих асуудлыг шийдвэрлэх бидний том зорилтын нэг.
-Одоогоор манай улсын зүгээс аль нэг орон руу визний хөнгөлөлт эдэлдэг орон бий юу. Саяхан Солонгос руу визний хөнгөлөлт үзүүлдэг болсон гэж байсан?
-Бид ОХУ, Солонгос, Европын холбооны орнуудад визгүй зорчдог болгох асуудлыг нэн тэргүүнд шийдэхийг зорьж байна.
Цаашид Америк, Англи руу зорчих талаар ч ярих байх. Солонгос улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудал шийдэгдсэн.
Өөрөөр хэлбэл хураамжгүй болсон гэсэн үг. Мөн Герман улсад дипломат паспортоор харилцан визгүй зорчиж байгаа.
-Ер нь визгүй зорчих асуудлыг ярихаар хамгийн түрүүнд тавигддаг шаардлага юу байдаг вэ. Манай улсын хувьд тэр стандарт шаардлагыг нь хэр хангадаг гэж та үздэг вэ?
-ОХУ, Европын холбооны орнуудын зүгээс нэг чухал асуудлыг тавьдаг. Энэ нь визгүй болгосон нөхцөлд зорчих хугацаагаа зөрчиж, хууль бусаар үлдэх тохиолдолд иргэдээ буцаан татах асуудал яригддаг юм. Үүнийг бид зөв гэж хүлээн авч байгаа. Мэдээж виз авахдаа бид хууль зөрчихгүй л гэж авдаг шүү дээ.
Ингэснээр Монгол Улсын 2.8 сая иргэн чөлөөтэй зорчих эрхтэй болно гэсэн үг. Бид мөн өмнө нь харлаад ажиллаж байгаа иргэдэд эерэгээр нөлөөлөх, албан ёсны болгох, эсвэл эх орондоо ирэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх зэрэг олон асуудлыг харж байгаа.
-Манай улсаас гадаад улсад олон иргэн амьдардаг. Тэдгээр иргэдийн эрхийг хангах, хамгаалах тал дээр яаж ажиллаж байгаа вэ. Гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж л байх юм?
-Ер нь энэ асуудлыг зөнгөөр нь орхисон байгаа. Иргэдээс маш их гомдол санал ирдэг. Хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна гэсэн иргэд олон байна. Энэ тал дээр бид зохион байгуулалттай олон арга хэмжээ авч байгаа. Элчин сайдын яамдууд нь иргэдээсээ нуугдчихсан биш иргэддээ хүрч үйлчилдэг байх ёстой.
Иргэндээ аль болох ойртох, нээлттэй байх, санал хүсэлтийг нь хүлээж авдаг, тавьсан асуудлыг нь шийдвэрлэдэг байх 24 цагийн үйлчилгээтэй газрыг нээх зэрэг чухал асуудал байгаа. Үүнтэй уялдан боловсон хүчний асуудал ч яригдана. Тэнд дипломатууд гээд харилцааг хариуцсан хүмүүс л байгаад байхаас иргэдэд нийгэм, хөдөлмөр, хуулийн талын зөвлөгөө өгөх хүн байдаггүй.
Гэтэл энэ хамгийн чухал асуудал шүү дээ. Тиймээс хуульч, нийгмийн ажилтан, хөдөлмөрийн мэргэжилтэн томилж ажиллуулах тал дээр ярьж байгаа.