ЭМЯ-ны салбарын тайлан бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяа
2013.06.12

Энэ онд эмнэлгийн 12 объект ашиглалтанд орно

Эрүүл мэндийн яамны салбарын тайлан бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяагаас энэ онд эрүүл мэндийн салбарт хийгдэх бодит бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.

-Эрүүл мэндийн сайдын багцад энэ онд 520-иод тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгаж өгсөн. Өнгөрсөн онтой харьцуулахад 60-аад тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Энэ мөнгөөр эрүүл мэндийн салбарт ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

-Нийт 43 объект ашиглалтанд орохоор явж байгаагаас энэ онд 12 нь ашиглалтанд орно. Энэ хэрээр эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нэмэгдэнэ гэсэн үг.

-Эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн ортой шууд холбоотой. Энэ оны тооцоо, төлөвлөгөөгөөр эмнэлгийн орны хүрэлцээ улс даяар яаж бодитоор өөрчлөгдөх вэ?

-Ерөнхийдөө эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаа учраас ялангуяа төрөх эмнэлгүүдийн орны тоо нэмэгдэнэ. 300 ортой, 150 ортой төрөх эмнэлгүүд явж байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлүүд явж байгаа. Энэ хэмжээгээр орны ачаалал бүгд нэмэгдэнэ.

-Эдгээр өргөтгөлүүдийг энэ ондоо хийж амжих уу?

-Ер нь энэ онд 12 объект орно. Төрхүүдийн хувьд энэ жилдээ орохгүй, он дамжсан хөрөнгө оруулалт гээд. Жишээлбэл, 300 ортой төрхөд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт энэ жил хийгдээд явна.

-Эрүүл мэндийн салбарын өмнөө тавьж буй гол хөтөлбөр, бодлого нь “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай явж байна вэ?

-Бид энэ хөтөлбөрийнхөө стратегийг боловсруулж, зорилтоо тодорхойлон ажлууд хийгдэж байгаа. Эхний таван сарын байдлаар гүйцэтгэл 50 хувьтай. Он дуусахад зорилгоо биелүүлэхээр зорьж байна.

-Эрүүл мэндийн салбарт шийдэх асуудлууд их байгаагаас төсөв жилээс жилд нэмэгддэг. Ирэх оны төсвийн тооцооллоор шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг яамны зүгээс яаж харж байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг цогцоор нь шийдэх шаардлагатай гэж байгаа. Энэ тал дээр цаашид ямар байдлаар өөрчлөгдөх бол. Иргэд ямар хүлээлттэй байгаа вэ?

-Энэ онд 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнийг 24 тэрбумаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн. 49 тэрбум нь хөрөнгө оруулалт, их засварт зарцуулагдана. Хөрөнгө оруулалт сайжирна гэдэг нь эмнэлгүүдийн чадавхи сайжирна гэсэн үг.

Урсгал төсвийн 38 хувь буюу 170 тэрбумийг хүнтэй холбоотой зардал эзэлдэг.

Манай нийт урсгал төсөв хөрөнгө оруулалтаа хасахад 442,2 тэрбум байгаа. Урсгал төсвийн 38 хувь буюу 170 тэрбумийг хүнтэй холбоотой зардал эзэлдэг. 7,9 буюу 16 хувь нь эм хоолны зардал, 24,9 буюу зургаан хувийг тогтмол зардал, үлдсэн 40 хувь нь бусад зардал эзэлж байна.

Тэгэхээр бусад зардлууд нилээн хүндрэлтэй төсөв нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг үүнээс харж болно. Манай салбарын хэмжээнд 25496 хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн цалин, шимтгэл, нэмэгдэл, урамшуулалд урсгал төсвийн бараг 50 хувь нь зарцуулагддаг.