«Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» хөтөлбөр албан ёсоор эхэллээ
Францын Санофи Эспуар сан, Санте Сюд ТББ-ын зүгээс эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч нарын чадавхийг бэхжүүлэх зорилгоор «Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» 3 жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр ЭМЯ дээр зохион байгуулагдав.
Санофи Эспуар сан болон Монакогийн Хант улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газраас Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Санте Сюд, түүний хамтрагч нарт дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй «Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» хэмээх 3 жилийн хугацаатай хөтөлбөрийг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ.
Тус хөтөлбөр эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж буй нь Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас боловсруулсан 2010-2015 оны эрүүл мэндийн стратеги төлөвлөгөөний зорилгод багтаж буйгаас гадна үндэсний хэмжээний нэн тэргүүний зорилтын нэгээхэн хэсэг болж байгааг тус аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа онцолж байлаа.
Түүнчлэн эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулна.
Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр хэрэгжүүлж буй энэхүү шинэ хөтөлбөр нь сувилагч, эмч, эх баригч, дунд мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлж, аймгийн эрүүл мэндийн салбарын нийт оролцогсдын хооронд сүлжээ тогтоон, эх хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн байгууллага бүрийн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахыг тэрбээр хэллээ.
Төсөл хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд анхдагч шатлал болох сумын эрүүл мэндийн төвөөс хоёрдогч шатлал болох аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжирсан байна хэмээн тооцжээ. Түүнчлэн эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулна. Эдгээр үр дүнд хүрэхийн тулд нийт 150 эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулж, 17 эмнэлгийг харилцаа холбооны дэвшилтэт технологи ашиглан сүлжээгээр холбох аж. Ийнхүү Архангай аймгийн Эрүүл мэндийн газар 475 мянган евро буюу 900 орчим сая төгрөгийн тусламж авахаар боллоо.
Гэрээг үйлдэх ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Санте Сюд ТББ-ын захирал Николь Хансэн, Францын Санофи Эспуар Сангийн захирал Кати Форжэ, Монакогийн Хант улсын өргөмжит консул Т.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцов.