С.Эрдэнэ сайд аз жаргалтай хүүхэд насаа дурсав
Монгол Улсын төр эцэг, эх нь болж, хайр халамжаар дутаахгүй бусад хүүхдийн адил өсөж, хүмүүжих боломж Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн хүүхэд бүрт бий. Тэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өөрсдийн авьяас, чадвар, оюун мэдлэгээсээ хуваалцаж, тайлан тоглолтоо хийсэн юм. “Аз жаргалтай хүүхэд нас” нэртэй энэхүү уран бүтээлийн тайлан тоглолтод тус төвийн сурагчдаас гадна тэднийг эцэг, эх шиг нь халамжилж, хамт байдаг багш сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл оролцсон нь тоглолтын онцлог байсан.
Энэхүү тоглолтод ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон Хүүхдийн төлөө Үндэсний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүлтэй хамтран ажилладаг аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Мөн энэ үеэр салбарын сайд С.Эрдэнэ улс эх орны ирээдүй хойч, хөгжлийн эзэд болсон хүүхэд, багачуудтай ажилладаг Өнөр бүл төвийн зарим багш, сурган хүмүүжүүлэгч нарт ХАХНХЯ-ны хүндэт жуух бичиг болон салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэгийг гардуулан өгсөн.
Түүнчлэн Хүүхдийн төлөө газрын авьяас алтан медаль, Сурагчдын холбооны тэргүүний сурагч, Монголын Хүүхдийн ордны нэрэмжит шагнал зэрэг олон шагналын хур буусан өдөр болсон. Энэ удаагийн уран бүтээлийн тайлан тоглолт “ Хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө та, бид хамтдаа” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, хөгжил оролцоонд тулгуурлан авьяаслаг хүүхдүүдийнхээ сурч мэдсэн зүйлээр бахархан, байгууллагын үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчлах, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан хамтран ажиллаж буй байгууллага, хувь хүмүүст талархалаа илэрхийлж, харилцаа холбоо хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нь тоглолтын бас нэгэн онцлог байлаа.