Хүүхдийн хүчирхийллийн асуудал олон арван жил бугшсаар ирсэн
Eagle телевизийн Өдрийн зочны цагт ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ оролцлоо.
Сүүлийн үед гарч буй хүүхдийн эрхийг зөрчиж байгаа ноцтой асуудлууд дээр та ямар байр сууринаас хандаж байна. Ийм байдал юунаас болоод гарч байна гэж бодож байна?
Хүүхдийн эсрэг үйлдэж байгаа хүчирхийллийн гэмт хэрэг угаасаа байсан. Олон арван жил байгаад бугшаад ирсэн, гол нь нийгэмд ил гаргадаггүй байсан асуудал. Хуулийнхан гэр бүлийн асуудал гэсэн байр сууринаас ханддаг. Хариуцлага хүлээлгэдэггүй.
Дан ганц цагдаа хууль хяналтын байгууллагын шугамаар энэ асуудлыг шийдэж чадахгүй. Хуулийнханд ч гарц байхгүй. Учир нь гэр бүлийн хүрээнд явагдаж байгаа асуудал гэдэг утгаараа ямар нэг хариуцлагаас мултраад байдаг. Тиймд үүнийг хуульчилж өгөх ёстой. Хүүхдүүдийн дийлэнх нь гадны гэхээсээ илүү өөрийн гэр орон, аав ээж, ах дүүгийн хүчирхийлэлд өртдөг.
Энэ зохицуулалтад хүүхдийн эрхийн болоод гэр бүлийн тухай хууль, холбогдох хуулиудад өөрчлөлт хийж тэнд хүлээлгэх хариуцлага, тооцох арга хэмжээний төрлүүдийг тодорхой зааж, хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллага хүмүүсийн эрх хэмжээг нэмэгдүүлэх заалтуудыг оруулж өгөхгүй бол энэ асуудал таслан зогсоогдохгүй.
Наадам дөхөж байгаатай холбогдуулан унаач хүүхдүүдийн асуудал хөндөгддөг. Энэ талаар?
Унаач хүүхдүүдийн асуудал хүүхдийн эрхтэй салшгүй холбоотой. Хүмүүс янз бүрийн байр сууринаас ханддаг. Бид бас олон талаас нь судалж үзэх хэрэгтэй.
Гол нь хүүхдийн эрхийг дээдэлсэн зарчмаар энэ асуудлыг шийдэх ёстой. Хүүхдийн эрхийн асуудлаар ажиллаж байгаа хүүхдийн мэргэжилтнүүд, байцаагч нарт өндөр эрхийг хуулиар олгомоор байна.
Энэ сарын 20-ны өдөр болох залуучуудын чуулганы хүрээнд та зүүн аймгуудаар яваад ирсэн. Зүүн аймгийн залуучуудын амьдрал хэр байна. Залуучуудад тулгамдаж байгаа асуудал юу байна?
Залуучуудад тулгамдаж буй асуудал олон бий. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудал, санхүүгийн боломж муугаас хичнээн өөрөө оюун ухааны чадвар өндөр байсан ч хүссэн сургуульдаа сурах боломж нь хаалттай байдаг. Мөн залуу гэр бүлүүдэд орон сууц, ажлын байр тулгамдсан асуудал болж байна. Залуучууд хөгжлийн чиглэлийн асуудал хаалттай байна.
Залуучуудын чуулганы зорилго бол залуучууд хөгжлийн бодлогын түвшинд төрийн оролцоо ямар байх вэ, төр ямар бодлого чиглэл эрх зүй, эдийн засгийн орчныг яаж бүрдүүлэх вэ. Залуучуудад чиглэсэн төрийн бодлого юу байх вэ гэдгийг тодорхойлох юм.
Манай яам хүн амын хөгжлийн асуудлыг хариуцаж байгуулагдаад найман сар болж байгаа. Энэ хугацаанд хүн амын бүлгээ таван бүлэгт хувааж авч үзсэн. Үндсэн дөрвөн бүлэг бий. Ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд гээд. Дээр нь манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо асар өндөр. 110 мянга орчим хүн байна.
Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо асар өндөр.
Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд хүн амын бүлгийн хэмжээний тоо. Бүлэг тус бүрээр нь үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Одоогоор гурван том чуулганыг хийж дууссан. Маш амжилттай болсон.
Мөн ирэх сард хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг ажилдаа орно. Гурван сар ажиллаад 9 сард баримт бичгийн төслийг Засгийн газарт танилцуулна. Урьд нь манайд төрөөс хүн амын хөгжлийн чиглэлээр баримтлах цогц бодлогын баримт бичиг байгаагүй.