Л.Энх-Амгалан: Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд
УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг шинэчлэн батлаад байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх энэхүү хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрээр уг хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан юм.
-УИХ-аас баталсан Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг олон улсын жишигт хүрсэн шинэлэг хууль гэж УИХ-ын даргаас эхлэн үнэлэх хүн цөөнгүй байна. Хуульд туссан шинэ зохицуулалтыг тодруулахгүй юу?
-УИХ-аас Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг шинэчлэн баталснаар нэгдүгээрт, үнэт цаасны зах зээл жинхэнэ сонгодог утгаараа хөгжих эрх зүйн орчинг нь хуульчилж өглөө. Жишээ нь, аль ч улсын үнэт цаасны зах зээлийн гол тоглогч нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нар байдаг.
Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэгт тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан /нээлттэй, хаалттай/-гууд, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд хамаарна. Тэдгээрийг энэхүү харилцаанд оролцох боломжийг анх удаа нээлээ. Энэ бол маш том дэвшил. Хоёрдугаарт, Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгосон тэр компанийхаа хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалах бололцоо нь нээгдсэн. Эдгээр компани нь манай хөрөнгийн бирж дээр дахин шинээр бүртгэл хийх шаардлагагүй гэсэн үг.
Зөвхөн нэг жишээ татахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын бирж дээр бүртгэлтэй 43 компанийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дөнгөж 1,7 их наяд төгрөг байх жишээтэй. Шинэ хуулиар энэ 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах бололцоо нээгдсэнээр монголчууд уул уурхайн томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа эдгээр компанийн өндөр өгөөжтэй хувьцааг өөрийн орны хөрөнгийн биржээс шууд авах, хөрөнгө оруулах боломжийг олгож байгаа юм.
Гурав дахь боломж нь Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж, урт удаан хугацааны өндөр өртөгтэй, бас босго өндөртэй IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах замаар олон нийтийн зүгээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагааны олон төвөгтэй процессийг дамжихгүйгээр шууд өөрсдийнхөө компанийн бонд эсвэл, хадгаламжийн сертификатыг гаргаж Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоог хангаж өгсөн. Дөрөв дэх шинэлэг зүйл нь хаалттай компаниуд хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэр татах бололцоотой.
Тав дахь боломж нь, нэг талаас дан ганц хадгаламжийн хүүгээр биш хөрөнгө оруулалт хийж хөрөнгө мөнгөө өсгөх сонирхолтой хувь хүмүүс, нөгөө талаасаа банкны богино хугацаатай, хүү өндөртэй зээлээр биш урт хугацааны санхүүжилт шаардлагатай компаниудын хувьд нээлттэй компани болж бизнесээ өргөтгөх сонирхолтой үндэсний компаниудын хоорондын сонирхлын огтлолцол нь хөрөнгийн бирж байх юм. Банк давамгайлсан санхүүгийн салбар нь үндэсний компаниудын өсөлтийг дэмжиж чадахгүй байна.
Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэдэг.
Банкны зээл зөвхөн барьцаа хөрөнгөтэй хүнд олгогддог. Зээлийн барьцаанд тавих хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлдэг. Тэгвэл компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай үнэт цаасны зах зээл дээр байхгүй байгаа нь жижиг дунд компаниуд хөл дээрээ босч чадахгүй байгаагийн нэг шалтгаан энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гол амин сүнс нь Монголын хөрөнгө оруулагчид, хадгаламжид мөнгөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн гэж тодорхойлж болно. Энэ хуулийн ач холбогдлыг өргөн утгаар нь хэлвэл иргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бололцоо нь үнэт цаасны зах зээл юм.
-Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойн хувьцааг худалдан авах сонирхолтой хэн бүхэнд бололцоо бүрэн нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Хууль хэрэгжээд эхлэхээр Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа Хонконг, Лондон, Австрали, Канадын хөрөнгийн бирж дээр гарсан уул уурхайн компаниудын хувьцааг шууд Монголын хөрөнгийн бирж дээрээсээ авах бололцоо нээгдэж байгааг би дээр жишээгээр тайлбарласан. Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн компани хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахад Монгол Улсын иргэн хэн ч бай өөрийн орныхоо биржээс худалдаж авах бололцоо нээгдэж байгаа юм. Ингэж иргэд маань Оюутолгойн хөрөнгө оруулагч компанийн хувьцааны хөрөнгө оруулагч болсноор энэ компанийн засаглалд төлөөллөөрөө дамжуулж шууд хяналтаа тавих бололцоо нээгдэнэ гэсэн үг.
Ард иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа одоо бол эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хувьцаа эзэмшигчид маань төлөөллөө хэрэгжүүлэх, ТУЗ-д нь төлөөллөө оруулах боломжгүй байсан. Хууль хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал нээлттэй болно. Ингэснээр 1072 ширхэг хувьцааныхаа жинхэнэ эзэмшигч нь болж, хувьцаа эзэмшигчийн хувиар компаний засаглал болон компаний үйл ажиллагаанд хяналт тавих давуу талыг бий болгож өгнө.
-Гэхдээ зарим эдийн засагч Монголд нийгмийн хариуцлагатай компаниуд хуруу дарам цөөн, ихэнх компанийн засаглал хөгжөөгүй байгаа нөхцөлд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталлаа ч хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Үйл ажиллагаа нь тогтворжоогүй, компанийн засаглал нь нээлттэй биш хувьцааг худалдаж авах сонирхолтой хүн хэд байх вэ” гэж шүүмжилж байна?
Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн тоо 328 гэсэн тоо байдаг ч үнэн хэрэгтээ 200 гаруй компанийн хувьцаа нь зарагддаггүй, идэвхгүй, хаалттай байдаг.
-Монгол Улс өмч хувьчлалын бодлогыг 90-ээд оноос эхэлж, төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, иргэн бүрийг хөрөнгөтэй, хувьцаатай болгохыг оролдож цэнхэр, ягаан тасалбар тараасан нь олон жилийн алдаа завхралыг бий болгосон. Үүний үр дүнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, санаатай санаагүйгээр дампуурсан олон компанийн бүртгэлийг Хөрөнгийн биржийн бүртгэлээс цэвэрлэх цаг нь болсон.
Энэ бол нэн тэргүүнд хийх ёстой ажил. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн тоо 328 гэсэн тоо байдаг ч үнэн хэрэгтээ 200 гаруй компанийн хувьцаа нь зарагддаггүй, идэвхгүй, хаалттай байдаг. Дээр нь төрийн өмчийн оролцоотой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг тухайлбал, “Эрдэнэт”, МИАТ, “Монголросцветмэт”, “Монголын төмөр зам” компаниудыг нээлттэй компани болгох хэлбэрээр хөрөнгийн зах зээлд гаргах ёстой юм. Ард иргэддээ бид заавал алдагдалтай компаниудыг санал болгоод байж болохгүй. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой томоохон компани 90 орчим байна. Тэдгээр компанийн 50 орчим хувь нь алдагдалтай ажилладаг.
Ашигтай ажилладаг компани маш цөөхөн. Томоохон ашигтай ажилладаг нь “Эрдэнэт” үйлдвэр. “Эрдэнэт”-ийг одоо нээлттэй компани болгох ёстой, иргэд хувьцаа эзэмшигч нь болох ёстой. Иргэд энэ үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болж чадсанаар засаглал нь нээлттэй болно. Үйлдвэрийн захирал хэдий хэмжээний цалин хөлстэй ажилладаг вэ гэдгээс эхлээд мэдээлэл ил тод болно. Нөгөөтэйгүүр, улсын компанид хэдэн сая төгрөгийн бараа нийлүүлэгдэв тэр бүхэн нь нээлттэй болж, ард иргэдийн хяналт сайжирна. Үнэхээр энэ компани Монголын төрийн өмч юм бол эзэд нь Монголын иргэд байх ёстой. Иргэд өөрсдийнхөө хяналтыг улсын үйлдвэрийн газруудад хөрөнгийн биржээр дамжиж хяналтаа тавих бололцоог энэ хуулийн хүрээнд олгосноороо цоо шинэ зүйл л дээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн давуу тал нь энэ.
-Тэгвэл хөрөнгийн бирж дээр гарах компаниудад тавигдах тодорхой шалгуур нь юу байх вэ?
-Хөрөнгийн бирж дээр гарах компаниуд тодорхой шалгуур хангах ёстой болдог. Тухайлбал, санхүүгийн болон бизнесийн үйл ажиллагаа, менежментийн багийн ур чадвар, компанийн засаглал гээд бүх төрлийн үнэлгээ болон аудитийг хийлгэх шаардлага үүсдэг. Энэ нь эргээд компанидаа давуу тал бий болгож өрсөлдөх чадварыг сайжруулдаг. Гэхдээ энэ хуулийн хүрээнд компани болгон нээлттэй болох албагүй.
Ер нь энэ боломжийг ашиглаад хэлэхэд Монголын төр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд явуулсан өмч хувьчлалын бодлогодоо үнэлэлт, дүгнэлт өгөх цаг нь болсон гэж би боддог. Юун дээр алдав, юун дээр онов гэдгээ тунгааж, цаашдаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд юуг хийх вэ, төрийн оролцоо аль салбарт байх вэ, төр юунд оролцож, юунд оролцохгүй байх вэ гэдэг бодлогоо тодорхой болгож, одоогийн Төрийн өмчийн хорооны бүтэц, үүрэг ролийг ч эргэж харах цаг болсон гэж бодогддог.
-Хөрөнгийн зах зээл хэзээ жинхэнэ утгаараа хөгжих бол?
ДНБ-ий 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө арилжааны банкуудад эргэлдэж байна.
-Улс орны хөгжлийн түвшинг олон үзүүлэлтээр хэмжиж болдог. Тухайн улсын эдийн засгийн хөгжлийг үнэт цаасны зах зээлтэй нь шууд уяж ойлгож болно. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн хөгжлийнхөө гол локомотив болох ёстой. Бид санхүүгийн салбараа хөгжүүлж чадвал Монгол Улс санхүүгийн эх үүсвэрийн хувьд гадны улс орноос хараат бус болж, өөрийн баялгаа дотооддоо зөв зохистой хуваарилж, эдийн засгийн хувьд бие даан тогтвортой хөгжих чадвартай болно. Манай улсын санхүүгийн салбарын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна.
-Тодруулбал?
-Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 14 их наяд төгрөгт хүрлээ. Тэгвэл банкны салбарын нийт актив 10 их наяд байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ маань 1,7 их наяд төгрөг байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 12 хувь орчим, санхүүгийн салбарын нийт активын 15 хувьд ч хүрэхгүй байгаа нь үнэхээр чамлалттай тоо.
-Нэгэнт тантай уулзаж байгаа энэ бололцоог ашиглаж, улс орны эдийн засгийн төлөв байдлын талаар хэдэн зүйл тодруулмаар байна. Арваад хоногийн өмнө УИХ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Түүнд инфляцийг зургаан хувьд хүргэхээр тусгасан нь анхаарал татаж байгаа. Инфляцийг ийн огцом буулгах бололцоотой юу?
-Маш богино хугацаанд инфляцийг шууд багасгана гэдэг эрсдэлтэй. Тэр тусмаа төрийн зүгээс механикаар инфляцийг зохицуулах нь маш эрсдэлтэй алхам. Тодруулж хэлбэл, төр өөрөө асар их хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлийнхээ жамаар, гольдролоороо явж байгаа эдийн засгийн бодит салбар руу хөндлөнгөөс оролцож, үнийг зохицуулах гэж оролдох нь үндэсний компаниудынхаа өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрж байна. Үнэхээр инфляцитай үр дүнтэй тэмцье гэх юм бол урт удаан хугацааны хөтөлбөр хэрэгтэй. Гол нь инфляцийг бий болгоод байгаа гол шалтгаанууд нь юу байна вэ гэдгийг зөв оношлох. Манайд бол инфляцийг хөөрөгдөхөд гол нөлөө үзүүлдэг дөрвөн хүчин зүйл бий. Эхнийх нь махны үнэ, хоёр дахь нь шатахууны үнэ, гурав дахь Замын Үүд дэх ачааг нэвтрүүлэх чадвар, дөрөв дэх нь валютын ханш. Засгийн газар энэ дөрвөн гол хүчин зүйлийг урт хугацааны хөгжлийн зөв бодлогоор зохицуулж чадвал инфляци буурах боломжтой. Гэхдээ түр зуурын гал унтраах аргаар биш байх ёстой.
Засгийн газар, Монголбанк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүллээ.
Энэ онд Засгийн газар, Монголбанк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүллээ. Цаашдаа 2016 оныг дуустал жил бүр ийм их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр гаргаж инфляцийг бууруулна гэвэл маш өндөр өртөгтэй, дээр нь эрсдэлтэй шийдвэр болно. Нөгөө талаасаа ийм хэмжээний эх үүсвэр хязгаартай гэдгийг ойлгох ёстой. Гол нь инфляцийг бууруулахын тулд ямар өртгөөр нэг оронтой тоонд оруулах гээд байна вэ гэдэг эдийн засгийн тооцоо судалгааг бас гаргах хэрэгтэй байна. Ингэхгүй бол зөвхөн инфляцийг бууруулахын тулд асар их мөнгийг үр дүн муутайгаар зарцуулж мэдэх эрсдэл байхыг үгүйсгэхгүй.
-УИХ-аас 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг мөн баталсан. Ирэх жил зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр хэр тогтвортой байх бол. Төсвийн хүрээний мэдэгдэлд зэсийн үнийг нэг тонныг нь 6423,9 ам.доллараар, нүүрсийг 120.2 ам.доллар гэх мэтчилэнгээр жишиг үнэ хэр бодитой авсан үнэ бол?
-Манай улсын экспортын гол түнш нь Хятад. Өмнөд хөршийн эдийн засаг ирэх хоёр жилд бууралттай байх ийм прогноз бий. Түүгээр бол зэс, нүүрсний экспортын үнэ өсөхгүй гэх болгоомжлол байгаа. Тэгэхээр үнэ доошоо орохыг үгүйсгэх аргагүй. Хэрэв үнэ доошоо орвол хүндрэлтэй л дээ, өнгөрсөн жил УИХ-аас 2013 онд нэг тонн зэсийн үнэ 8152 ам.доллар, нүүрсний үнэ нэр төрлөөсөө хамаарч 83-160 ам.доллар байхаар төлөвлөсөн. Өндөр үнэтэй төлөвлөсөн, нөгөө талаасаа экспортын орлогыг өнгөрсөн жилийнхээс 70 хувиар өсгөнө гэсэн. Гэтэл зэсийн үнэ унаж 7100 ам.доллар руу буусан нь эргээд 2013 оны төсөвт нэлээд хүндрэл дагуулж болзошгүй байна.
-Тэгэхээр одоо яах вэ. Энэ нь ирэх оны төсвийг төлөвлөхөд хүндрэл учруулж болзошгүй нь дээ?
-Юуны өмнө хөрөнгө оруулалтаа харах ёстой, жишээ нь 2014-2016 онд улсын төсвийн эх үүсвэрээр хэр хэмжээний хөрөнгө оруулалт санхүүжүүлэх гэж байна вэ гэдгийг тодорхойлох. Дээр нь Монгол Улс төсвөөс гадуур хэд, хэдэн төсөвтэй болчихоод байна. Тухайлбал, Хөгжлийн банкны эх үүсвэр, бондын мөнгө, Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд дөрөв таван эх үүсвэрээр хөрөнгө оруулалтын санхүүжилтыг хийж байна.
Энэ бүхэн нь хоорондоо уялдаатай байх ёстой. Яагаад гэвэл Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас төсвөөс гадуурх санхүүжилт гэж байж болохгүй гэдгийг анхааруулж байгаа. Тийм учраас бондын хүү, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөний эх үүсвэрийн зардал энэ бүхнийг төсвийн зардал хэлбэрээр төсөвт суулгаад явах ёстой. Цаашдаа хэрвээ төсвийн гадуур санхүүжилт байж болно гэвэл одоогийн Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулж байж эрх зүйн орчин нь бүрдэнэ. Ийм орчин бүрдүүлээгүй нөхцөлд УИХ-ч, Засгийн газар ч аль аль нь хуулиа зөрчсөн хэрэг болно.