Ж.Цэдэнрагчаа: Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг төр дангаараа хамгаалах ёсгүй
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа
2013.05.22

Ж.Цэдэнрагчаа: Хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг төр дангаараа хамгаалах ёсгүй

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаатай үнэт цаасны тухай хуулийн шинэчлэлийн талаар ярилцаж, санаа бодлыг нь сонслоо.

-Үнэт цаасны тухай хууль хэлэлцэгдэж байна. Та үнэт цаасны арилжаа эрхлэгчдийг төлөөлж байгаа хүний хувьд хуулийн өөрчлөлтийг юу гэж үзэж байна вэ. Давуу болон сул талыг нь хэлээч?

Үнэт цаасны тухай хууль батлагдах нь үнэхээр цаг үеийн шаардлага. Яагаад гэхээр хөрөнгийн бирж өмнөх хорин жилд үүргээ гүйцэтгэчихлээ. Өмчийг дахин хуваарилах буюу өмч хувьчлалаа хийчихсэн гэж ойлгож байгаа.

Харин одоо хөрөнгийн бирж шинэ үүрэг хүлээнэ. Хөрөнгийн зах зээл эдийн засгийн  хөгжилд маш их нөлөөтэй,  хөгжилд түлхэц болох, гадаад зах зээлийн хөрөнгийн урсгалыг татах гэсэн чухал үүрэгтэй. Тэгэхээр хуучин ашигт малтмалын тухай хуульд гадаадад бүртгэлтэй үнэт цаасны арваас арван таван хувийг дотоодын бирж дээр арилжаалах ёстой гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл давхар бүртгэл хийхээр үнэт цаасны тухай хууль нь үндсэн шаардлагыг хангахгүй байсан. Харин одоо шинэчлэх хууль бол үүнийг өөрчилж байгаа нь гол давуу тал. Ингэснээр нэгдүгээрт давхар бүртгэл нээх боломжийг гаргаж, хоёрдугаарт шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж ирэх боломжийг бүрдүүлж байгаа.

2013,05 сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 36 хувьцаат компани байна.

-Харин сул талын тухайд ямар саналтай байна, засч залруулах зүйл юу байна?

Үндсэндээ үнэт цаасны тухай хуулийн хоёр систем дэлхий дээр байна. Америк, европын орнуудын хуулийн систем, нөгөө талд Азийн орнуудын систем.

Америк, европынх бол олон зуун жилийн туршлагатай, хөрөнгө оруулагч нар нь хөгжсөн зах зээл.

Үнэхээр манайх хийгдэх ёстой өөрчлөлтөөс хоцорч явж байгаа. Гэхдээ хөгжингүй орнуудын нарийн зохицуулалттай хуулийн жишгийг шууд авчраад тавьчихвал манай улсад учир дутагдалтай. Яагаад гэхээр манай эдийн засаг хаашаа яаж хөгжих хэтийн хандлага нь тодорхой бус байгаа үед хэтэрхий нарийн зохицуулалт тавьчихвал зах зээлийн харилцаагаа хумих талтай.

Тиймээс бид  хуулиар, журмаар зохицуулах зүйлсийг зах зээлийн стандартуудад нийцүүлсэн, тэдгээрийг ангилж, зааглаж тавьж өгөхийг хүсч байгаа юм. Дээрээс нь зарим нэг зүйлсийг тодорхой болгох хэрэгтэй.

-Жишээлбэл ямар зүйлийг тодорхой болгох вэ. Яаж?

 Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах талаар хуулинд тусдаа зүйл заалт болгож оруулж ирэх хэрэгтэй.

-Одоо хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж чаддагггүй гэж үү?

Чаддаггүй. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хангалттай хамгаалж чаддаггүй. Өнөөдөр ихэнхи хувьцаат компаниудын хувьцаа төвлөрчихсөн байдалтай байна.

Жижиг хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргахад нөлөөлөх эрх мэдэлгүй байгаа. Гэтэл баруунд нэг ширхэг хувьцаа эзэмшдэг байсан шийдвэрт нөлөөлөх эрх мэдэлтэй.  

Гэтэл одоогийн хуулиар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг дандаа торгууль, шийтгэл санкцын байдлаар зохицуулж байгаа нь буруу. Үүний оронд зах зээлийн бусад стандартаар зохицуулах боломжийг олгох ёстой.

Хамтарч зах зээлийн харилцааг зохицуулах ёстой

Нөгөө талаар хуулинд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг төрийн байгууллага дангаараа хамгаалах юм шиг оруулсан нь алдаа юм. Үүнийг төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтарч хамгаалах ёстой. Хамтарч зах зээлийн харилцааг зохицуулах ёстой. Тэгэхээр хуулинд төрийн болон мэргэжлийн байгууллагын эрх үүргийг тэнцвэртэй оруулж байж л дээрх боломж хангагдана.

-Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж монополь шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаатай та санал нийлэх үү?

Тийм ээ, монополь байгаа нь үнэн. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөнтэй байх ёстой. Сая хөдөө аж ахуйн бирж байгуулагдлаа. Энэ бирж дараа жилээс үүсмэл үнэт цаас арилжаална. Хөрөнгийн бирж, хөдөө аж ахуйн бирж цаашлаад брокер диллерийн бирж тусдаа орж ирэх ёстой. Ингээд олон биржүүд хоорондоо өрсөлдөөд ирвэл зах зээл нь аяндаа хөрөнгө оруулагчдын орчныг таатай бий болгоод ирнэ.

Хөрөнгийн зах зээл өөрөө либераль зах зээл. Үнэт цаасны тухай хууль эдийн засгийн үндсэн хууль учраас эдийн засгийг либеральчлах боломжийг олгосон л хууль байх ёстой.

Ингээд хангаад өгчихвөл хөрөнгө оруулагчдад таатай байдал үүсч, итгэлцэл бий болно.

Америкийн үнэт цаасны хууль 1933 онд батлагдсан маш сайн хууль өнөөг хүртэл хүчинтэй хэвээр явж байна. Бид нар ийм л сайн хууль батлах ёстой. Хамгийн гол нь хуулиа батлаад мөрдөх журам, механизмаа сайн бүрдүүлж өгөх ёстой.