Ц.Баярсайхан: Тусгай зөвшөөрлийг нэг цэгийн үйлчилгээгээр шийднэ
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.
-Барилга, орон сууц барихад олон шат дамжлага, гарын үсэг авах хэрэг гардаг. Энэ бүгдийг цэгцэлнэ гэж байсан. Одоогоор ямар ажил хийгдээд байна вэ?
-Олон тусгай зөвшөөрлийн заримыг нь хүнээр дамжуулж олгодог, нөгөө хэсгийг нь бүртгэлийн системд шилжүүлнэ. Үүнийг Барилгын тухай хуульд оруулсан. Мөн одоо өргөн баригдсан Геодезийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгай зөвшөөрлийг байхгүй болгоод бүртгэлийн системээр явдаг болно. Ер нь, тусгай зөвшөөрлийн асуудлыг барилгын болон бусад холбогдох хуулиар шийднэ. Харин энэ хууль гартал нөхцөлийг нь бууруулж, хялбаршуулах аргуудыг хайж байна.
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гуравхан гарын үсгээр барилга барих тусгай зөвшөөрлөө авдаг болно гэж байсан?
-Энэ шийдвэрийг бид Засгийн газрын тогтоолоор гаргасан. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжпүүлэх зөвшөөрөл олгоход их хугацаа шаардаж, олон гарын үсэг цуглуулдаг байсан. Үүнийг өөрчилсөн.
Одоо нийслэл болон орон нутагг иргэд хүссэн газартаа ямар төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан 30-35 хоногийн дотор хариу өгдөг болсон.
Үүний дараа барилгын ажлыг гурваас долоо хоногийн дотор эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Өмнө нь, 60-100 гаруй үсэг зуруулдаг байсан шүү дээ. Одоо бол үндсэндээ нэг цэгийн үйлчилгээгээр шийднэ.
-Барилгын салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал их гардаг. Гэтэл хөрөнгө санхүүг нь шийдэхээр ажиллах хүчний хомсдол гэж бий. Хонх дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л юм болох гээд байна?
-Бид Хөдөлмөрийн хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар судалж байна. Тухайлбал, улирлын хамааралтайгаас шалтгаалан барилгын талбайд ажилчид тогтвортой ажиллаж чаддаггүй. Иймээс энэ салбарын ажиллагсадын ажилласан жилийг нь уртасгаж тооцох хувилбар яригдаж байгаа. Ингэснээр тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдэх юм. Мөн барилгыг аль болох улирлын хамаарлаас гаргаж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох тэр нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авна.
-Тухайлбал?
-Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, өргөтгөл хийх, барилгын салбарт хэрэглэж байгаа нойтон ажлыг аль болох багасган үйлдвэрлэлийн аргаар хийхийг дэмжинэ.
-Арилжааны банкууд зээл олгохдоо барилгын компаниудад хэтэрхий өндөр шалгуур тавьдаг ?
-Засгийн газар зээл олгохгүй, арилжааны банкаар дамжуулна. Тэгэхээр тодорхой шалгуур тавина. Яамны зүгээс технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөхийг тусгай хөтөлбөрөөр дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээр нь, компаниудыг орон сууцаа барьж дуусахад нь үе шаттайгаар санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр хайж байна. Ойрын үед шийдвэрлэх байх. Ингэж нийлүүлэлт талаа дэмжвэл эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа, орон сууцны санхүүжилтын урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.