Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтынхан биш хотын удирдлага өгдөг болно
2012.10.18

Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг мэргэжлийн хяналтынхан биш хотын удирдлага өгдөг болно

Монголын барилгын салбарт хойшлуулшгүй шийд­­вэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдаад бай­гаа. Шинэхэн ажлаа аваад хоёр сар болж байгаа УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдөр ха­­луун ам бүлд нь 30 га­руй мянган мэргэжлийн ба­рил­­гачин ажиллаж, Мон­гол Улсын эдийн засагт шийдвэрлэх үүрэгтэй орол­цож байгаа ч сүүлийн үед элдвээр хэлэгдэх болсон барилгын салбарыг өөрчлөн сайжруулах хоёр шинэч­лэлтээ зарлажээ.

Өнөөдөр манай барил­гын салбарт 670-аад норм, 420-иод стандарт мөр­дөгддөг ч зарим нэг нь огт хэрэг­лэг­дэхээ больсон, нэлээдийг нь техник, технологийн ши­нэчлэлтэй холбоотойгоор цаг үедээ тааруулан өөрчлөх зайлш­гүй шаард­лагатай бол­сон  байдаг.

Барилгын салбарын норм, стандарт, технологийн бүх л  шинэчлэлтийг зур­гаан чиглэлээр хийхээр тө­­­лөвлөжээ. Юуны өмнө Ба­­рилгын тухай хуулийг ши­­нэчлэн найруулж бат­луулс­наар энэ салбарт ажилладаг байгууллагуудаас шаарддаг таван төрлийн тусгай зөв­шөөрлийг хү­чингүй бол­гож, барилга эх­лүүлэх, үр­гэлжлүүлэх зөв­шөөрлийг ту­хайн обьект, барилгад шууд өгдөг зарчимд шилжих аж.

Мөн тусгай зөвшөөрлийг авахын тулд 120 орчим ал­бан тушаалтны гарын үсэг цуглуулж, цаг заваа барж, авлига хээл хахууль цэ­цэглүүлдэг өнөөдрийн хүнд суртлыг халж, ердөө л 24-25 эрх бүхий хүний гарын үсэгтэй зөвшөөрлөөр барилгын ажил эхлэх жу­рамд шилжих гэнэ. Хам­гийн гол нь, өнөөдөр ба­рилгын салбарт үүссэн хээл ха­хууль, хүнд суртлын гол цөм болсон   барилга эх­­лүүлэх, үргэлжлүүлэх зөв­­­шөөрлийг мэргэжлийн хя­налтын байгууллага биш  хотын удирдлагаас шууд шийд­вэрлэж байхаар ши­нэ хуулинд тусгасан нь Мон­голын барилгын сал­барт үүс­сэн бүхий л мар­гаан­­тай асууд­лыг  нэг мөр шийдвэрлэх гарц болох юм.

Түүнчлэн баригдах ба­рилгад зураг төслийн экспер­тиз хийж, цаг хугацаа алд­даг өнөөгийн хоцрогдсон арга барилыг халж, ба­рил­гын салбарт даатгалын тог­­­толцоог цогцоор нь оруулж ирэхээр барилгын хуу­­льд тусгажээ. Барилгын салбарын шинэчлэлийн хү­рээнд хийгдэх гурав дахь том чиглэл нь Газрын багц хуулийг ойрын үед Засгийн газарт өргөн барих явдал.

Өнөөдөр Улаанбаатар хо­тын хэмжээнд баригдаж байгаа 800 гаруй барилгаас 174 нь зөвшөөрөлгүй байсан нь Монголын барилгын салбарын хууль эрх зүйн орчин хэрхэн догол­дож, өөрч­лөлт, шинэчлэлт зайлшгүй болсны хамгийн бодитой  жишээ юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн системд шилж­­сэн шилжилтийн хүнд хэцүү  цаг үед эдийн зас­­гийн тэргүүлэх салбар болж, 30 гаруй мянган ба­рил­гачны хөлс хүчээр эх орныхоо хөгжлийг урагш нь чангааж байсан энэ салбарын гавьяаг хэрхэвч доош нь хийн үгүйсгэж болохгүй. Баригдаж байгаа барилга бүрийн цаана эдийн засгийн шууд болон шууд бус, мөн­гөн дүнгээр илэрхийлэх бо­ломжгүй хөрөнгө оруулалт явагдаж байдаг.

Харагдах байдлаараа ширхэг тоосго 340 төгрөг хэдий ч барилгын салбарын нэг эд эс болоод явчихаараа түүний бодит бус үнэ хэд дахин өсөх жишээтэй.

2008-2012 оны байдлаар 100 гаруй барилга дуусаагүй байгаа. Эдгээр барилгад л гэхэд 300 гаруй тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Зөвхөн дуусаагүй 100 барилгад шүү. Тэгэхээр энэ хугацаанд ашиглалтад орсон 300 гаруй барилга хэ­дий хэмжээний хөрөнгө зардлаар боссон нь ойл­гомжтой.

Эцэст нь тэмдэглэхэд  ба­рилгын салбарыг “балбаж нураах” бус хууль эрх зүйн орчинг нь өнөөдрийн амьд­ралд нийцүүлэн сайжруулж, бүтээн байгуулах нь яг өнөөдрийн хамгийн тул­гамд­сан асуудал болоод байгаа. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.