О.Баасанхүү: Засгийн эрх барьж байгаа нам юу ч хийж магадгүй тиймээс л эмнэлгийнхэн айгаад байгаа хэрэг
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнгөрсөн баасан гаригт Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагатай уулзаж, тус эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгох гэж буйгаа дуулгасан билээ. Сайдын хариуцлагагүй мэдэгдлийг эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэж байгаа юм. Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо.
-Салбарын сайдын үзэмжээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам, прокурорын байгууллагад шууд бэлэглэчихэж болж байгаа юм уу?
-Х.Тэмүүжин сайд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн үйл ажиллагаа, ажлын байртай танилцах явцдаа тус эмнэлгийн зориулалтыг өөрчилж, хуулийн байгууллагын оффис болгоно гэсэн юм билээ. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийг Баянзүрх дүүрэг рүү нүүлгэнэ гэсэн. Шууд нүүгээд орох бэлэн барилга ч байхгүй хэрнээ жилийн дотор байшин бариад оруулъя гэж үлгэр шиг л юм яриад байх юм. Жилийн дотор эмнэлэг барих асуудлыг зөвхөн барилгачин л хэлж мэдэх байх. Түүнээс биш Х.Тэмүүжин яаж баталж хэлж байгаа юм. Эсвэл эмнэлгийн төсвөө батлуулаад аль хэдийнэ бариулах компаниа гаргачихсан юм уу, бүү мэд.
Ер нь бодлого барьдаг хүн жилийн дотор гэсэн амлалт өгдөггүй юм. Тус эмнэлгийн барилгыг барихын тулд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Мөн удахгүй Солонгосын Засгийн газрын зүгээс 20 сая ам.долларын тоног төхөөрөмж хандивлах гэж байгаа юм билээ. Энэ бүхнийг Х.Тэмүүжин сайд үгүйсгэж болохгүй. Х.Тэмүүжин сайдын хэлж буйгаар уг эмнэлгээр иргэд үйлчлүүлэхгүй учир нүүлгэх нь зүйтэй юм байх. Энэ эмнэлэг Хууль зүйн яаманд хэрэггүй байж болно оо. Гэхдээ иргэдэд хэрэгтэй шүү дээ. Ер нь аль ч улс оронд эмнэлэг, цэцэрлэгийг нураадаггүй. Харин хамгаалдаг. Түүнээс биш сайжруулах нэрийдлээр нураадаггүй.
-Х.Тэмүүжин сайд “А” зэрэглэлийн бүсэд эмнэлэг байж болохгүй гэсэн үндэслэлээр нүүлгэх гээд байгаа юм биш үү?
-Хэзээ ч тийм зүйл байхгүй ээ. А зэрэглэлийн бүсэд харин ч олон эмнэлэг бий. Тухайлбал, Сонгдо, нэгдүгээр төрөх эмнэлэг байрладгийг хүн бүхэн л мэдэж байхад тийм утгагүй зүйл ярьж болохгүй.
-Тэгвэл Х.Тэмүүжин сайд дур мэдэн нүүлгэх гээд байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ асуудлыг Х.Тэмүүжин хэзээ ч ганцаараа дур мэдэн шийдэх эрхгүй. Байршлыг нь өөрчлөхийн тулд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Хэлэлцүүлгээс л дэмжлэг авч байж нүүлгэх эсэх нь шийдэгдэнэ. Х.Тэмүүжингийн хувьд зүгээр л саналаа хэлсэн болов уу. Гэхдээ Засгийн эрх барьж байгаа олонхи болсон нам юу ч хийж магадгүй. Тиймээс л эмнэлгийнхэн айгаад байгаа хэрэг.
-Шүүх, прокурорын цогцолбор барилга байх шаардлага байгаа юм уу?
-Ер нь байж болно л доо. Байж болохгүй гэх зүйлгүй. Х.Тэмүүжингийн хэрэгжүүлэх гээд байгаа арга зам нь буруу.
Бодит зүйлийг устгачихаад өөр зүйл бий болгоно гэж байхгүй.
10 гаруй тэрбумаар бүтсэн барилгыг нураачихаад өөр зүйл хийнэ гэдэг утгагүй л дээ
-Барилгыг эмнэлгийн зориулалтаар нь авч үлдэх боломж хэр байгаа вэ. Та сая хэлсэн Засаг барьж буй нам юу ч хийж чадна шүү дээ гэж?
-Хуулийн хүрээнд авч болох бүх арга хэмжээг авна л гэж бодож байна. Ямар асуудал дээр хүч түрж буйг ард түмэнд харуулах хэрэгтэй. Хэрвээ тэд буруу зүйл дээр хүч түрэх юм бол үнэнийг цаг хугацаа харуулна. Тиймээс ямар нэгэн шүүмжлэлтэй зүйлээс айхгүй байна. Зөв гэж бодсон зүйлээ л хийнэ.
-Та сүүлийн үед Х.Тэмүүжин сайдтай байнга ам мурийх болж. Та УИХ-ын чуулган дээр түүний өөдөөс хуц гэж хэлсэн. Хуульч гишүүд яагаад бие биеэ үзэж чаддаггүй юм бэ?
-Миний хуц гэж соёлгүй үг хэлсэн нь буруу л даа. Тэр ч утгаараа би Х.Тэмүүжингээс уучлалт гуйсан. Энэ асуудал дээр би өөрийгөө өмөөрөхгүй. Гэхдээ үнэхээр бухимдмаар асуудал ярьж байхад түүнд саад хийж гэж байгаа юм шиг янз бүрийн зүйл ярьж болохгүй биз дээ.
-Зарим гишүүнийг ажиглаж байхад таныг үл тоосон, доромжилсон авир гаргадаг. Үүнд Та эмзэглэдэг үү. Таныг хуульч гэж үнэлдэггүй юм биш шүү?
-Тэгж яривал яриг л дээ. Намайг доромжилсон, доош нь хийсэн зүйл болгон дээр ач холбогдол өгөх шаардлагагүй. Шоолж, муулна л биз. Гэхдээ энэ бүхэн хэнд ашигтай юм бэ. Миний ярьсан, хэлсэн бүхэн өөрийнхөө эрх ашгийн төлөө бус олон нийтийн төлөө шүү дээ.
-Гишүүд төдийгүй хуульчид хуулиа дагаж мөрдөхгүй тайлбарладаг боллоо гэсэн шүүмжлэл гарч байна. Хуульч хүний хувьд Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Уг нь хууль хэрэгжүүлдэг байгууллага бол хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хуулийг өөр өөрийнхөө яагаад тайлбарлаж болохгүй гэж. Харин ч зөв юм биш үү. Ард түмэн аль нь зөв юм бэ гэдгийг хараад л явна биз.
-Хуулийг тайлбарлах биш, үг үсэггүй дагаж мөрдөх ёстой шүү дээ. Гишүүн болгон янз янзаар тайлбарлахаар хэнийх нь зөв гэж ойлгох юм бэ?
-Сайн тайлбарлаж байж л иргэд хуулиа ойлгоно биз дээ. Хууль гэдэг чинь мэргэжлийн шинжлэх ухаан. Тиймээс шинжлэх ухааны үүднээс тайлбарлах нь буруу биш.