О.Баасанхүү: Зөвшөөрөлгүй барилгуудын ард АН, МАН-ынхан байгаа
2012.11.08

О.Баасанхүү: Зөвшөөрөлгүй барилгуудын ард АН, МАН-ынхан байгаа

Барилгын улирал ерөнхийдөө дуусчихлаа. Гэхдээ ажил нь дуусах тийшээ хандаж байсан намар цагаар, сүүлийн нэг, хоёрхон сарын дотор их зүйл болсон гэсэн дүгнэлт тавиулаад өвөлтэй золгов. Зөвшөөрөлгүй, хөдөлмөрийн аюул­гүй байдлыг хангалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан компа­ниудаас болж есдүгээр сараас хойш 20 орчим хүн гэмтэж бэртэн, амь на­саа алдсан гэсэн харамсалтай дүнг ч гаргаж. Харамсалтай осол шил, шилээ даран гарсан өдрүүдийн дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт хийж 15382 зөрчил илрүүлээд байгаа ажээ. Ажлын зургийг нь хянуулж, баталгаажуулалгүйгээр 33 барилга барьсан, газар олголтын захирамжаас бусад зөвшөөрлөө бүрдүүлэлгүйгээр 41 байгууллага барилга барьж байна, 69 байгууллага шалгалтаас зайлсхийсэн гээд олон зүйлийг дурьдаж болно.

Нийт 590 барилгад шалгалт хийхэд 70 хувиас нь зөрчил илэрсэн гэсэн мэдээ ч бий аж. Барилгын тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн  өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр ингэж мэдээлсэн юм. Бидний мэдэж байгаа ослуудаас гадна барилга барихаар зөвшөөрөл авсан талбайгаасаа хэтрүүлж барьсан, сургууль, цэцэрлэгийн газарт барилга барьсан зэрэг зөрчил хэдэн мянгаар тоологдохоор байгаа нь энэ ажээ. 

Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн хэд, хэдэн хүний аминд хүрсэн барилгын ослуудын талаар, барилгын компаниуд ямар хууль зөрчсөн талаарх доорх дүгнэлтийг гаргасан байна.

1. “MUDI” компанийн захиал­гаар “Төгс гүрэн” компанийн барьж байсан 60 айлын орон сууцны барилга дээр “Премиум конкрете” компанийнхан бетон зуурмаг нийлүүлж байх үед зуурмагийн шахуургын машин нурж 12 настай охин дарагдан нас барсан. Тухайн үед бетон шахуургаар тоноглогдсон машиныг замбараагүй хураасан барилгын материалуудын дунд байрлуулсан нь осол гарах шалтгаан болсон. Энэ нь Барилгын тухай хуулийг зөрчиж байгаа. Мөн бетон нийлүүлж байсан “Премиум конкрете” компани нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй байсан байна. Мөн барилгын гүйцэтгэгч компани Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн.

2. “Рапид харш” хотхонд өнгөр­сөн есдүгээр сарын 7-ны өдөр “Булган гэмпил” компанийн кранист Б.Серуен ачаа зөөж байгаа осолдсон. “Хурд” компани тухайн барилгын цахилгаан шатны угсралтын ажлыг “Лифткон” компа­ниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тус компанийн ажил­тан “Булган гэмпил”-ийн кранисттай хувиараа тохиролцон зөөвөрлөх үйлдэл хийж байхдаа даац хэтрүүлснээс болж осол гарсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн.

3. “Тэнгис” кино театрын зүүн урд иргэн К.Пүрэвийн за­хиалгаар барьж байсан оффисийн барилгын дээрээс өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр хучилтын тулаас төмөр унаж, зам дээр явж байсан иргэн цохигдон нас барсан. Иргэн К.Пүрэвт нийслэлийн Засаг даргын захирамжаар 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 1039 мкв талбай эзэмшүүлсэн ба барилгын угсралтын ажил хийх зөвшөөрөлтэй байсан. Гэсэн ч тус барилга нь нийтийн эзэмшлийн явган замын дэргэд үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсэд анхааруулах дохио санамжгүй, хамгаалалтын торгүй, хамгаалалтын тоноглогдсон саравчгүй ажиллаж байсан нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй зураг төсөлд улсын магадлан шалгалт хийж, ерөнхий дүгнэлт гаргуулж баталгаажуулаагүй байгаа нь Барилгын тухай хуулийг зөрчжээ.

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхний хувьд дүгнэлтээ танилцуулаад дээрх асуудлуудтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт хандах бодолтой байгаагаа ч дуулгав.

Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилга бүрийн ард албан тушаал, авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа гэж үзсэн нь АТГ-т хандах гэж байгаа гол шалтгаан нь бололтой. Хамгийн гол нь барилгын цаана байгаа эздийг олж, эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж үзжээ. Ямартай ч Ж.Батзандан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхний хүсэлтээр хүний амь насанд хүрсэн барилгын компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шалга гэдэг үүргийг цагдаагийн байгууллагаас Улсын мөрдөн байцаах газарт өгчихсөн байгаа.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлтийг шалгах үеэр ажлын хэсгийн гишүүдийн дунд бишгүй зүйл болсон, Ардчилсан нам, Ардын намын зарим гишүүн зөвшөөрөлгүй барилгуудын ард байгаа гэж байна билээ. Зөвхөн барилгын компаниудын эзэд гэлтгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, мэргэжлийн барилгын зураг төсөл хийдэг байгууллагуудын удирдлагуудыг  ч Авлигатай тэмцэх газарт өгнө гэдгээ тэд хэлсэн. Учир нь тус газрынхны авлига, албан тушаалын гэмт хэрэгт ороолцолдсон нь олон жишээгээр нотлогдсон гэнэ.  

Барилгын салбарт шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн УИХ-д энэ асуудлаар тогтоолын төсөл өргөн барихаар болсон. Төсөлдөө ирэх онд барилга, үйлдвэрлэлийн ажил эхлэхээс урьтаж Барилгын тухай хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Газрын харилцаа, Тендерийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад томоохон өөрчлөлт хийх, эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг тусгаж байгаа аж.  АТГ-т хандах асуудлын тухайд УИХ-ын тогтоолын төслөөр холбогдох зохицуулалтыг нь хийгээд  Авлигатай тэмцэх газар дээр тусгай ажлын хэсэг байгуулж ажиллана гэж төлөвлөж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.