Барилгын тусгай зөвшөөрлийн оронд объектын тусгай зөвшөөрөл олгоно
Тус салбарын үйл ажиллагааг цэгцтэй явуулахын тулд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа аж. Одоогийн хуулиар нэг компани барилга эхлүүлэх гэж маш их цаг зарцуулдаг. Энэ нөхцөлийг арилгах болно гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд хэллээ. Тухайлбал, өнөөдөр барилгын тусгай зөвшөөрлийг төрийн байгууллага олгодог. Тусгай зөвшөөрлийг олгоход төр ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Харин авахад их цаг зарцуулдаг. Тиймээс төрөөс олгож байгаа тусгай зөвшөөрлийг өөрчилж стандартад нийцүүлэх хэрэгтэй байгаа аж.
Хот байгуулалтын тухай хуульд норм дүрмийг хуульчлах шаардлагатай гэж үзжээ. Хот байгуулалтын тухай хуульд ямар нэгэн барилга барихад гуравдагч этгээдэд саад болохгүй байх, ногоон байгууламжтай байх, зам талбайтай байх хэрэгтэй. Үүний тулд нийт олгосон газрын 70 хувьд нь барилга барина. Гэтэл өнөөдрийн байдлаар олгосон талбайд компаниуд 100 хувь барилга барьдаг. Үүнээс болж иргэдэд тайван амгалан байх нөхцөл бүрдэхгүй, зарим нь амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал сургууль, эмнэлгийн барилга барих газар нийслэлд байхгүй. Сургуулийн орчинд амралтын болон тоглоомын талбайтай байх ёстой. Энэ нормыг хуульчлах хэрэгтэй байгаа гэв. Энэ хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг болохыг ч хуульчилж өгөх аж.
Харин Барилгын тухай хуульд эхний ээлжинд тусгай зөвшөөрөл олгох хэсгийг шинэчлэх хэрэгтэй. Ингэж зөвшөөрөл олгохдоо тухайн компаниас нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчин, машин механизм шаарддаг. Гэтэл компаниуд ажилтнаа хувааж, сольж хэрэглэдэг. Ингэж тусгай зөвшөөрөл олгосны төлөө төр 2.5 сая хүртэл төгрөг авч байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл шаардлагагүй. Үүний оронд объектын тусгай зөвшөөрөл байх хэрэгтэй. Тухайлбал, салбарын яамнаас нисэх онгоцны буудал, цэнгэлдэх хүрээлэн, вокзал гэх мэт олон хүн цугладаг газруудын зөвшөөрлийг өгдөг болно. Бусад барилгын хувьд тухайн аймаг, орон нутаг шийддэг байх тогтолцоо руу орно. Харин хоёр давхараас доош барилгыг иргэд өөрсдөө зураг төслөө гаргаж, шийддэг болох нь зүйтэй гэж ярилаа. Өнөөдрийн байдлаар барилга барих, эхлүүлэх, үргэлжүүлэх тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллага өгч байгаа. Энэ зөвшөөрөл үндсэндээ объектын зөвшөөрөл болж, орон нутагт шилжих аж.