Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа.
Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ удирдав.
Хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлт гарган Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлыг тус тус хэлэлцлээ.
Нэг. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай “ Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Тамхины хяналтын тухай хууль батлагдан, хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа учраас хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах асуудлаар Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн боловч Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг яамдын сайд нар ирээгүй тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тухайн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Хоёр. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санал гаргаснаар тус Байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах асуудлыг хэлэлцлээ.
Тамхины хяналтын тухай хууль батлагдан, хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа учраас хэрэгжилтийг хангах, зөрчил арилгах асуудлаар Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг болон бусад гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооноос тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ.