Өөрийн онцлогт нийцсэн мэргэжил сонгосон бол идэвхи санаачлагатай байна
ШУТИС-ын НТС-ийн багш доктор, профессор Б.Даваажав
2013.04.29

Өөрийн онцлогт нийцсэн мэргэжил сонгосон бол идэвхи санаачлагатай байна

Чадварлаг мэргэжилтэн дадлагажуулан, ажиллуулах хүний нөөцийн ажилтны хөтөлбөр танилцуулсан ШУТИС-ын НТС-ийн багш доктор, профессор Б.Даваажавтай уулзлаа.

- Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд юунд анхаарах хэрэгтэй бэ? 

Монгол хүнийг чадавхжуулах асуудал хөдөлмөрийн бодлогын амин сүнс тулгамдаж байгаа асуудал юм. Монгол хүнийг хэрхэн дадлагжуулах, ямар арга зам байна гэдэгт чанарын судалгаа хийж арга зүйг нь тодорхойлсон. Хамгийн эхлээд мэргэжлийн чиг баримжааг нь зөв олгох хэрэгтэй. Хувь хүн өөрийн сэтгэл зүйн онцлогт нь нийцсэн мэргэжил эзэмших хэрэгтэй.

Тийм бол тэр хүн хичээл сургууль ажилдаа идэвхи санаачлагатай, бүтээлч байна. Их дээд сургуульд сурч байгаа оюутнуудыг харахад нөхцөл байдал өөр. Одоогоор 90 гаруй их дээд сургуульд 160 гаруй мянган оюутан сурч байна. Гэтэл төгссөн залуусын гуравны нэг нь л ажилтай болдог. Өөрөөр хэлбэл дипломтой ажилгүйчүүдийг бий болгосоор л байна. Үүнээс  л гарах арга замыг хүний нөөцийн ажилтнуудад хөтөлбөр байдлаар танилцуулна.

Хувь хүн өөрийн сэтгэл зүйн онцлогт нь нийцсэн мэргэжил эзэмших хэрэгтэй.

Тухайн суралцагч мэргэжлийн боловсролын бүх шатанд сурахдаа хүний нөөцийн ажилтантай хамтраад суралцах явцадаа дадлагжиж, хамт олонтой танилцаж ажилд ороход бэлэн болох юм. Сургуульд төгсөөд маргааш нь би хаашаа алхах бэ гэдэгт хариулдаг байх ёстой. Хөтөлбөрийн гол агууллага нь зүгээр нь сурах биш, шамдан суралцаад чиглэж байгаа.

Оюутан хөдөлмөрийн үүрэг, хариуцлага, ухамсарыг өндөр түвшинд төлөвшүүлж, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж чадах юм бол боломж байгаа. Гэтэл сургуулиа төгссөн залуус тэтгэвэрт гарч байгаа юм уу жирэмсэний амралтаа авч байгаа хүний оронд ажилтан болж очоод байна. Уг нь сурах, дадлагжих, ажиллах гурвыг нэг дор зохицуулах чадвартай болох хэрэгтэй.

- Хамгийн эхлээд тухайн хүүхдийн онцлогийг судлах хэрэгтэй юу?

Өнөөдөр ажлын байр хангалттай байгаа. Эрэлттэй байгаа ажлын байрыг нийлүүлэлттэй тохируулах шаардлага бий. Ажлын байранд дахин суралцана гэдэг зүйл байж болмооргүй байгаа юм. Тиймээс л суралцах явцад нь дадлагажуулж, ажлын байранд зуучилдаг байх ётсой.

- Дадлага яаж хийх бэ?

Манай суралцагсад  урсгалаар урсаж байна. Бидний зорилго том түүнд хүрэх арга замыг зааж өгөх ёстой. Чин сэтгэлтэй зөв хандлагатай, төлөвшилтэй хүн хэрэгтэй байна даа.