Ж.Бат-Эрдэнэ: Хоёр дахь сансрын нисгэгчийг бий болгох асуудал бодлогын хэмжээнд нэлээн хүчтэй яригдаж байгаа
Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ
2012.05.15

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр дахь сансрын нисгэгчийг бий болгох асуудал бодлогын хэмжээнд нэлээн хүчтэй яригдаж байгаа

Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болохоор зорин ажиллаж байгаа ажээ. Энэ нь манай улсын хувьд сансар судлалын салбар руу хийж байгаа том алхам болж байгаа юм байна. Үндэсний хиймэл дагуултай болсноор шинжлэх ухаанаас авхуулаад бусад олон салбарын хөгжилд хурд авчирах талаар Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярилаа.

Япон улстай манай улс хамтран сансрын хиймэл дагуул хөөргөх болсон тухай мэдээлэлийг сонслоо?

Саяхан Ерөнхий сайд Япон улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр Японы эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамтай Мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн газар Сансрын технологийн салбарт хамтарч ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн гол зорилго нь 2015 он хүртлэх бидний зорьж буй богино хугацаанд энэхүү төсөлөө амжилттай хэрэгжүүлэх тал дээр бусад туршлагатай олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлээр харж байна.

Нэн түрүүнд үндэсний боловсон хүчнүүдээ сансрын технологийн салбарт хэрхэн бэлдэх вэ, дотоод болон гадаадад ямар чиглэлээр сургах вэ зэрэг хүний нөөцийг бэлдэх тал дээр Япон улстай ярьж байгаа зүйлүүд байна. Япон улсын их дээд сургуулиудад сургах гэрээ хэлэлцээрүүд явагдаж байна. Одоо Ази номхон далайн орнуудын сансрын холбооны байгууллага гэж байдаг. Энэ байгууллагын гишүүн орноор элсээд 1992 оноос хойш хамтран ажиллаж байна.

Энэ байгууллагатай хамтраад бид БНХАУ-д жил бүр 3-4 хүн сургаж байна. Мөн айлчлалын үеэр Японы NC хэмээх байгууллагатай ярилцаж байх үед тэд олон улсын тандан судалгааны Асанара хэмээх хиймэл дагуулыг хийж байна.

Энэхүү хиймэл дагуулаа тэд энэ оны төгсгөлөөр хөөргөхөөр зорилт тавин ажиллаж байгаа юм билээ. Олон улсын тандан судалгааны энэхүү хиймэл дагуулыг мэдээж олон улсад ашиглана.

Ингэхийн тулд тэд бусад улс орнууд дээр тандан судалгааны газрын станцуудаа ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсад тандан судалгааныхаа газрын хяналтын станцийг байгуулаачээ энэ тал дээр хамтран ажиллах саналыг тавьсан. Энэхүү газрын станцаар дамжуулж бид олон улсын хамтын ажиллагаанд монголчуудыг оролцуулах, энэ станцаар дамжуулж үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх мөн бидний цаашдын зорилго болох үндэсний хиймэл дагуултай болох ажилд үндэснийхээ мэргэжилтнүүдийг оролцуулах зэргийг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байна.

Үндэсний хиймэл дагуултай болох тал дээр Япон улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын явцад хийгдсэн тохиолдлын хэрэг байв уу мэдээж үүнээс өмнө Монгол Улсын хувьд сансар судлалын талаарх баримтлах, хийж хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд байсан байх. Үндэсний хиймэл дагуултай болох олон шалтгааныг та дурдлаа. Манай улсад хиймэл дагуултай болох гарцаагүй шаардлагуудаас нэрлээч гэвэл?

Энэ ажил өмнө нь бусад улс оронтой хамтын ажиллагааны хүрээнд яригдаж хийгдэж байсан. 1970-аад онд Монгол Улсад хувиарлагдсан хоёр байрлал байдаг. Энэ хоёр байрлал одоог хүртэл хадаглагдаж байгаа. Үүнийг Монгол Улсын нөөц гэж үздэг. Энэхүү байрлал нь зөвхөн Монголынх биш Киргиз, Бангладеш, Монгол гэсэн гурван улс хамтарч ашиглахаар олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хувиарласан байдаг. Энэхүү нөөцийг хэрхэн ашиглах юм бэ гэдэг асуудал дээр Монгол Улсын бодлого явдаг.

Мөн сүүлийн үед олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд сансар судлалыг хамтарч эзэмших бодлогууд түлхүү хийгдэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэн түрүүлж ирсэнд нь байрлалыг хувиарлана гэсэн бодлого баритмлаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид хоцрох юм бол юу ч үгүй үлдэнэ гэсэн үг. Өмнө нь энэхүү хоёр байрлалыг ашиглах талаар ОХУ-тай бид гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан тохиолдол бий. ОХУ-ын Интриспутиктэй бид хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтран ажиллаад эцсийн дүнд нь энэхүү гэрээ ямар ч ашиггүй байна хэмээн гэрээ цуцлагдаж байсан.

Хэдэн оны үед вэ?

2000 оны эхээр энэ гэрээ цуцлагдаж байсан. Бусад улс орны хувьд сансрын байрлалаа ашиглах олон ажлууд хийгдэж байдаг.Дампуурсан, амжилттай хэрэгжсэн ч сансрын төслүүд байна. Туршлага авмаар зүйлүүд их байна. Тиймээс Монгол Улсын хувьд төсөлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түншээ зөв олох, эрсдэл багатай ажиллах нь чухал. Япон улстай энэ тал дээр хамтарч ажиллах асуудал өнгөрсөн жилээс нэлээд идэвхтэй яригдсан. Япон улсдаа яг энэ чиглэлээр ажилладаг улсын болон хувийн өмчийн 30 гаруй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж хоёр өдрийн семинар хийсэн.

Сансрын технологи хэрхэн хөгжиж байгаа, Япон улс энэ хөгжлийн хаана нь явж байгаа зэргийг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд нэлээд ярилцсан. Тиймээс бидэнд хандаж байгаа улс орнууд нэлээд бий. Ирэх есдүгээр сард бид Ази номхон далайн олон улсын сансар судлалын байгууллагатай хамтран нэлээд том семинарын зохион байгуулахаар төлөвлөж байна. Тавдугаар сард Япон улстай хамтран сансар судлалын технологийн олон нийтэд танилцуулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Ярвигтай ажил. Үзэсгэлэн гэдэг бол цаад талаасаа олон зөвшөөрөл авдаг,ачаа бараанаас авхуулаад олон зүйл шаарддагдаг. Гэвч үүнийг зохион байгуулах тал дээр хоёр тал ярилцаж байна. Дараагийн нэг зүйл бол техник эдийн засгийн тал дээр хийгдэж байгаа судалгааны ажлууд дээр бид нэлээд ач холбогдол өгөн ажиллаж байна.

Япон улс сансар судлалын чиглэлд нэлээд туршлагатай байгаа учраас энэ улсыг түшиглээд олон улсын байгууллагад гаргах өргөдөлөө хамтраад хийчих юмсан. Болж өгвөл энэхүү найрсаг харилцаан дээр Үндэсний боловсон хүчнүүдээ бэлдээд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юмсан гэсэн бодлого зорилго бий. Хиймэл дагуулыг хийдэг асуудал их нарийн юм билээ. Түрүүн дурдсан “Асанара” хиймэл дагуулыг хоёр жил хийж байна. Хөөргөлтийн ажил гэж тусдаа байна. Тэр нь маш олон тооцоолол дээр хийгддэг.

Сансар судлалын чиглэлээр жилдээ 3-4 хүн бэлтгэгдэж байгаа энэ байдал дээр бодлого гарган мэргэжилтэн бэлтгэх нь нэлээд цаг хугацаа шаардагдах хүндхэн асуудал биш гэж үү?

Энэ чиглэлээр ойлголтгүй байгаа хүмүүсийг ойлголттой болгох ажлуудыг эрчимтэй хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улс цагаан цаас шиг улс орон бас биш л дээ. Өнөөдрийн байдлаар тандан судалгааны хиймэл дагуулаас мэдээллээ аваад ажиллаж байгаа боловсон хүчнүүд олон салбарт ажиллаж байна. Цаг уур, ашигт малтмал, уул уурхай, харилцаа холбоо зэрэг олон салбарт тэдгээр хүмүүс ажиллаж байна. Тиймээс Монгол Улсад зарим талаараа нөөц байна. Өөрөөр хэлбэл тухайн хиймэл дагуулаас мэдээлэл аваад боловсруулах чадвар бидэнд байна гэдэг нь харагдаж байна. Мөн хиймэл дагуулын технологи байнга өөрчлөгддөг учраас тэрхүү шинэ технологит, бизнест суралцах залуучуудыг бэлтгэх зайлшгүй шаардлага байна гэж үзээд жилд 3-4 хүнийг бэлтгээд явж байгаа.

Энэ тоо бол чамлахаар чанга атга гэдгээр Үндэснийхээ хиймэл дагуулыг удирдаад явах боломж бололцоог бий болгож байна. Их хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ үүнийг бусад улс орны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах болно гэж бодож байна. Би дахиад хэлье. Хиймэл дагуулын асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш байдаг. Энэ бол олон улсын асуудал.

Манай зарим газрын зургаас тухайн газар нутгийг нарийвчлан харах боломжгүй байдаг. Зарим нь хийгдээд олон жил болсон хэтэрхий хуучны байдаг гэж шинжлэх ухааны зарим мэргэжилтнүүдийг ярьж байхыг сонссон юм байна. Үндэсний хиймэл дагуултай болчихвол энэ асуудал хамгийн орчин үеийн байдлаар шийдэгдэх боломжтой болно гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яахав. Жишээлбэл одоогоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар сансрын хиймэл дагуулаас мэдээлэл авч түүнийгээ боловсруулаад гаргаж байна. Гэвч энэ ажлыг хийхдээ ихэвчлэн гадны зээл тусламжид дулдуйдсан байдлаар хийж байдаг. Учир нь энэ маш их үнэтэй хийгддэг зургууд байдаг. 1 см квадрат бүр нь мөнгөөр үнэлэгддэг. Тиймээс энэхүү мэдээллүүдийг цаашид боловсронгуй болгох шаардлага бидэнд байгаа юм. Мөн Монгол улс схемээ өөрчлөх цаг болсон. Алийн болгон гаднын зээл тусламжид дулдуйдаж түүндээ тохирсон мэдээллийг авч ажиллах юм бэ. Жишээлбэл Асанара хэмээх ярьсан хиймэл дагуул нь 50 см-ийн орчимд бүх газрыг нарийвчлан харуулах хүчин чадалтай олон улсын хиймэл дагуул хийгдэж байна.

Гаднын хиймэл дагуулаас мэдээлэл авч боловсруулахад маш их мөнгө хэрэгтэй болж байна. Харин өөрсдийн хиймэл дагуултай болбол өөрсдийнхөөсөө авч боловсруулна. Мөн бусдад мэдээллийг өөрсдийнхөөсөө авч дамжуулдаг бизнесүүд хүчтэй явагдаад байгаа юм. Тиймээс бид хэдий чинээ олон улсын сансрын интекрацид орж чадна төдий чинээ боловсруулалтаа сайн хийж чадна гэсэн үг. Тиймээс уул уурхайн асуудал дээр тандан судалгааны хиймэл дагуулыг ашиглан нөөцийн асуудал болон нөхөн сэргээлт зэрэг бүх л асуудлыг сансраас хянаж болдог. Технологи ингэж хөгжсөн байгаа учраас энэ технологи руу Монгол Улс орох нь ойрын зорилго болж байна.

Хоёр дахь сансрын нисгэгч хэзээ сансарт нисэх вэ?

Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын хоёр дахь сансрын нисгэгчийг бий болгох асуудал бодлогын хэмжээнд нэлээд хүчтэй яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Шинжлэх ухааны академи, БСШУЯ-тай хамтран хийсэн Сансар судлалын чиглэлийн семинараас гарсан долоон зөвлөмжийн нэгд энэхүү асуудал багтсан. Сансар судлал бол нэг талдаа өөр. Сансрын технологийг ашиглах гэдэг бол бас өөр. Ерөнхий систем нь тодорхой болоод, сансрын технологийн хэрэглээ хэмжээ тодорхой болоод ирэх цагт бидэнд ямар хүчин чадалтай хиймэл дагуул хэрэгтэй болох нь тодорхой болно.

Мөн олон улсын хамтын ажиллагаа гэж олон дахин дурдаад байгаагийн учир нь Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болоход заавал өөрийнхөө байрлалаас хөөргөнө гэсэн үг биш. Бидэнд байгаа байршил маань Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй бол бусад улс оронтой зөвшилцөнө. Хаанаас хөөргөвөл бидний хэрэгцээ шаардлагыг хангах вэ гэдгээ бодолцоно. Энэ утгаараа олон улсын бизнес болж явдаг. Тиймээс энэ бол чамгүй их ажил шаарддаг.

Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гэж ирээд бүх л хүмүүст хүндлэгддэг. Монголчууд нэг талаараа бэлэгдэлд дуртай хүмүүс байдаг байх. Харин залуучуудын хувьд анхын нисгэгч гэдгээр нь л түүнийг мэддэг болохоос Сансар судлалд ямар хувь нэмэр оруулсан, түүнийг сансарт гараад чухам юу хийснийг сайн мэдэхгүй.Магадгүй хоёр дахь сансрын нисгэгч гарч ирвэл түүн шиг хүндлэл хүлээхгүй байх. Учир нь одоо цагт бүх л зүйлийг бид кино, интернэтээс харах боломжтой болсон шүү дээ?

Үндэсний хиймэл дагуултай болчих юм бол Монгол Улс үүнийг хүссэн ч хүсээгүй ч ашиглана. Өөрийнхийг биш юмаа гэхэд бусдынхыг ашиглана.

Мэдээлэл нээлттэй болсон цаг юм даа. Өнгөрсөн долоо хоногт болсон семинарын үеэр монгол хүн сансарт ямар зорилгоор нисч, тэнд юу хийсэн бэ гэдгийг нэлээд тодорхой ярьсан. Энэ талаар яригдсан зүйлүүд удахгүй товхимол болоод хэвлэгдээд гарна. Үндэсний хиймэл дагуултай болчих юм бол Монгол Улс үүнийг хүссэн ч хүсээгүй ч ашиглана. Өөрийнхийг биш юмаа гэхэд бусдынхыг ашиглана.Бусдынхыг ашиглахдаа зүгээр ашиглахгүй байнга төлбөр хийж ашиглана. Олон улсын хамтын ажиллагааны интеграцид орж чадахгүй бол цөөхөн хэдэн газраас л мэдээлэл авах бололцоо бүрдэнэ. Өнөөдөр байгаа ашиглалт нь гадаадын зээл тусламжид дулдуйдсан маягаар явж байгаа гэж дурдсан шүү дээ.

Тийм хүрээний ашиглалт тийм хэмжээний л үр дүнтэй байгаа. Бид өөрсдийнхөө потенциалыг ихэсгэх гэж байна. Ер нь бусад улс оронд Сансарын технологийн бие даасан агентлагууд ажилладаг. Монгол Улс цаашдаа энэ чиглэл рүүгээ хөгжлийнхөө бодлогийг хандуулах нь зөв юм байгаа юм. Энэ бол олон улстай хамгийн түрүүнд хамтарч ажиллах цонх болно.

Мөн монголчуудын амьдралын цонх буюу олон төрлийн үйлчилгээ мэдээллийг авах том суваг болно. Манайх шиг орны хувьд өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна бусад орны судалгаа шинжилгээний ажилд оролцох боломж нээгдэнэ. Миний харж байгаагаар энэ 5-10 жилийн дараа бие даасан салбар болж хөгжих магадлал өндөртэй байна. 1957 оноос хойш дэлхийн улс орнууд 6000 гаруй хиймэл дагуул хөөргөсөн байна. Өнөөдрийн байдлаар идэвхтэй ажиллаж байгаа нь 1000 орчим хиймэл дагуул байна. 50 орчим улс өөрийн хиймэл дагуултай байна. Бусад салбарын хөгжлийг дэмжих суурь нь болж өгдөгөөрөө хиймэл дагуулын ашиглалт зорилго зорилт хэмжигдэж байдаг. Тиймээс ч бусад улс орнууд энэ чиглэлийн бизнес, хамтын ажиллагаа руу маш их хөрөнгө зарж байдаг.

Бусад улс оронтой харьцуулахад сансар судлалын чиглэлээрээ Монгол Улс хэр хоцорсон байна вэ?

Сансарын тенологийн хувьд энэ нь Монгол Улсын хувьд харьцангуй шинэ зүйл. Хоцрох гэхээсээ илүү оролцоо нь их бага юм даа. Харилцаа холбооны салбарын бүхэлд нь аваад харахад их эерэг дүр зураг харагддаг юм. Хиймэл дагуулын үр дүнг зөвхөн харилцаа холбооны салбараар хязгаарлаж болохгүй. Жишээлбэл хөдөө аж ахуйн ямар үйл явцыг удирдах вэ, ямар параметрүүдийг суулгаж өгөх вэ гээд хэрэгцээгээ тодорхойлно. Байгаль орчин, цаг уурын хэрэгцээг ч ялгаагүй. Хиймэл дагуул болгон өөрийн онцлогтой. Өөртөө шинэ технологийг агуулж байдаг.

Япон улсын нэгэн дата төвөөс хиймэл дагуулыг ашиглан дэлхийн бүх улс орны цаг агаарыг хянаж цөлжилтийн тандан судалгааг хийж байдаг гэж сонссон. Харин манай улсын аймаг бүрт цаг агаарыг хянаж байдаг станцууд байдаг ч их хуучирсан гэж сонсч байсан юм байна. Хэрэв Үндэсний хиймэл дагуултай болчихвол энэ байдлыг сайжруулан шинэчлэх боломжтой юу?

Боломжтой. Тандан судалгааны хиймэл дагуулын гол функц нь тэр шүү дээ. Хиймэл дагуулууд маш хурдтайгаар дэлхийг тойрч эргэхдээ бүх улс орны мэдээллүүдийг цуглуулах боломжтой байдаг. Тиймээс энэ хэмжээний хиймэл дагуултай болохыг дэлхийн улс орон бүр зорин ажиллаж байна. Дээр дурдсан олон улсын хиймэл дагуул гэдэг маань бүх улс орноос мэдээллийг цуглуулаад газрынхаа станц руу өгөөд байх боломжтой. Энэ мэдээлэл дээр боловсруулалтыг хийгээд цаг агаарын, хөрсний талаарх нарийн мэдээллүүдийг авах бололцоо бүрддэг. Монгол Улсын хувьд би тэрхүү системийг нь биечилж үзээгүй. Гэхдээ хиймэл дагуулаас бүх мэдээллээ авдаг. Ашиглахдаа гадны хиймэл дагуулыг ашиглаж авч байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.