МҮЭ-ийн санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшиж буй хүмүүст гардуулан өгөх “МҮЭ-ийн санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны тулгамдаж буй зарим асуудал, тэдний санал, шаардлагыг үндэслэн боловсрууллаа.
МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөрчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх үндэсний хэмжээний байгууллагын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд өрсөлдөхөөр нам, хамт олныхоо өндөр итгэл найдварыг хүлээн нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-эрдэнэ нарт “МҮЭ-ийн санал-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гардуулж өгөхөөр бэлтгэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДЭД ХҮРГҮҮЛЭХ “МҮЭ-ИЙН САНАЛ-ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН ЗАХИАЛГА” БАРИМТ БИЧИГ
2013 оны 05 дугаар сарын 03 Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд нам, хамт олныхоо өндөр итгэл найдварыг хүлээн нэр дэвшсэнд талархал илэрхийлье.
Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн байгууллага болохын хувьд Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл-Төрийн тэргүүн-Ерөнхийлөгч нартай байнгын холбоо харилцаатай байж тэдний мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагаанд иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, амьжиргаа, нийгмийн хамгаалалтай холбогдсон асуудлуудаар санал бодлоо нээлттэй илэрхийлж байдаг уламжлалтай билээ.
МҮЭ-ийн холбоо нь улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны тулгамдаж буй асуудал, тэдний санал, шаардлагад үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дор дурдсан үндсэн саналуудыг илгээж байна. Үүнд:
МҮЭ-ийн холбоо нь улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны тулгамдаж буй асуудал, тэдний санал, шаардлагад үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дор дурдсан үндсэн саналуудыг илгээж байна.
Нэг.Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах хүрээнд
1.Шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл хэмээх ардчиллын үнэт зүйлс болон НҮБ-ын пактаар тодорхойлсон хүний үндсэн эрхүүдийг хангах төрийн цогц бодлогыг хэрэгжүүлж нийгмийн тэнцвэрт байдлыг хангах замаар иргэдийн зохистой амьжиргааны түвшинг баталгаажуулах.
2.Иргэдийг улс төрийн намын харъяалал, үзэл бодлоор нь ялгаварлан тэдний хөдөлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдлыг таслан зогсоох, цаашид намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар намын хатуу гишүүнчлэлийг өөрчлөх бодлогыг дэмжиж ахмад, залуу үе эмэгтэйчүүдийг намуудаар хуваан тэдний Монгол эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гэсэн сэтгэл зүрхийг сааралтуулдаг байдлыг засах.
3.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг төрөөс баталгаажуулан хүн, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлж, унаган байгалиа хамгаалах ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх.
4.Дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлд нэн эрэлттэй байгаа техник, технологи, инженерийн чиглэлийн мэргэжилтнүүдийг төрийн бодлогоор хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж бэлтгэх, Монгол ажилчид ажиллах боломжтой ажлын байранд гадаад ажилчдыг ажиллуулахгүй байх, зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаадаас урьж ажиллуулах бодлогыг дэмжих.
Хоёр.Эдийн засгийн өсөлтийг хүн амын амьжиргааг сайжруулахад тууштай чиглүүлэн нийгэм дэх ядуурлыг тэглэх төрийн шинэ бодлого дэвшүүлэх
1.Нийгмийн баялгийн хуваарилалтыг оновчтой болгон, баян хоосны эрс ялгааг арилгаж, нийгмийн тогтвортой дундаж давхаргыг бий болгох бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүч чармайлтыг төвлөрүүлэх.
2.ОУХБ-ын зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, монгол хүний үнэ цэнэ, ялангуяа хөдөлмөрийн үнэлэмжийг ДНБ-ний өсөлттэй уялдуулан эрс нэмэгдүүлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 3-аас доошгүй долларт хүргэх, адил хөдөлмөрт ижил, тэнцүү цалин хөлс олгох, монгол, гадаад ажилчдын цалин хөлсний хэт ялгааг арилгах зарчмыг дэмжиж, компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэх.
3.Үндэсний хэмжээнд бүтээмжтэй хөдөлмөр, чанартай ажлын байрыг дэмжих хөдөлгөөн өрнүүлж, энэ чиглэлээр амжилт гаргасан байгууллага, хөдөлмөрийн хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг төрөөс онцгойлон үнэлэх, дэмжих бодлого явуулах.
4.Монгол хүний аюулгүй байдлыг хангах төрийн чиг үүргийг эрс дээшлүүлж, энэ талаар ажил олгогч, төрийн холбогдох байгууллагын хариуцлагыг өндөржүүлэх, үүнд нийцүүлэн даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох санаачлага дэвшүүлж ажиллах.
5.Нийгмийн баялгийн хуваарилалтыг шударга болгож, ашиг, орлого эдийн засгийн салбар, үйлдвэрлэл, ажил үйлчилгээний онцлогийг харгалзсан албан татварын шатлалтай тогтолцоог нэвтрүүлэх.
6.Газрын доорх баялаг ард түмний өмч байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг бодитой хэрэгжүүлж, стратегийн болон томоохон орд газрыг ашиглах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн өмчийг хувьчлахдаа иргэд, ажиллагсдыг хувьцаажуулах бодлогыг дэмжин хэрэгжүүлэх.
Гурав.Хүн амын нийгмийн хамгааллын тулгамдсан зарим асуудлыг дэмжих хүрээнд
1.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эх хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлыг Ерөнхийлөгчийн онцгой ивээлд авч, тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргаанд нь хүрэлцэхүйц хэмжээнд нэмэгдүүлэх, ахмадын хөгжлийн төвүүд, эмнэлэг сувиллыг байгуулах, залуу эхчүүд хөдөлмөрлөх, хүүхдээ өсгөн бойжуулах боломжийг бүрдүүлсэн төрийн шинэ бодлого дэвшүүлэн хэрэгжүүлэх.
2.Хүн амын өнөөгийн өрхийн орлого, цалин хөлс, амьжиргааны түвшинд тохирсон орон сууцжуулах бодлогыг төв хөдөөд дэмжиж, иргэд амины орон сууц барихад хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх нийгмиийн хөтөлбөрийг санаачлах.
3.Уул уурхай, ашигт малтмалын орлогын тодорхой хэсгээр ирээдүйн хөгжилд чиглэсэн хуримтлалын сан, тэтгэврийн нэмэлт санг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх.
Дөрөв.Хууль санаачлах эрхийн хүрээнд
1.Үнэ ханшны зохиомол өсөлтийг хязгаарлах, өмч эзэмшигчдийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэхийн тулд Үнэ бүрдэлтийн тухай болон Худалдааны тухай, Өмчийн нийгмийн хариуцлагын тухай хуулийг шинээр санаачилж батлуулах.
2.Хөдөө хязгаар нутагт бий болсон ажлын байрыг эдийн засгийн аргаар дэмжиж урамшуулах, алслагдсан бүс нутгийн иргэдэд төрөөс зарим тусгай хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх.
3.Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглүүлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексчлэх тухай хуулиудыг боловсронгуй болгох, хууль эрх зүйн орчинг баталгаажуулах.
4.Уул уурхай өндөр хөгжсөн орнуудын туршлагаар уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ нийгмийн нөлөөллийн үнэлгээ урьдчилан хийж, тэнд хүн ажиллаж амьдрах бүх нөхцөлийг урьдчилан төлөвлөж, нийгмийн асуудлыг нь бодлогоор дэс дараатай шийдвэрлэдэг хууль эрх зүйн орчинг бий болгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд тусгуулах.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО