АН, ИЗНН, МҮАН гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж, сонгуульд хамтран оролцохоор болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох улстөрийн намуудын дарга нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд Төрийн ордонд боллоо.
Ёслолд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын дарга М.Энхсайхан, дэд дарга Н.Батцэрэг, тус намуудаас УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүд, намын удирдах ажилтнууд оролцов.
Энэ тавдугаар сарын 7-нд болсон АН-ын ҮЗХ-ны 42 дугаар хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх тогтоол гаргасан юм.
Үүнийг ИЗНН-ын Үндэсний хорооны хуралдааны тавдугаар сарын 10-ны шийдвэр, МҮАН-ын наймдугаар бүгд хурлын шийдвэрээр дэмжиж сонгуульд хамтран оролцохоо илэрхийлсэн. Энэ дагуу Хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол болов.
Ёслолын ажиллагааг УИХ- ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нээлээ. Тэрээр «Өнөөдөр түүхэн сайхан үйл явдал болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН нэгэн санаагаар хамтарч дэмжье хэмээн шийдэж гарын үсэг зурж байгаад баяртай байна.
ИЗНН-ынхандаа их баярлалаа. МҮАН-ынхандаа их баярлалаа. Бүгдээрээ хамтаараа зүтгэж Ардчилсан Ерөнхийлөгчөө сонгуулна гэдэгт эргэлзэхгүй байна» гэлээ.
С.Оюун: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавьсан зорилтуудаа биелүүлэхийн төлөө тууштай явсан
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, ИЗНН-ын дарга С.Оюун хэлсэн үгэндээ Ерөнхийлөгчийн сонгууль маш хариуцлагатай, чухал ажил болохыг дурдаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг тухайн үед ИЗН, НН тус тус хамтран дэмжиж оролцож байсныг дурслаа. Тэр шийдвэр зөв шийдвэр, зөв сонголт байсан гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд харагдаж батлагдсан гэдгийг мөн онцлов.
Анх хамтран ажиллах тунхагт гарын үсэг зурж байхдаа шударга ёс, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө, шүүхийн шинэчлэл, авлигатай тууштай тэмцэхийн төлөө дэвшүүлсэн Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж ИЗН хамтран оролцсон.
Өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмний итгэлийг дааж, тавьсан зорилтуудаа биелүүлэхийн төлөө тууштай явсан гэдгийг дүгнэж, бас дараагийн дөрвөн жилд ч шударга ёс тогтоох, сайн засаглалыг бэхжүүлэх ажлыг улам тууштай үргэлжлүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг мөрийн хөтөлбөртөө түлхүү оруулж буйг үнэлэн ИЗНН ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хамтрахаар болсон гэдгийг тус намын дарга С.Оюун хэлж байлаа
М.Энхсайхан: Энэ цаг мөчид улстөрийн тогтвортой байдал чухал
МҮАН-ын дарга М.Энхсайхан «Бидний дунд Монгол гэдэг нэг эх орон бий. Эх орны эрх ашиг улс төр хийж байгаа хүмүүсээс нэг зүйлийг шаарддаг. Тэр нь Монгол Улс хөгжиж, монгол үндэстэн цэцэглээсэй гэсэн шаардлага байдаг.
Энэ эрх ашгийн үүднээс харж үзвэл сонгууль болохоор улс төрийн намууд, улстөрчид нэг нэгийнхээ сайн мууг дуудалцдаг нь онцгүй харагддаг. Энэ байдал ардчилал гэсэн үнэлэмжийг гутаадаг. Ийм жишгийг цааш үргэлжлүүлж болохгүй гэсэн шийдвэрийг МҮАН-ын удирдлага гаргасан.
Монголоо өөрчилье, шинэчилье гэдэг улс төрийн эрмэлзэлтэй байгаа нь үргэлж харагддаг.
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН, МҮАН, ИЗНН, МАХН хамтарч шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Энэ Засгийн газар өнөөдөр Монголын нийгмийг өөрчлөх том том зорилтуудыг дэвшүүлсэн. Монголчууд бол үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа үндэстэн.
Бид энэ шатнаас үйлдвэржилтийн дараах үндэстэн болох хариуцлагатай мөчид ирээд байна. Том том бүтээн байгуулалтын өмнө тулж ирээд байна. Энэ цаг мөчид улс төрийн тогтвортой байдал асар чухал. Энэ бол Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр дээр нэгдмэл байр суурьтай, хүчээ нэгтгэх тухай асуудал юм.
Монголчуудын «Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг» гэж үг байдаг. Энд ирээд байгаа улс төрийн намууд улс төрийнхөө сонголтыг хийсэн учраас дуугарвал дуу нэг байя. Дугтарвал хүч нэг байя. Ингэснээрээ Монголын хөгжилд хувь нэмэр оруулах юм гэж бид үзсэн.
Тиймээс МҮАН-ынхан Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжих нь Монголын үндэсний эрх ашиг, Монголын ирээдүйн эрх ашигт нийцнэ гэсэн хариуцлагатай шийдвэрийг гаргалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд өөрөө монголчуудын хувьд үнэтэй бүтээгдэхүүн.
Туршлага алдаа, оноон дээр бий болдог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил ажиллахдаа юу алдсанаа ч мэднэ. Юу хийхээ ч мэднэ. Хамгийн гол нь Монголоо өөрчилье, шинэчилье гэдэг улс төрийн эрмэлзэлтэй байгаа нь үргэлж харагддаг.
Тиймээс бид Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бол Монголын ард түмний өөрийнх нь сонгосон, өөрийнх нь бойжуулсан хүмүүн биетэй том хөрөнгө, энэ том хөрөнгийг Монголын цаашдын эрх ашгийн төлөө ашиглах ёстой гэж үзэж ухамсартай шийдвэр гаргасан гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна.
Бидэнд зөрүүтэй зүйл байдаг ч монголчуудын дунд үнэт зүйл асар их байдаг. Эдгээрт тулгуурлаж Монголын нийгмийг шинэ төвшинд гаргах чиглэлээр хамтарч ажиллая.
Ингэж хамтарч ажиллахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль маш их ач холбогдолтой гэж АН, ИЗНН, МҮАН хамтарч гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Та бүхэнд өндөр амжилт хүсье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сонгуулийн амжилт хүсье» гэлээ.
Гэрээнд гарын үсэг зурав
Үүний дараа намуудын дарга нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ардчилсан нам, ИЗНН-ын байгуулсан гэрээний зорилгод «Бид Монгол орны нийгэм эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ардчилсан ёс, түүний үнэт зүйлсийг хамгаалан баталгаажуулахыг эрхэмлэн, улс орны хөгжлийн баттай суурийг тавихыг эрхэмлэн, улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон ногоон үзэл баримтлалыг нийгмийн бүх шатанд хэрэгжүүлэхийг эрхэмлэн, нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан энэхүү гэрээг тунхаглаж байгаа» гэжээ.
Ардчилсан нам, МҮАН-ын гэрээнд «Нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан, улстөрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, улс орны тогтвортой хөгжлийг төгөлдөржүүлэх, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг тэгш хамгаалсан, үндэсний эрх ашгийг тууштай эрхэмлэн ардчилсан Ерөнхийлөгчийг дахин сонгохыг эрхэм зорилгоо гэж тунхаглаж байна» хэмээсэн байна.