Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын үндэсний чуулганыг зохион байгууллаа.
2013.05.21

С.Эрдэнэ: Залуусын оролцоотойгоор хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр залуучуудын үндэсний чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн байр суурийг сонирхоход тэрбээр ийн ярив.

Шинэчлэлийн Засгийн газар залуучуудын хүчийг ашиглах, тэдэн рүү чиглэсэн олон бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нөгөөтэйгүүр сүүлийн 20 жилд анх удаа манай яам залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан тусгай хэлтэс байгуулан ажиллаж байгаа нь бас нэг дэвшил гэлтэй.

Үүний үр дүнд залуучуудтай холбоотой төрийн бодлогыг цогцоор нь шийдэхээр судалгаа хийж байна. Бид энэ чуулганаар залуучуудын өргөн оролцоотойгоор хөгжлийн бодлогыг хэлэлцэж шийдвэрлэхээр зорьж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хүн амын бүлгүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгааг та бүхэн мэдэж буй. Бид ирэх зургаадугаар сарын 10-аар хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулна.

Харин дараагаар нь энэ бүхнээс дүгнэлт хийж, хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулах ажил эхлэх юм. Гэхдээ энэ чуулганаар залуусын санаа, оноо төрийн үйл хэрэгт түлхүү тусаасай гэж бодож байгаа.

Залуучуудын үндэсний чуулганд 21 аймаг, есөн дүүргийн залуусын төлөөлөл 800 төлөөлөгч оролцжээ.

Өмнө нь нэг жижиг өрөөнд цөөн хэдэн хүн суугаад шийддэг байсан бол одоо залуучуудын оролцоог дэмжиж, илүү өргөн хүрээг хамрах болгосноор тэр байдлыг өөрчлөх юм. Залуучуудын үндэсний чуулганд 21 аймаг, есөн дүүргийн залуус чуулганаа хийгээд тэндээс төлөөлөл сонгон ирүүлсэн 800 төлөөлөгч энд сууж байна.

Ажилгүй байгаа залуусын асуудлыг цаашдаа түлхүү анхаарна. Гэвч залууст өөрсдөд нь бас нэг асуудал гарч ирж буй юм. Тодруулбал ажлын байр хамгийн их сольдог хүмүүс нь залуус болчихжээ.

Тийм болохоор аль болох тухайн ажлын байран дээрээ удаан ажиллахыг урьтал болгох нь чухал. Нөгөөтэйгүүр ажил олгогчид тавих шаардлага, гэрээг боловсронгуй болгоно.