Хүний эрхийн зөрчил хөдөөд төвлөрч байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/ хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг өнөөдөр /тавдугаар сарын 13/ үдээс хойш Төрийн ордонд нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох байгууллага, яамд, иргэний нийгмийн байгууллага, сүм хийдийг төлөөлж 100 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг ХЭҮК-ын энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэж УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг илтгэлийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төр болон иргэний нийгэм, сүм хийдийн төлөөлөл оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон”-ыг дурьдлаа.
Илтгэлийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчдоос олон хүн санал бодлоо илэрхийлсний ихэнх нь хүүхдийн эрхийн асуудалд анхаарч байв.
ХЭҮК-ын 12 дахь илтгэлийг ХҮЭК-ын гишүүн П.Оюунчимэг танилцуулахдаа тус комисс 2001 онд байгуулагдсанаас хойш 12 дахь удаагаа тавьж буй энэхүү илтгэлийн онцлог нь эл илтгэлийг олон нийтээр анх удаа нээлттэй хэлэлцүүлж байгаад оршиж буйг тэмдэглээд энэ жилийн илтгэлийг бэлтгэхдээ хүний эрхтэй холбоотой ямар асуудалд төвлөрч ажилласнаа базаж ярьсан юм.
Тухайлбал, дөрвөн бүлэг бүхий энэхүү илтгэлд өмнөх жилийн илтгэлийн үргэлжлэл болох “Уул уурхай ба хүний эрх”-ийн асуудал, хүүхдийн эрхийн зарим асуудал, Монгол Улс дахь “бэлгийн цөөнх” хэмээн нэрлэгддэг хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал, НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тухай тухайн чиглэлээрх хүний эрхийг зохих түвшинд хангахын тулд УИХ, Засгийн газар, орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, эрх ашиг нь хөндөгдөж буй нийгмийн тодорхой бүлгүүдэд хандсан зөвлөмжүүдийг санал болгосон байна.
Илтгэгчийн онцлон тэмдэглэснээр бол энэ удаагийн илтгэлд Монгол Улсын түүхэнд анх удаа хүний эрхийн мэдрэмжийг өндөр түвшинд гаргаж, бэлгийн цөөнхийн эрхийн асуудлыг оруулж ирснээс гадна өнөө болтол хаагдмал сэдэв байсан шашны сургуулийн асуудалтай холбоотойгоор бүх нийтийн ерөнхий боловсрол, суурь боловсрол олгох нөхцөл бүрдүүлсэн шашны тусгай сургалттай сургуулиудыг үндэсний хэмжээнд бүсчлэн шинээр байгуулах санал дэвшүүлжээ.
хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл
Илтгэлийг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчдоос олон хүн санал бодлоо илэрхийлсний ихэнх нь хүүхдийн эрхийн асуудалд анхаарч байв.
Тухайлбал, “Ардчиллын боловсрол” төвийн ажилтан “Уянга” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн багш, туслах багшийн ажлын норм, асрамжийн газар, ядуу гэр бүлийн “ахуйн хоцрогдолтой” гэгдэх хүүхдүүдтэй ажилладаг багш нарын хөдөлмөрийн нөхцөлийн асуудлыг хөндсөн.
Гандантэгчинлэн хийдийн да лам Х.Бямбажав шашны бүсчилсэн сургууль байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Бурхны шашны боловсрол өөрөө бие даасан, гүн гүнзгий боловсрол байдаг атал ерөнхий боловсролын ердийн сургуулийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмшүүлэхийн дээр шашны боловсрол олгох нь хүүхдэд давхар ачаалал өгч эрхийг нь зөрчиж байгаа”-г анхааруулж, шашны боловсрол олгодог сургуулиудыг төрөлжсөн сургуулиудын ангилалд багтаах, хүн амын 80 хувь нь бурхны шашин шүтэж байгаа өнөөгийн нөхцөлд хөдөө орон нутагт ажиллаж буй 200-гаад сүм хийдийн боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг сургаж боловсруулахад зохих ёсоор анхаарах асуудал дэвшүүлсэн юм.
Хүүхдийн эрхтэй холбоотойгоор хурдан моь унаач хүүхдийн асуудал ч нэлээд яригдсан бөгөөд “нэг төрлийн бизнес болчихоод буй арилжааны наадам”-ын үеэр хүүхдийн эрх ихээхэн зөрчигдөж байгааг оролцогчид шүүмжилж, энэ асуудлыг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт шаардлагатай байна хэмээн санал нэгдэж байв.
Уул уурхайтай холбоотойгоор байнга гарах болсон хүний эрхийн зөрчлийн талаар “Оюутолголгой-хяналт” ТББ-ын төлөөлөгч хэлсэн үгэндээ уул уурхайтай холбоотойгоор хүний эрхийн зөрчил хөдөөд төвлөрч байгааг онцлоод “Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумд нэгэнт хот болчихоод байхад сум хэвээр нь авч үзээд байна.
Тэндхийн иргэдэд эрхийнхээ төлөө тэмцэх хууль эрхзүйн орчин, хуулийн үйлчилгээ, нотариат ч алга. Тиймээс эн түрүүнд уурхай дагасан хотхонуудын статус, эрхзүйн байдлыг өөрчилснөөр төсөв мөнгөний асуудал өөрчлөгдөнө, тиймээс уурхайгаас шалтгаалсан хүний эрхийг хамгаалах асуудлыг байгаль орчныг бохирдуулагч, үйлдвэр, бизнесийн байгууллагад үүрүүлэх ёстой.
Хүний эрхийн үндэсний комисс
Газраас хараат хүмүүсийн эрхийг хамгаалахыг Монголд хэн ч хүлээн зөвшөөрдөггүй, төр, засаг энэ эрхийг хэрэгжүүлэх эрхзүйн орчинг хуулиндаа суулгаж өгөх ёстой” хэмээсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид мөн ХЭҮК-ын өөрийнх нь чадавхи, хүн хүчний нөөц, төсөв санхүүг сайжруулах, комиссын гишүүний томилгоог ил тод болгох, хүний эрхтэй холбоотой асуудлаар Засгийн газар ногдсон үүргээ биелүүлэхгүй байгаа талаар ч нэлээд шүүмжлэнгүй ярилцав.
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ:
ХЭҮК-ын илтгэлийг анх удаа нээлттэйгээр, үр дүнтэй хэлэлцсэнийг тэмдэглээд "хүний эрхийн жил тутмын үндэсний илтгэлийг тухайн жил бүр нээлттэй хэлэлцэж, Засгийн газартайгаа ойр дотно, шахаж шаардаж ажиллах нь зүйтэй юм байна Ерөнхийдөө хүний эрхийн хувьд монгол улс хөгжиж байгаа орны жишээнд хүрч чадаагүй байгаа.
Үүнтэй бүгд санал нийлж байгаач 12 дах илтгэлээ хэлэлцэж байгаа нь дэвшил. Хүний эрхийн хууль шинэчлэгдэн хэлэлцэгдэх учир санал бодолоо нээлттэй хэлээрэй ” гэлээ.
УИХ-н гишүүн З.Баянсэлэнгэ:
өнөөдөр ганцхан хүүхдийн эрх биш монголд үйл ажиллагааг явуулж байгаа салбар бүрт хүний эрх зөрчигдөж байгаа. Ялангуяа баталгаажих төвшинөөс доогуур амьдралтай айл өрх, иргэдийн эрх хангалттай зөрчигдөж байгаа. Энэ тал дээр төр засаг анхаарах цаг болсон. Хүний эрхийн комисс цөөхөн хэдэн гишүүнтэй өөрсдөөс үл шалтгаалах маш их ачааллыг дааж ажиллаж байгаа.
Гэвч өөрсдийн болохгүй байгаа асуудлаа нууж байгаад би эсрэг байртай байна. Яагаад гэхээр өөрсдөө хүчирхэгжиж, чадахжсанаар хүний эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн гарах арга замыг тодорхойлно. Үгүй бол цөөхөн хэдэн албан хаагчид цөөн хүчээр ажиллаж чадахгүй.
Хүний эрхийн асуудал маш том асуудал тиймээс хүний эрхийн байнгын хороо байх ёстой гэж үзэн УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад хамт өргөн барих гишүүдэд саналаа танилцуулж байгаа.
Томоохон бүтээн байгуулалтын асуудалд анхаарал их хандуулдаг мөртлөө хүний эрх, хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарал хандуулахгүй, сул байдаг.
Тиймээс нийгмийн ашиг сонирхолын төлөө хийж байгаа асуудалд төсөл хөрөнгө гаргахдаа гар татдаг. Сүүлийн үед бага насны хүүхэдтай холбоотой асуудал үнэхээр газар авч байна. Өнөөдөр хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх, төрөөс баримтлах бодлогыг боловсронгүй болгох зайлшгүй шаардлагатай.
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал дээр 2012 оны судалгаагаар 61.504 ажилгүй иргэд байна хэмээн бүртгүүлсэн. Үүнээс насны ангилалаар 35-45 насны хүмүүс зонхилж, түүний 51 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнээс хүний эрх салбар болгон дээр зөрчигдөж асуудлыг цаашдаа яаж зогсоож, өөрчлөх бэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой хэмээн хэллээ.